(Испани) Барселона 4:0 ПСВ (Нидерланд)
- Гоол: Лионель Месси (32, 77, 87), Осман Дэмбэлэ (75)
Аваргуудын лигийн эхний гоолыг аргентин довтлогч Лионель Месси нэр дээрээ бичүүлэв. “Камп Ноу” цэнгэлдэхэд эхний хагаст 1:0-ээр өндөрлөсөн тоглолт хоёрдугаар үед тооны зөрүү улам холдсон үзүүлэлтээр дууссан юм. Л.Месси Аваргуудын лигт найм дахь хэт трикээ гүйцэтгэж, К.Роналдугаас нэгээр илүү гарав. Түүнчлэн хэсгийн тоглолтод 63 гоол оруулсан үзүүлэлтээр гол өрсөлдөгчөөсөө гурваар илүү гарсан юм. Гэхдээ 103 гоол оруулсан нь одоогоор португал эрээс 17-гоор дутуу үзүүлэлт.
Л.Мессигийн “шоу тайм” болсон ч Барса тоглолтыг хүн дутуу төгсгөсөн. Франц хамгаалагч Самуэль Үмтити хоёр шар хуудас дараалан авснаар 79 дэх минутад талбайг чөлөөлсөн юм. Гэхдээ энэ үед хэдийнэ гурван гоолын зөрүүгээр хожиж байсан баг нь үндсэн цаг дуусахад үлдсэн 11 минутад амжиж нэг гоол оруулснаар эхний гурван оноогоо халаасаллаа.
Уг тоглолтын 75 дахь минутад багийнхаа хоёр дахь гоолыг оруулсан Осман Дэмбэлэ Ла лигийн тоглогчдоос энэ улиралд гурван өөр тэмцээнд гоол оруулсан анхны тоглогчоор бүртгүүлэв. Тэрбээр Испанийн Супер цом, Ла Лиг болон Аваргуудын лигт гоолджээ.
(Итали) Интер Милан 2:1 Тоттенхэм (Англи)
- Гоол: Мауро Икарди (86), Матиас Весино (90+2), Кристиан Эриксен (53)
Английн “Тоттенхэм” клубийн хар дарсан зүүд үргэлжилсээр. Аргентин мэргэжилтэн Маурисио Почеттиногийн удирдлага дор Лондоны клуб анх удаа гурван тоглолт дараалан ялагдав.
Данийн шигшээ багийн ахлагч Кристиан Эриксен 53 дахь минутад гоолын салхийг хагалсан ч тэд энэ үр дүнгээ хадгалж чадсангүй. “Интер”-ийн ахлагч Мауро Икарди 86 дахь минутад тоог тэнцүүлж, эндээс эрчээ авсан талбайн эзэд шүүгчийн сунгасан цагт Матиас Весиногийн мөргөж оруулсан гоолын ачаар гурван оноотой үлдлээ.