Tag: Монгол Улсын шигшээ баг

Үндэсний шигшээ баг ирэх тоглолтуудад бэлэн

“Катар – 2022” ДАШТ болон 2023 онд зохиогдох ААШТ-ий урьдчилсан шатны хүрээнд Монгол улсын хөл бөмбөгийн Үндэсний шигшээ баг Тажикстан болон Японы шигшээ багтай тоглох хуваарьтай учир, богино хугацаанд, чанартай бэлтгэл хийхээр 2 сарын 28-нд Турк улсыг зорьсон. Манай шигшээ баг ийнхүү 3 долоо хоногийн турш Турк улсын Анталъя хотноо бэлтгэлд гарч, өнөөдөр сүүлийн бэлтгэлээ хийлээ. Энэ хугацаанд шигшээ баг Украйн, Турк болон ОХУ-ын багуудтай нийт 5 удаагийн нөхөрсөг тоглолтод орсон. Энэ нь ч 2 жилийн турш ОУ-ын тоглолтод оролцоогүй, өнгөрсөн оны 10 сараас хойш албан ёсны тоглолт хийгээгүй манай багийн хувьд тун чухал байлаа.

https://youtu.be/jEGaKHXgYgE

Растилав Бозик хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Турк улсаас мэндчилж байна.

Бид дөнгөж сая байрласан бэлтгэлээ дуусгалаа. Харин маргааш өглөө гэхэд бид Душанбе уруу явна. Тоглогчдын хувьд ерөнхийдөө бэлэн болсон. Монголын Хөл Бөмбөгийн Холбооны ачаар бид Турк улсад нөхцөл байдал сайтай, өндөр зэргийн 3 долоо хоногийн бэлтгэл хийлээ. Удаан хугацаанд тоглоогүй учраас энд удаан бэлтгэл хиймээр байлаа. Гэхдээ бид тоглолтдоо бэлэн болсон. Тиймээс шигшээ багаа дэмжээрэй. Тажикстаны Душанбе болон Японы Чиба хотод болох тоглолтуудыг үзээрэй.

Үндэсний шигшээ баг 3 сарын 25-ны өдөр Тажикстан улсын нийслэл Душанбе хотноо Тажикстаны шигшээ багтай тоглох бол 3 сарын 30-ны өдөр Японы шигшээ багтай тоглолтоо хийж 4 сарын 1-нд эх нутагтаа газардана.

Н.Цэдэнбал хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч
Үндэсний шигшээ багтай холбоотой бүхий л мэдээ мэдээллийг бид та бүхэнд цаг алдалгүй хүргэх болно. Мөн үзэгч та бүхэн цахимаар Монголын Хөл Бөмбөгийн Холбооны албан ёсны хуудсаас мэдээллүүдийг авах боломжтой. ХОЖЛЫН ТӨЛӨӨ БАГАА ДЭМЖЬЕ.

Монголын шигшээ баг гурав дараалан ялагдлаа

Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд анх удаа шалгарсан манай хөлбөмбөгчид чансаа илүү багуудтай эн тэнцүү тоглосон ч хожил авч чадсангүй.

Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Хонконгийн эсрэг хийсэн ч 5:1-ээр дийлдлээ. Хэдийгээр нэр нь Хонконгийн шигшээ боловч бүх тивээс ирсэн тоглогчидтой хүчтэй бүрэлдэхүүнтэй байв. Тодруулбал, өнөөдөрийн тоглолтын гараанд гэхэд Бразил, Испани, Нигери, Англиас ирсэн тоглогчид багтсан юм.

Легионер тоглогчид нь ч ирсэн хэргээ бүтээж, 24 дэх минутад бразил гаралтай довтлогч Сандро эхний гоолыг оруулж, багтаа тэргүүллийг авчирсан юм. Энэ гоолоос 12 минутын дараа Английн Бирмингем хотод төрсөн Жэймис МакКее хоёр дахь гоолыг оруулснаар хонконгчууд эхний хагаст 2:0-ээр тэргүүлэв.

Хонконгийн шигшээ багийн гарааны XI

Харин хоёрдугаар хагас эхлээд удалгүй Монголын шигшээ багийн хамгаалагч Артагийн Нармандах мөргөж гоол оруулснаар тооны харьцааг ойртуулсан ч эхний гоолын эзэн Сандро 57 дахь, нигери гаралтай хамгаалагч Фестус Байсе 83 дахь, мөн нигерид төрсөн довтлогч Алекс Аканде 87 дахь минутад тус бүр гоол оруулж, багаа хожилд хүргэлээ.

Хонконгийн шигшээ багийн гарааны 11 тоглогчийн 6 нь гадаадын легионерууд. Ингээд зогсохгүй камерун гаралтай довтлогч Пол Нгуег сэлгээнд суулгасан юм.

Мөн бүрэлдэхүүнд нь испани хамгаалагч Дани Канкела, англи төвийн хамгаалагч Энди Рассел нар байсан аж.

Ийнхүү Монголын шигшээ баг гурван тоглолтод бүгдэд нь гоол оруулсан ч нийт 11 бөмбөг хаалгандаа алдаж, хэсэгтээ хамгийн сүүлийн байрт бичигдлээ.

 

Монгол 1:4 Хойд солонгос

Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны тоглолт өнөөдөр эхэллээ. Өнгөрсөн есдүгээр сард эхний шатыг эх орондоо зохион байгуулж, Макао, Умард Марианы арлуудын багийг хожиж, Гуамтай тэнцсэнээр хэсгээсээ шалгарсан манай хөлбөмбөгчид энэ сарын 11-16-ны хооронд Тайваньд болох хоёрдугаар шатанд анх удаа оролцов. Энд зохион байгуулагч Тайвань, Хойд Солонгос болон Хонконгийн багуудаас хамгийн өндөр оноотой нэг нь хэсгээсээ шалгарч, Зүүн Азийн АШТ-ий сүүлийн шатанд буюу БНСУ, БНХАУ, Японы багтай өрсөлдөх юм.

Шигшээгийн гарааны XI тоглогч

Монголын шигшээ баг эхний тоглолтоо хүчирхэг Хойд Солонгосын багтай хийлээ. Харамсалтай нь, эхний хагаст 2:0, сүүлийн хагаст 2:1 буюу 4:1-ээр ялагдсан. Манай талаас эхний бөгөөд эцсийн гоолыг сэлгээнээс талбайд гарсан, “Атлетик 220” багийн довтлогч Н.Наранболд 74 дахь минутад оруулсан юм. Түүний гоолын дамжуулалтыг өмнөх шатны үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон Н.Цэдэнбал гүйцэтгэжээ.

Сонирхуулахад, энэ хэсэгт гуравдугаар байранд орсон баг дараа жил эхний шатнаас бус хоёрдугаар шатнаас шууд оролцох эрхтэй болно. Харин сүүлийн байр эзэлсэн баг эхний шатнаас бүхнийг эхлүүлэх юм.


Монголын шигшээ багийн хуваарь:

  • X/13 – Тайвань – Монгол – 19:10 цаг
  • X/16 – Хонконг – Монгол – 15:10 цаг