Өнгөрсөн долоо хоногт Английн “Фүлхэм” клуб “Миллуолл”-ыг 3:1-ээр буулган авахад сэлгээнээс талбайд орж ирсэн Харвэй Эллиот олны анхаарлыг татсан юм. Учир нь энэ хүү 15 нас, 174 хоногтойдоо насанд хүрэгчдийн багт гараагаа эхэлж, тус клубийн түүхэнд шинэ рекорд тогтоосон юм. Ингээд Премьер лигийн 20 багийн түүхэнд хамгийн залуудаа насанд хүрэгчдийн багт тоглож байсан 20 тоглогчийг танилцуулья.
1. AFC Борнмут – Жайден Стоклей
Довтлогч Жайден Стоклейг 2009 оны аравдугаар сарын 2-нд “Честерфилд”-ийн эсрэг “Борнмут” талбайд гаргаж байв. Энэ үед дөнгөж 16 настай байсан Ж.Стоклей багийнхаа найдаж байсан ирээдүйн од болж чадаагүй. Өдгөө 25 настай англи довтлогч хоёрдугаар дивизионы “Эксетер Сити” клубт зүтгэж буй.
2. Арсенал – Цеск Фабрегас
Ц.Фабрегас 2003 оны аравдугаар сард 16 нас, 177 хоногтой байхдаа Лигийн цомын гуравдугаар тойрогт “Ротерам Юнайтед” клубийн эсрэг анхны тоглолтоо хийсэн түүхтэй. Хэдийгээр Английн клубт богино хугацааг өнгөрүүлсэн ч дэмжигчдийн хайртай тоглогч болсон Ц.Фабрегас Испанийн “Барселона” клуб руу явсан. Харин одоо “Челси”-д зүтгэдэг.
3. Брайтон & Хоув Албион – Жэйк Форстер Каскей
2010 оны тавдугаар сард 16 нас, 13 хоногтой Форстер-Каскей хэмээх хүү “Брайтон” клубт анхны тоглолтоо хийсэн. Өдгөө 24 настай идэр залуу болсон хөлбөмбөгчин түүнээс хойш дөрвөн удаа өөр баг руу зээлээр явж, эцэст нь өнөгрсөн оноос “Чарлтон Атлетик” клубийн дундын шугамд тоглох болжээ.
4. Барнли – Камерон Ховесон
Довтлох чиглэлийн хагас хамгаалагч К.Ховесон 2012 оны дөрөвдүгээр сард 17 нас, гурван сар, 12 хоногтойдоо “Бирмингэм”-ийн эсрэг талбайд гарсан билээ. Шинэ Зеландын иргэншилтэй хөлбөмбөгчин эр өдгөө нутгийнхаа лигт данстай юм.
Кардифф Сити – Аарон Рамсэй
Уэйлс хүү Аарон Рамсэй нутгийнхаа “Кардифф Сити”-д 2007 оны дөрөвдүгээр сард 16 нас, 123 хоногтой байхдаа талбайд гарсан удаатай. Үүнээс хойш нэг жилийн дараа “Арсенал”-д очсон А.Рамсэй өдгөө хуучин клубтээ зээлээр тоглож байна.
6. Челси – Майкл Вудс
2007 оны нэгдүгээр сард Холбооны цомын тоглолтод “Челси”-гээс 16 нас, 9 сартай Майкл Вудс талбайд гарсан билээ. Өдгөө 28 настай энэ тоглогч “Хартлфүүл Юнайтед” багт данстай.
7. Кристал Палас – Жон Босток
Дөнгөж 15 нас, 287 хоногтой “бацаан” 2007 оны аравдугаар сард “Уатфорд”-ын эсрэг талбайд гарсан юм. Дараа жил нь энэ хүүг “Тоттенхэм” худалдаж авсан билээ. Одоо 26 настай Жон Английн лигт дорвитой амжилт үзүүлээгүй ч Бельги болон Францын лигт гялалзаж чадсан.
8. Эвертон – Жозе Бакстер
2008 оны наймдугаар сард “Эвертон” клуб 16 нас 191 хоногтой Ж.Бакстерт итгэл хүлээлгэв. Харамсалтай нь, удаан хугацаанд хөгжөөгүй энэ залууг 2012 онд “Олдхэм Атлетик” клуб руу зарсан юм. Одоо 26 настай Ж.Бакстер “Олдхэм Атлетик” клубийн салшгүй нэгэн хэсэг болсон.
9. Фүлхэм – Харвэй Эллиотт
“Фүлхэм” клуб Карабао цомын тэмцээнд учраа таарсан “Миллуолл”-ыг 3:1-ээр хожсон тоглолтын 81 дэх минутад 15 нас, 174 хоногтой Харвэй Эллиотыг талбайд гаргалаа.
10. Хаддерсфилд Тоун – Петер Харт
1974 оны гуравдугаар сард “Хаддерсфилд” клуб 16 нас, 229 хоногтой Петер Хартыг талбайд гаргаж, хамгийн залуу тоглогчоор бүртгүүлсэн түүхтэй. Хамгаалагч эр зургаан жил энэ багтаа зүтгээд “Уолсолл” клубт 10 жил тоглож, тэтгэвэртээ гарсан аж.
11. Лестер Сити – Эшли Чамбэрс
“Лестер Сити”-гийн хамгийн залуу тоглогч нь 15 нас, 203 хоногтой талбайд гарсан довтлогч Э.Чамбэрс. Тэрбээр 2005 оны есдүгээр сард анхны тоглолтоо хийж байв. Үүнээс хойш зургаан жил энэ багт данстай байхдаа гурван удаа зээлээр явж, 2011 оноос “Ёорк Сити”-д очсон аж.
Өдгөө 28 настай англи эр “Киддерминстер Харриерс” хэмээх жижигхэн багт данстай.
12. Ливерпуль – Жэром Синклайр
Ж.Синклайр 2012 оны есдүгээр сард 16 нас, зургаан хоногтойдоо “Ливерпуль”-ийн өмсгөлтэй талбайд гарсан юм. Түүнийг тэр даруйд хэвлэлээр Английн шинэ од хэмээн нэрлэсэн ч Улаануудын бүрэлдэхүүнд хоёр тоглолтод оролцоод дахин талбайд гараагүй. Дөрвөн жилийн хугацаанд ердөө гурван тоглолтод оролцсон залууг 2016 онд “Уатфорд” руу явуулж, өдгөө “Сандерланд” клубт зээлээр тоглож байна.
13. Манчестер Сити – Карим Рекик
Хамгаалагч Карим Рекик 16 нас, 9 сартай 2011 онд “Манчестер Сити”-гийн төлөө анхны тоглолтоо хийж, рекорд тогтоосон. Нидерланд залуу Английн лигт бүтэлгүйтээд Францын “Марсель” руу явжээ. Тэнд хоёр жил тоглосон 23 настай хамгаалагч өдгөө “Херта Берлин”-д данстай юм.
14. Манчестер Юнайтед – Анхель Гомес
Довтлох чиглэлийн хагас хамгаалагч Анхель Гомес 2017 оны тавдугаар сард 16 нас 8 сартай талбайд гарч, Улаан чөтгөрүүдийн бүрэлдэхүүнд талбайд гарсан хамгийн залуу тоглогч болсон. Тэр одоо ч “Манчестер Юнайтед” клубт данстай ч дахин талбайд гараагүй байна.
15. Ньюкастл Юнайтед – Харис Вукич
Довтлогч Харис Вукич 2009 онд 17 нас, тав хоногтой талбайд гарч, клубийнхээ хамгийн залуудаа талбайд гарсан тоглогч болов. Х.Вукич 2017 он хүртэл багтаа зүтгэсэн ч өнгөрсөн жилээс Нидерландын “ФС Твент” клубт зүтгэх болжээ.
16. Саутхэмптон – Люк Шав
Өдгөө “Манчестер Юнайтед” багт зүтгэж буй Л.Шав 2012 оны арваннэгдүгээр сард 17 нас, 116 хоногтойдоо “Саутхэмптон”-ы төлөө талбайд гарч, мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа эхэлсэн юм. Тэрбээр 2014 оноос “Манчестер Юнайтед” клубт зүтгэж буй.
17. Тоттенхэм – Жон Босток
Энэ жагсаалтад хоёр удаа багтсан цор ганц тоглогч бол Жон Босток. 2008 онд Хойд Лондоны “Тоттенхэм” клубт очсон Жон 16 нас, 9 сартай талбайд гарч, “Тоттенхэм” клубт мөн хамгийн залуудаа тоглосон билээ.
18. Уатфорд – Киерон Форбес
Төвийн хагас хамгаалагч К.Форбес 2007 онд 16 нас, 11 сартайдаа анхны тоглолтод оролцож байлаа. Гэхдээ “Уатфорд” дахь түүний замнал удаан үргэлжлээгүй юм. Дараа жил нь өөр багт очиж, өдгөө “Фарнборо” клубт данстай аж.
19. Уэйст Хэм Юнайтед – Рийс Оксфорд
Рийс Оксфорд 2015 оны долдугаар сард 16 нас 6 сартай талбайд гарч байв.
20. Волверхамптон – Жимми Муллен
Жимми Муллен бол тус клубийн бахархал болсон домогт тоглогч. Тэрбээр 1939 оны хоёрдугаар сард 16 нас, 43 хоногтойдоо талбайд гарч, үүнээс хойш 23 жил нэг клубтээ үнэнч зүтгэсэн нэгэн. Ж.Муллен Английн шигшээд 1947-1954 оны хооронд 12 удаа тоглож, зургаан гоол оруулж байжээ.