Хөлбөмбөг: Грегг Берхалтер албан ёсоор АНУ-ын шигшээ багийг удирдах боллоо

АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг 2017 оны аравдугаар сарын 13-нд дасгалжуулагч Брюс Аренаг ажлаас нь чөлөөлснөөс хойш ахлах дасгалжуулагчийн албанд хүн томилоогүй удсан. Энэ хугацаанд түр дасгалжуулагч томилж, өдийг хүртэл явсан юм.

Тэгвэл өнөөдөр албан ёсоор шинэ дасгалжуулагчаа зарлав. MLS-ийн “Коламбус Крюв” багийг зургаан жил удирдсан туршлагатай, 45 настай Грегг Берхалтерийг албан ёсоор шинэ дасгалжуулагчаар томиллоо.

Г.Берхалтер залуудаа төвийн хамгаалагчаар тоглодог байсан юм. Тэрбээр 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-д АНУ-ын баг шуугиан тарьж, шөвгийн наймд өрсөлдөх үеэр багийн нэг гишүүн байсан билээ. Ийнхүү Г.Берхалтер АНУ-ын шигшээ багийн түүхэнд өмнө нь ДАШТ-д тоглогчоор оролцоод дараа нь дасгалжуулагчаар ирсэн анхны мэргэжилтэн болов.  Тэрбээр 2006 оны ДАШТ-ий бүрэлдэхүүнд багтсан ч талбайд тоглох боломж бүрдээгүй юм.

Г.Берхалтер буурал тивд дасгалжуулагчийн замналаа эхэлсэн анхны америк хүн. Тэрбээр 2011 онд Шведийн “Хаммарбю” багийг удирдсан аж.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *