Tag: Английн шигшээ баг

Англичууд хариугаа авч, нисдэг голландчууд эргэн ирлээ

Англи 1:0 Хорват

Европын АШТ-ий “D” хэсэгт багтсан Англи, Хорватын тоглолт хөлбөмбөг сонирхогчдын анхааралд байв. Гурван жилийн өмнө ДАШТ-ий мөнгөн медаль хүртэхдээ хагас шигшээд “Гурван арслангууд”-ыг хожсон хорватчуудаас хариугаа авах сайхан боломжийг алдсангүй.

Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарэт Саутгэйт сонирхолтой нэгэн гарааг энэ тоглолтод сонгосон юм. “Лийдс Юнайтед” клубын хагас хамгаалагч Кэлвин Филлипсийг бусдаас илүүд үзэж талбайд гаргасан нь нүдээ олсон шийдвэр байж, талбайн төв хэсэг түүний өргөн чөлөө мэт л гайхалтай гүйцэтгэлийг толилуулав. Мөн Пеп Гвардиолагийн удирдлага дор гараанд гарахаа больсон Рахим Стерлингийг талбайд гаргасанд олон хүн эргэлзсэн ч хоёрдугаар хагасын 57 дахь минутад орсон цор ганц гоолын эзнээр тодорсон юм. 

Рахим Стерлинг

“Гурван арслангууд” тивийнхээ аваргын нээлтийн тоглолтод 10 удаа гарсан ч нэг ч хожил авч чадаагүй цувралдаа цэг тавилаа. Мөн тоглолтын 82 дахь минутад багийн ахлагч Харри Кэйний оронд 17 нас, 349 хоногтой Жул Беллингхэмийг талбайд гаргаснаар хамгийн залуудаа Еврод тоглосон англи тоглогч болжээ.

Дасгалжуулагч Саутгэйт тоглолтын дараа “Би их сэтгэл хангалуун байна. Эхний ялалт үнэхээр чухал. Хэрвээ бид хожигдсон бол маш их дарамт ирэх байлаа. Гэхдээ энэ бол эхний зорилго. Бүгчим халуун өдөр тоглогчид маань сайн тоглож, тоглолтыг хяналтан дороо байлгаж байлаа. Энэ бол том үйл явдал. Тоглогчид бөмбөгийг хурдан шилжүүлж, бид тоглолтын туршид Хорватыг маш цөөхөн боломжоор хязгаарлаж чадлаа” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

https://www.youtube.com/watch?v=kdtNtmALrGY
Тоглолтын тойм

Тоглолтын үеэр нэгэн хөгжөөн дэмжигч үзэгчдийн хэсгээс унасан ба энэ талаар цэнгэлдэхийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Түүнд түргэн тусламжийг шуурхай хүргэсэн. Гэхдээ биеийн байдал нь хүнд байна” гэжээ. ЕХХ /УЕФА/ энэ явдлыг баталгаажуулсан боловч нууцлалын үүднээс нэмэлт тайлбар өгөхөөс татгалзажээ.

Австри 3:1 Умард Македон

Энэ тэмцээний нэгэн сонирхолтой баг бол австричууд. Тэдний бүрэлдэхүүн Германы шигшээгээс ч олон Бундеслигийн тоглогчтой гэдгээрээ анхаарал татаж буй. Тоглолтын нэгдүгээр үе эвийн гэрээгээр өндөрлөсөн бол сүүлийн хагаст Дэвид Алабагын гайхалтай дамжуулалт тоглолтыг эргүүлж Майкл Грегорич болон Марко Арнаутович нар хаалганы торыг мялааснаар гурван оноог эх орондоо авчирлаа. Энэ хожил тус тэмцээний түүхэн дэх Австри улсын анхны ялалт байснаараа онцлог байв.

Умард Македоны цор ганц гоолыг багийн ахлагч Горан Пандев оруулсан юм. Энэ нь македончуудын тэмцээний түүхэнд анхны гоол болон бүртгэгдлээ. Пандев шигшээ багийнхаа төлөө 20 жил зүтгэсэн төдийгүй 120 тоглолтын эцэст хамгийн дурсамжтай гоолоо ийнхүү шигтгэжээ.

https://www.youtube.com/watch?v=17AQyEWK7d0
Тоглолтын тойм

Нидерланд 3:2 Украин

Тиймээ нисдэг голландчууд энэ өдрийг долоон жил хүлээжээ. Тэдний хөгжөөн дэмжигчдээс гадна дэлхий нийт ч улбар шаруудыг харахад таатай байсан биз. 

Тус тоглолт одоогийн байдлаар тэмцээний хамгийн их гоол орсон тоглолт болсон төдийгүй хамгийн сонирхолтой нь байсан гэхэд хилсдэхгүй. Тоглолтын эхнээс л нидерландчууд уулга алдуулсан олон довтолгоог гүйцэтгэж байсан ч хараахан амжилт олж чадсангүй. Гэхдээ хоёрдугаар хагас эхлээд удалгүй Жоржинио Вижнальдум долоон жилийн хүлээлтийг тайтгаруулсан мэт гоолыг оруулсан юм. Удалгүй Ваут Вегхорст тоог холдуулсан ч Андрей Шевченкогоор удирдуулсан украинчууд бууж өгөлгүй тэмцэж, ердөө дөрвөн минутын дотор тоог тэнцүүллээ. Гэхдээ энэ өдрийн гол баатар баруун жигүүрийн хагас хамгаалагч Дензел Дамфрис байлаа. Үндсэн цуг дуусахаас таван минутын өмнө Натан Акегийн хөндлөн дамжуулалтыг гайхалтай төгсгөж багтаа гурван оноо авчирлаа. 

Тоглолтын дараа гайхалтай нэгэн гоол оруулсан Андрий Ярмоленко “Хэцүү тоглолт байлаа. Эхний үед бидэнд хэд хэдэн боломж гарсан ч ашиглаж чадаагүй. Бид хүчтэй өрсөлдөгчийн эсрэг тоглож байгаагаа ойлгосон. 2:0-ээр ялагдаж байсан ч тоог тэнцүүлж дөнгөсөн. Гэхдээ эцсийн мөчид ялагдлаа. Үүнд сэтгэл дундуур байгаа ч бидэнд хоёр тоглолт бий. Өнөөдрийх шигээ хичээх болно. Хэрвээ бид хасагдах шатанд шалгарвал гайхалтай байх болно” гэлээ.

https://www.youtube.com/watch?v=JI0VqFn2xM0
Тоглолтын тойм

Английн шигшээ баг бүрэлдэхүүнээ зарлалаа

2021 оны 6 сарын 11-ээс 7 сарын 11-ний хооронд болох 16 дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх Английн шигшээ баг бүрэлдэхүүнээ зарлалаа.

Дэлхий нийтийг хамарсан аймшигт Коронавирусын улмаас өнгөрсөн жил зохиогдох байсан “Евро 2020” тэмцээн завсарласан бөгөөд хүсэн хүлээсэн тэмцээн эхлэхэд хэдхэн хоногийн хугацаа үлджээ. Цар тахлын хар сүүдэр хөлбөмбөгийг ч дайраад өнгөрсөн бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж зарим нэгэн өөрчлөлтийг оруулсан. Үүний нэг нь шигшээ багууд бүрэлдэхүүндээ 23 тоглогч дууддаг байсныг нэмж 26 болгосон юм.

Ингээд “Гурван арслангууд”-ын бүрэлдэхүүнтэй танилцъя.

БҮРЭЛДЭХҮҮН

Хаалгач: Дин Хэндэрсон (Манчэстэр Юнайтэд), Сэм Жонстон (Вэст Бромвич Албион), Жордан Пикфорд (Эвэртон)

Хамгаалагч: Жон Стоунс (Манчэстэр Сити), Люк Шо (Манчэстэр Юнайтэд), Харри Магуэр (Манчэстэр Юнайтэд), Трэнт Александр-Арнолд (Ливэрпүүл), Кайл Уокэр (Maнчэстэр сити), Тайрон Мингс (Астон Вилла), Рис Жэймс (Челси), Конор Коади (Уолвэрхэмптон), Бэн Чилвэлл (Чэлси), Киран Триппьер (Атлетико Мадрид)

Хагас хамгаалагч: Мэсон Моунт (Чэлси), Дэклан Райс (Вэст Хэм), Жордан Хэндэрсон (Ливэрпүүл), Жюд Бэллинхэм (Боруссиа Дортмунд), Калвин Филлипс (Лийдс Юнайтэд)

Довтлогч: Харри Кэйн (Тоттэнхэм), Маркус Рэшфорд (Манчэстэр Юнайтэд), Рахим Стэрлинг (Манчэстэр сити), Доминик Калвэрт-Льюн (Эвэртон), Фил Фоден (Манчэстэр Сити), Жэк Грилиш (Астон Вилла), Жэдон Санчо (Боруссиа Дортмунд), Букаяо Сака (Арсэнал)

Дасгалжуулагч: Гарет Саутгэйт

Английн шигшээ баг “Евро 2020” тэмцээний “D” хэсгийг толгойлсон бөгөөд Хорват, Шотланд, Чехийн шигшээ багтай нэг хэсэгт орсон. Хэсгийн тоглолтуудын хуваарь,

Англи – Хорват
6 сарын 13-нд (дэлгэрэнгүй хуваарь)

Англи – Шотланд
6 сарын 18-нд (дэлгэрэнгүй хуваарь)

Чех – Англи
6 сарын 22-нд (дэлгэрэнгүй хуваарь) болно.

Онцлох тоглогч: Харри Эдвард Кэйн

Английн шигшээ багийн ахлагч, Тоттэнхэм клубын супер довтлогч Харри Кэйнийг онцолж байна. Евро 2020 тэмцээний дараа 28 нас хүрэх Кэйн энэ удаад шигшээ багтайгаа хамт 3 дахь том тэмцээндээ оролцоно. Тэрээр Гурван арслангуудын төлөө 53 тоглолтод оролцож 34 гоол хийсэн мундаг үзүүлэлттэй.

Премьер лигийн 2020/21 оны улирлын мэргэн бууч болсон Харри Кэйн Тоттэнхэм клубээ орхих болно гэдгээ саяхан мэдэгдсэн нь шуугиан тариад буй. Түүнийг багтаа элсүүлэхийн төлөө Европын бүхий л том багууд хичээж, санал зэхэж буй нь ойлгомжтой.

Шинэ нэр: Жюд Бэллинхэм

Г.Саутгэйтийн дуудсан 26 тоглогч дунд нэгэн содон нэр нь хилийн чанадад тоглодог авьяаслаг хагас хамгаалагч Жюд Бэллинхэм байлаа. Евро 2020 тэмцээний дундуур 18 нас хүрэх тэрээр өнгөрсөн улиралд тодрон гарсан авьяаслаг залуусын нэг юм.

Жюд Бэллинхэм нь 2019 онд Английн хоёрдугаар лиг буюу Чэмпионшип дивизионд өөрийгөө таниулсны дараа залуу авьяастнуудыг нээн хөгжүүлдгээрээ зартай Германы Боруссиа Дортмунд клуб дор нь шүүрээд авсан билээ. Тэрээр өнгөрсөн улиралд “Хар шар”-уудын төлөө 46 тоглолтод оролцоод амжжээ.

Энэ удаагийн “Евро 2020” тэмцээн Лондон, Ром, Мюнхен, Баку, Санкт-Петербург, Будапешт, Севилл, Бухарест, Амстердам, Глазгоу, Копенгаген зэрэг 11 хотод зохиогдоно гэдгээрээ онцлог болж байна. Английн шигшээ багийн хувьд хэсгийн 3 тоглолтоо гэртээ буюу Лондоны алдарт Уэмбли цэнгэлдэх хүрээлэндээ хийх нь давуу тал авчрах биз.

Тивийн аварга шалгаруулах тэмцээндээ 10 дахь удаагаа оролцох гэж буй Английн шигшээ баг Еврод түрүүлэх боломжтой багуудын тоонд зүй ёсоор орно. Гэвч тэдний хувьд Еврод түрүүлж үзээгүй бөгөөд өмнөх тэмцээнд шөвгийн 16-аас мултарч байлаа. Харин үүнээс хоёр жилийн дараа ОХУ-д болсон ДАШТ-ний хагас шигшээд хүрч чадсан нь “залуу арслангууд”-д найдвар бий гэдгийг харуулсан.

Таамагласан гараа:

Английн шигшээ багийн гарааны бүрэлдэхүүн таамаг.
Зургийг: BBC Sports

Евро 2020: 26 залуу эх орноо төлөөлнө

ЕХХ-ны Шигшээ багуудын хороо өнгөрөгч Даваа гарагт хуралдлаа. Уг уулзалтаар Ковид-19 цар тахалтай холбогдуулан шигшээ багууд ирэх Евро 2020 тэмцээнд 26 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохоор болсон байна.

Өмнө нь шигшээд 23 тоглогч дуудагддаг байсан бол энэ удаад 26 залуу буурал тивийн аваргын төлөө эх орноо төлөөлөхөөр болжээ. Энэхүү шийдвэр нь ирэх улирлын өмнө тоглогчдод ирэх ачааллыг бууруулах мөн коронавирус тархсан тохиолдолд дасгалжуулагч нарт илүү өргөн бүрэлдэхүүнтэй байх боломжийг олгож буй явдал юм.

Өнгөрөгч шигшээ багийн цугларалтын үеэр Бельгийн дасгалжуулагч Роберто Мартинес “Бүрэлдэхүүнд багтах тоглогчдын тоо нэмэгдэх нь сайн зүйл. Энэ нь дэлхийн хөлбөмбөгийн өнөөгийн нөхцөл байдалд гарсан өөрчлөлтүүд, таван сэлгээ хийх эрхтэй болсон, цар тахлын тодорхойгүй байдал, тоглогчдын ачааллаас үүдсэн бэртэл гэмтэлтэй холбоотой учир зайлшгүй шаардлагатай” хэмээн мэдэгдсэн. Мөн Италийн шигшээгийн дасгалжуулагч Роберто Манчинез үүнийг дэмжиж байгаа илэрхийлээд байсан ба ийнхүү тэдний хүсэл биелэлээ олжээ.

Тэгвэл уг шийдвэр хамгийн сайнаар нөлөөлөх багийг “Атлетик” сайтын зүгээс Английн шигшээг гэж үзэж байна. Учир нь тэдний сүүлд дуудагдсан бүрэлдэхүүнд олон авьяаслаг залуу тоглогч багтаагүй билээ. Энэ дунд Александр Арнолд, Жеймс Маддисон, Жек Грилиш, Харри Уинкс зэрэг клубдээ чухал үүрэг гүйцэтгэдэг залуус байсан юм.

Английн шигшээгийн тоглогч хар тамхи хэрэглэсэн үү

Английн хөлбөмбөгийн холбоо хэвлэлд гарсан мэдээллийн дагуу тамирчдаас мэдүүлэг авна.


Өнгөрсөн баасан гаригийн “Sun” сонины тэргүүн нүүрэнд гарсан мэдээллийг Английн хөлбөмбөгийн холбоо шалгана гэдгээ мэдэгдэв. Уг сонинд бичсэнээр бол Зул сарын баяраа тэмдэглэж байсан нэгэн клубийн тоглогч шөнийн клубийн бие засах өрөөнд кокаин хэрэглэж байгаад дасгалжуулагчдаа баригдаж, гэртээ харьсан аж.

Гэхдээ уг сонин Английн шигшээгийн тоглогч хэмээн онцолсон болохоос нэрийг нь зарлаагүй. Тиймээс тус улсын хөлбөмбөгийн холбоо болсон үйл явдлын мөрөөр тамирчид болон гэрч нараас мэдүүлэг авахаар төлөвлөсөн гэнэ.

WADA буюу Олон улсын допингийн эсрэг агентлагаас гаргасан хар жагсаалтад тэмцээнээс бусад үед кокаин хэрэглэсэн бол эрх хасах заалт байхгүй. Гэхдээ хөлбөмбөгийн холбооны дотоод журмаар хориглодог аж.

Сонинд бичсэнээр бол одоогоор нэр нь нууцлагдсан тоглогч өмнөх өдөр нь допингийн шинжилгээ өгсөн бололтой.

Английн Премьер лигт допингийн шинжилгээг хэрхэн авдаг вэ?


  • Премьер лигийн тоглогчид шаардлагатай бол хэдийд ч допингийн шинжилгээ өгнө.
  • Холбооны дүрэмд зааснаар бол допингийн шинжилгээг бэлтгэл дээр авдаггүй. Гэрт нь очиж авахаар бол тухайн тоглогчид нэг цагийн өмнө урьдчилж мэдэгдэх ёстой аж.
  • Клубийн зүгээс бэлтгэлтэй өдрөө заавал холбоонд мэдэгдэж байх ёстой.
  • Английн хөлбөмбөгийн холбоо энэ улирал дуусах үеэр багадаа 4500 гаруй допингийн шинжилгээ авахаар төлөвлөсөн.
  • Гэхдээ Премьер лигт тоглож байсан нэгэн довтлогч улиралд ердөө нэг удаа допингийн шинжилгээ өгч байсан талаар ярьсан нь олон нийтийг шуугиулсан юм.
  • Кокаин буюу мансууруулах бодис хүний цусанд хоёр өдөр, харин шээсэнд дөрвөн өдөр хадгалагддаг.
  • Гэхдээ үсний шинжилгээгээр сүүлийн 90 өдөрт хар тамхи хэрэглэсэн эсэхийг нь илрүүлдэг.

Хөлбөмбөг: Уэйн Руни шигшээдээ сүүлийн тоглолтоо хийнэ

Английн шигшээ багийн довтлогч Уэйн Руни ирэх сард АНУ-ын эсрэг хийх тоглолтод оролцож, шигшээдээ сүүлийн тоглолтоо хийхээр боллоо.

Өдгөө 33 настай У.Руни 2016 оны арваннэгдүгээр сард Шотландын эсрэг тоглолтоос хойш шигшээдээ дахин дуудагдаагүй. Өдгөө “ДС Юнайтед” багт зүтгэж буй англи довтлогч энэ сарын 15-нд АНУ-ын эсрэг хийх нөхөрсөг тоглолтод оролцохоор боллоо. Ингэснээр У.Руни Английн шигшээгийн төлөөх 120 дахь тоглолтод оролцох юм.

Гэхдээ энэ тоглолтоос олох орлогыг сайн үйлсэд зориулах гэнэ.

Нөхөрсөг тоглолт алдарт “Уэймбл” цэнгэлдэхэд болно. Энэ үеэр тус цэнгэлдэхийн нуман багана У.Рунид зориулж, алтлаг өнгөтэй байх бололтой.

Нөхөрсөг тоглолт Улаанбаатарын цагаар энэ сарын 16-нд 4:00 цагт эхэлнэ.

Английн шигшээ багт хамгийн олон тоглолт хийсэн:

  1. Петер Шилтон (хаалгач) – 125
  2. Уэйн Руни (довтлогч) – 119*
  3. Дэвид Бекхэм (хагас хамгаалагч) – 115
  4. Стивен Жерард (хагас хамгаалагч) – 114
  5. Бобби Мур (хамгаалагч) – 108

Тайлбар: Английн шигшээд 100-гаас олон тоглолт хийсэн 9 тоглогч бий.

Английн шигшээ багт хамгийн олон гоол оруулсан:

  1. Уэйн Руни (довтлогч) – 53
  2. Бобби Чарлтон (довтлоч) – 49
  3. Гари Линекер (довтлогч) – 48
  4. Жимми Гривес (довтлогч) – 44
  5. Майкл Оуэн (довтлогч) – 40

Баяртай, Жон Терри!

Английн “Челси” клубийн хамгаалагч асан Жон Терри хөлбөмбөгийн замналаа өндөрлөхөөр шийдэв. 1998 оны аравдугаар сард залуухан хүү Жон Терри “Челси”-гийн өмсгөлтэй анх удаа талбайд гарч байв. Түүнээс хойш 20 жил өнгөрч, албан ёсны сүүлийн тоглолтод оролцсоноос хойш таван сарын дараа өдгөө 37 настай Жон Терри хөлбөмбөгөө орхих цаг болсныг зарлав.

Ж.Терри Английн хоёрдугаар дивизионы баг болох “Астон Вилья” дахь гэрээ нь дууссанаас хойш дахин өөр багтай гэрээ хийгээгүй юм.

Тэр бол Английн шигшээд 78 тоглолт хийж, 2017 онд “Челси”-г орхих хүртлээ энэ багтаа үнэнчээр зүтгэсэн ахлагч.

20 жил “Челси”-д данстай явахдаа Английн Премьер лигийн аваргаар таван удаа, холбооны цомд тав, лигийн цомыг таван удаа хүртэж, Аваргуудын лиг, Европа лигт хүртэл түрүүлээд үзчихсэн. “Челси”-д 700 гаруй тоглолтод оролцсон түүхтэй.

“Челси” клубийн албан ёсны цахим хуудас Ж.Террид хүндэтгэл үзүүлэв

Ж.Террид баг олдоогүйдээ их спортоо орхиогүй. “Астон Вилья” дахь гэрээ нь дуусаад ОХУ-ын “Спартак Москва” баг түүнд санал тавьсан ч гэр бүлийнхээ хүнтэйгээ ярилцаад татгалзахаар шийдсэн юм.

Ж.Терри 17 настайдаа буюу 1998 оны аравдугаар сард Лигийн цомын тэмцээний үеэр “Астон Вилья”-гийн эсрэг талбайд гарсан. Клубийнхээ төлөө анхны гоолоо 2000 онд Холбооны цомын тоглолтод “Гильингхэм”-ийн эсрэг оруулж байв.

2009-10 оны улиралд Английн Премьер лигийн аварга, Холбооны цомын аварга болж, багийнхаа төлөө 50-аас дээш тоглолтод оролцсон “Челси” клубийн түүхэнд ийм амжилт үзүүлсэн долоо дахь тоглогч болсон билээ.

Ж.Терригийн онцгой амжилтууд

  • 40 – Английн Премьер лигийн түүхэнд тэр хамгийн олон гоол оруулсан хамгаалагч юм.
  • 307 – Райан Гигз (407), Фрэнк Лампард (349), Пол Скоулз (321) нар л Премьер лигт Ж.Терригээс илүү олон ялалт байгуулж байв.
  • 109 – Түүний Аваргуудын лигт тоглосон тоо. Англи тоглогчдоос П.Скоулз л түүнээс их буюу 124 тоглолтод оролцсон юм.
  • 38 – “Челси” клуб 2014-15 оны улиралд лигийн аварга болоход Ж.Терри бүх 38 тоглолтод оролцож байлаа. Түүний тоглосон бүх тоглолтод баг нь 26 ялалт байгуулж, ердөө гуравхан удаа дийлджээ.
  • 6 – Замналынхаа турш Премьер лигт зургаан удаа улаан хуудас авч хөөгдсөн. Аваргуудын лигийн нэг тоглолтыг улаан жавтий хүртэж, орхисон удаатай.
  • 69 – Шар хуудасны тоо. 2011-12 оны улиралд найман шар хуудас авсан билээ.
  • 1 – Хамгаалагч хүн оны шилдэг тоглогч болно гэдэг амаргүй. Боломжгүй зүйл гэж үгүй гэдгийг хамгаалагч эр харуулж, оны шилдгээр тодорсон юм.
  • 3 – Европын хөлбөмбөгийн холбооноос оны шилдэг хамгаалагчаар гурван удаа түүнийг нэрлэсэн.

Гарет Саутгэйт гэрээгээ шинэчлэв + Английн шигшээ багийн бүрэлдэхүүн

Английн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Мартин Гленн шигшээ багийн талаар шинэ мэдээлэл хүргэлээ. “Гурван арслангууд” 48 настай шигшээ багийн ахлах дасгалжуулагч Гарет Саутгэйттэй 2020 он хүртэл байгуулсан гэрээгээ шинэчилж, 2022 оны ДАШТ хүртэл хамтарч ажиллахаар болов. Түүнчлэн туслах дасгалжуулагч Стив Холланд ч үүрэгт ажлаа дөрвөн жил үргэлжлүүлэхээр тохиролцжээ.

Г.Саутгэйт гэрээгээ шинэчилсэн талаар хэвлэлийн бага хуралд “Эх орныхоо төлөө зүтгэж, хоёр ч том тэмцээнд оролцох болсондоо баяртай байна. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг юм” гэж ярьжээ.

Английн шигшээгийн дасгалжуулагч Гарет Саутгэйт

Харин Мартин Гленн “Дасгалжуулагчийг бидэнтэй хамт удаан хугацаанд хамтрах болсонд баяртай байна. Түүний өнгөрсөн ДАШТ-д үзүүлсэн амжилт Английн шигшээ багт итгэл, найдвар авчирсан. Энэ амжилтаа дахин үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж ярьсан юм.

Түүнчлэн Английн шигшээ багт дуудагдах 25 тоглогчийн нэрийг энэ үеэр зарлав. Шигшээ баг энэ сарын 12-15-нд Хорват болон Испанийн багтай өрсөлдөх аж.

Английн шигшээ багийн бүрэлдэхүүн


Хаалгач:

Маркус Беттинели (Фүлхэм), Жак Батланд (Сток Сити), Алекс МкКарти (Саутхэмптон), Жордан Пикфорд (Эвертон)

Хамгаалагч:

Трент Александер-Арнолд (Ливерпуль), Жое Гомез (Ливерпуль), Харри Магуир (Лестер Сити), Дэнни Рөүс (Тоттенхэм), Люк Шав (Манчестер Юнайтед), Жон Стонс (Манчестер Сити), Жэймс Тарковски (Барнли), Киеран Триппье (Тоттенхэм), Кайл Уолкер (Манчестер Юнайтед)

Хагас хамгаалагч:

Росс Барклэй (Челси), Натаниэл Чалоба (Уатфорд), Эрик Даер (Тоттенхэм), Жордан Хендерсон (Ливерпуль), Масон Маунт (Дерби Коунти), Харри Уинкс (Тоттенхэм)

Довтлогч:

Харри Кэйн (Тоттенхэм), Жэймс Мэддисон (Лестер Сити), Маркус Рашфорд (Манчестер Юнайтед), Жэйдон Санчо (Борусси Дортмунд), Рахем Стерлинг (Манчестер Сити), Дэнни Уэлбек (Арсенал)