Tag: Алдрын танхим

Алдрын танхим: ТИЕРРИ АНРИ

Английн премьер лигийн Алдрын танхимд нэрээ мөнхөлж буй анхны хоёр тоглогчийн нэг нь Аугаа Арсеналын домогт довтлогч Тиерри Даниел Анри байх жамтай байжээ. Арсэн Вэнгэр түүнийг 1999 онд Ювэнтусаас авчирснаас хойш нийт 258 тоглолтод 175 гоол, 74 ассисттай Арсеналын замналаа өндөрлөсөн байдаг. Энэ хугацаанд хоёр удаа АПЛ-ийн түрүүг авахдаа дөрвөн удаа лигийн мэргэн буучаар тодорсон. Арсеналын бүх цаг үеийн мэргэн буучдын эгнээг тэргүүлдэг тэрбээр өөрөө ийнхүү ярьж байна.

Хөлбөмбөгийг өөрчилье гэж бодож байсан минь үнэн юм. Цом өргөх нэг хэрэг, гоолын тоогоор тэргүүлэх ч бас нэг хэрэг, харин чи өөрийн тоглодог байрлалаа өргөж чадсан уу гэдэг бол бүр өөр хэрэг шүү. Ноён Дэвид Дэйн надад Иан Райтын бичлэгтэй диск өгөөд “Тиерри, чи ийм юм л хийх ёстой” гэж хэлж байсныг санаж байна. Хөөх, оролдоод үзье ээ л гэсэн.

Алан Шийрэртэй зэрэгцээд ингээд Премьер лигийн Алдрын танхимд нэрээ мөнхлүүлнэ гэдэг бол ёстой онцгойгоос онцгой юм. Бага байхдаа зүгээр л хөлбөмбөгийн гуталтай болохыг л бодож явдаг байсан бол одоо ингээд Алдрын танхим яриад байж байх юм гэж хэн бодох билээ. Замналынхаа турш би зорилгын төлөө хамаг хүчээ дайчлан зүтгэсээр ирсэн, яагаад гэвэл фэнүүд үүнийг л харахыг хүсдэг. Анх тоглож эхэлж байхад минь чи алдрын танхимд нэрээ мөнхлүүлнэ гэсэн бол би итгэх ч үгүй байсан. Энэ бол жинхэнэ нэр төрийн хэрэг.

Өмнө нь Арсеналын мэргэн буучдыг тэргүүлж асан Иан Райт: Жигүүрээс төв рүү гоолоор бөмбөгдөөд л ороод ирсэн. Зүүн хөл, баруун хөл, хурд. Сүрдмээр гамшигт үзэгдэл чамайг чиглээд ирнэ л гэсэн үг.

Ливерпүүлийн төвийн хамгаалагч асан Жэми Каррагер Арсеналын 2003/04 улирлын босоо аварга “Ялагдашгүй” бүрэлдэхүүний эсрэг тулж байсан тухайгаа ийнхүү дурсав: Тиерри Анри, “Ялагдашгүй” багийн эсрэг тулна гэдэг миний бодлоор хөлбөмбөг дэх хамгийн хэцүү ажил болно. Мотоциклтой давхиад байгаа юм шиг л санагддаг байсан. Өөдөөс нь тоглоно гэж ёстой хар дарсан зүүд.

Ливерпүүл, Тоттенам клубын хагас хамгаалагч асан Жэми Рэднапп: Зарим нэг тоглогчдын эсрэг талбайд гарах гээд хонгилд зогсож байхдаа л “Өнөөдөр ч балрах нь дээ” гэж бодогддог. Үнэнийг хэлэхэд би түүнээс бүр балмагддаг байсан шүү.

Зургийн эх сурвалж: hierry-henry-first-inductees-premier-league-hall-fame

Мэдээлэл бэлдсэн: Д.Цогчулуун