Tag: Аваргуудын лиг

К.Роналду нэг тоглолт өнжинө

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Криштиану Роналду Италийн “Ювентус” клубт Аваргуудын лигийн эхний тоглолтоо Испанийн “Валенсиа” багийн эсрэг хийсэн тоглолтод өрсөлдөгч багийн тоглогчийн толгойд хүрсэн хэргээр улаан хуудас авч, талбайг чөлөөлсөн билээ. Тэгвэл холбооны хяналтийн зөвлөл түүнийг нэг тоглолт өнжих “ял” оноожээ. Ингэснээр ирэх аравдугаар сарын 2-нд Швейцарийн “Янг Бойс” багтай хийх тоглолтод оролцохгүй ч Английн “Манчестер Юнайтед”-ийн эсрэг тулаанд португал довтлогч талбайд гарах боломжтой боллоо.

Өдгөө 33 настай К.Роналду Аваргуудын лигт анх удаа улаан хуудас авсан юм.

Аваргуудын лигт Английн Премьер лигээс ялгаатай нь улаан хуудас авсан тоглогч шууд гурван тоглолтоор хөөгдөхгүй. Улаан хуудас авсан үйлдэл бүрийг дараа нь хянаж үзээд тохирох шийтгэлийг оноодог дүрэмтэй.

 

VAR + Аваргуудын лигт

Хөлбөмбөг сонирхогчдын дунд хэдийнэ танил болоод буй VAR буюу видео туслахыг ирэх жилээс Аваргуудын лигт ашиглахаар болжээ.

Өнгөрсөн ДАШТ-д ашигласан шинэ технологийг 2019 оны Супер цом, 2020 оны Европын АШТ, 2020-21 оны Европа лиг болон 2021 оноос Үндэстний лигийн шигшээд ашиглахаар төлөвлөсөн юм.

UEFA буюу Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Александер Чефериний хэлснээр бол энэ системийг ашиглах цаг нь болсон гэж үзсэн бололтой.

VAR буюу видео тусламжийн ачаар шүүгчид гоол орсон эсэх, торгуулийн цохилт өгөх эсэх, улаан хуудасны алдаа мөн эсэхийг нягтлах үүрэгтэй. Хамгийн анх уг системийг өнгөрсөн жил Австралийн хөлбөмбөгийн дээд лиг ашиглаж эхэлсэн бөгөөд удалгүй АНУ-ын MLS-т турших болсон юм. Энэ жилээс Английн Премьер лигт ашиглаж байгаа билээ.

Мадрид, Юве, Бавари, Юнайтед ялж, Манчестер Сити бүдрэв

Аваргуудын лигийн хэсгийн эхний тоглолтууд өндөрлөв. Испанийн “Реал Мадрид”, Германы “Бавари Мюнхен”, Английн “Манчестер Юнайтед” багууд эхний гурван оноогоо авч, Италид очсон Криштиану Роналду улаан хуудсаар торгуулсан ч “Ювентус” хэрэгтэй ялалтаа байгуулсан юм. Харин Английн аварга “Манчестер Сити” Францын “Лион”-д бүдэрч, эхний дуулианыг тарив.


Хэсэг Е

Аякс 3:0 АЕК Афинс

Эхний хагаст 0:0-ээр өндөрлөсөн ч аргентин довтлогч Николас Тальяфико хоёр, сэлгээнээс талбайд гарсан Донни ван де Бекийн гоолын ачаар “Аякс” Грекийн багаас гурван оноо салгалаа.

Бенфика 0:2 Бавари Мюнхен

Эхний хагаст Роберт Левандовски, дараагийн хагаст Ренато Санчес гоол оруулснаар Германы аваргууд түвэггүйхэн гурван оноотой боллоо. Р.Санчес “Бенфика”-гийн хүүхдийн багт хүмүүжсэн нэгэн. Энэ тоглолтод Томас Мюллер сэлгээнээс талбайд гарснаар Аваргуудын лигт 100-гаас дээш тоглолтод оролцсон 35 дахь тоглогч болсон юм.


Хэсэг F

Шахтёр Донецк 2:2 Хоффенхэйм

Германы клуб айлын талбайгаас хожил авахаар хоёр ч удаа оноогоор тэргүүлсэн ч “Шахтёр”-ын 21 настай бразил хагас хамгаалагч Майкон сэлгээнээс талбайд гараад 81 дахь минутад тэнцээний гоолыг хийж, багаа хожигдлоос аварсан юм.

Манчестер Сити 1:2 Лион

Максвел Корнет, Набил Фекир нарын эхний хагаст оруулсан гоолын ачаар Францын “Лион” хэсгийнхээ хүчтэй өрсөлдөгчөө нутагт нь буулгаж авлаа. Хоёрдугаар хагаст Бернардо Сильва тооны харьцааг ойртуулсан ч түүнээс цааш дахин гоол оруулж чадаагүй юм.


Хэсэг G

Виктория Пльзень 2:2 ЦСКА Москва

Чехийн аваргууд Михаэл Крменчикийн эхний хагаст оруулсан хоёр гоолын ачаар тэргүүлж эхэлсэн ч Москвагийн багаас Федор Чалов тооны харьцааг ойртуулж, бразил гаралтай орос хамгаалагч Марио Фернандес дээр алдаа гаргасан тул шүүгч 11 метрийн торгуулийн цохилт заасныг  хорват довтлогч Никола Влашич алдалгүй оруулснаар тоог тэнцүүлсэн юм.

Реал Мадрид 3:0 Рома

“Реал Мадрид”-ын З.Зидан, К.Роналдугүй дөрөв дэх дараалсан цомоо авах эхний дайралт амжилттай болов. Испанийн багаас Иско Аваргуудын лигт хаалттай цохилтоос эхний гоолыг оруулсан бол Лука Модричийн дамжуулалтаар Гарэт Бэйл тооны харьцааг холдуулав. К.Роналдугийн “7” дугаарыг зүүх болсон доминикан залуу Мариано Диас 91 дэх минутад сүүлийн цэгийг хатгав.


Хэсэг H

Валенсиа 0:2 Ювентус

Криштиану Роналдугийн “Ювентус” дахь Аваргуудын лигийн анхны тоглолт 29 минут үргэлжлэв. Тэрбээр Аваргуудын лигт анхны улаан хуудсаа авч, талбайг чөлөөлсөн ч баг нь өрсөлдөгчөө 2:0-ээр буулган авлаа. Миралем Пьянич торгуулийн цохилтоор хоёр гоол бүртгүүлэв.

 Янг Бойс 0:3 Манчестер Юнайтед

Поль Погба эхний хагасын сүүлийн 10 минутад хоёр гоол оруулж, хоёрдугаар хагаст Антони Марсиал тооны харьцааг холдуулснаар Улаан чөтгөрүүд Швейцарийн залуу хөвгүүдийг яллаа.

Т.Мюллерийн 100 дахь тоглолт

Аваргуудын лигийн хэсгийн шатанд учраа таарсан Германы “Бавари Мюнхен”, Португалын “Бенфика” клубийн тоглолтын үеэр довтлогч Томас Мюллер сэлгээнээс талбайд гарч, Аваргуудын лигт 100 дахь тоглолтоо хийлээ.

Өдгөө 29 настай немц довтлогч ийм үзүүлэлтэд хүрсэн 35 дахь гишүүн нь болсон байна. Сонирхуулахад, уг жагсаалтыг Икер Касильяс тэргүүлдэг. Одоогийн байдлаар Т.Мюллер “Бавари Мюнхен”-д байхдаа ийм үзүүлэлтэд хүрсэн бөгөөд нэг багтаа Аваргуудын лигт 100 тоглолт хийсэн 13 дахь тоглогч болсон юм.

Аваргуудын лигт 100+ гаас олон тоглолт хийсэн:

  • 168 – Икер Касильяс (Реал Мадрид 150, Порту 18)
  • 154 – Криштиану Роналду (Ман.Юнайтед 52, Реал Мадрид 101, Ювентус 1)
  • 151 – Шави Хернандес (Барселона)
  • 142 – Рауль Гонзалес (Реал Мадрид 130, Шальке 12)
  • 141 – Райан Гигз – (Манчестер Юнайтед)

  • 130 – Андрес Иньеста (Барселона)
  • 126 – Лионель Месси (Барселона)
  • 125 – Кларенс Сийдорф (Аякс 11, Реал Мадрид 25, Ас Милан 89)
  • 124 – Пол Скоулз (Манчестер Юнайтед)
  • 120 – Златан Ибрагимович (Аякс 19, Ювентус 19, Интер Милан 22, Барселона 10, Ас Милан 16, Парис 33, Манчестер Юнайтед 1)
  • 120 – Роберто Карлос (Реал Мадрид 107, Фенербахчэ 13)
  • 119 – Шави Алонсо (Реал Сосьедад 8, Ливерпуль 39, Реал Мадрид 47, Бавари Мюнхен 25)
  • 117 – Жианлужи Буффон (Парма 6, Ювентус 111)
  • 115 – Карлес Пуйоль (Барселона)
  • 115 – Серхио Рамос (Реал Мадрид)
  • 112 – Терри Анри (Монако 9, Барселона 26, Арсенал 77)
  • 112 – Филипп Лаам (Штутгарт 7, Бавари Мюнхен 105)
  • 111 – Петр Чех (Спарта Пара 12, Челси 94, Арсенал 5)
  • 109 – Паоло Малдини (Ас Милан)
  • 109 – Гари Невилл (Манчестер Юнайтед)
  • 109 – Жон Терри (Челси)
  • 108 – Дани Алвеш (Севилья 8, Барселона 80, Ювентус 12, Парис 8)
  • 108 – Эшли Коул (Арсенал 45, Челси 60, Рома 3)
  • 108 – Патрик Евра (Монако 21, Манчестер Юнайтед 65, Ювентус 22)
  • 108 – Андреа Пирло (Интер Милан 5, Ас Милан 78, Ювентус 25)

  • 107 – Дэвид Бекхэм (Манчестер Юнайтед 77, Реал Мадрид 26, Ас Милан 2, Парис 2)
  • 107 – Арьян Роббен (ПСВ Эйндховен 10, Челси 19, Реал Мадрид 11, Бавари Мюнхен 67)
  • 106 – Виктор Валдес (Барселона)
  • 105 – Фрэнк Лампард (Челси 102, Манчестер Сити 3)
  • 105 –  Карим Бензема (Лион 19, Реал Мадрид 86)
  • 104 – Цеск Фабрегас (Арсенал 55, Барселона 26, Челси 23)
  • 103 – Луиш Фигу (Барселона 24, Реал Мадрид 58, Интер Милан 21)
  • 103 – Оливер Канн (Бавари Мюнхен)
  • 100 – Андрей Шевченко (Ас Милан 59, Челси 15, Динамо Киев 26)
  • 100 – Томас Мюллер (Бавари Мюнхен)

 

Икер Касильясын 20 дахь улирал

Португалын “Порту” клубийн хаалгач Икер Касильяс “Шальке” клубийн эсрэг гараанд гарснаар Аваргуудын лигт 20 дахь улиралдаа тоглолт хийв.

Өдгөө 37 настай испани хаалгач ийнхүү нэгэн өвөрмөц дээд амжилтын эзэн боллоо. Тэрбээр “Реал Мадрид” болон “Порту” клубт Аваргуудын лигт 178 тоглолтод оролцсон гэдгээрээ хэдийнэ дээд амжилт эзэмшдэг. Түүний энэ үзүүлэлтэд хамгийн дөхөж очих тоглогч бол одоогоор Криштиану Роналду. Португал довтлогч 161 тоглолтод оролцсон амжилтаар одоо тоглож буй хөлбөмбөгчдөөс удаалж буй юм. Тэгвэл К.Роналду 20 улирал тоглосон дээд амжилтыг давтахын тулд дахин таван улирал зүтгэх шаардлагатай.

Аваргуудын лигт хамгийн олон улирал тоглосон хөлбөмбөгчид:

  • 20 – Икер Касильяс (Реал Мадрид, Порту – 1999/2000 – 2018-19)
  • 19 – Райан Гигз (Ман.Юнайтед – 1994/95-2013/14, 1995/96 оныг оруулахгүй)
  • 17 – Пол Скоулз (Ман.Юнайтед – 1998/99 – 2012/13, 2011/12 оныг оруулахгүй)
  • 16 – Шави Эрнандес (Барселона – 1998/99 – 2014/15, 2003/04 оныг оруулахгүй)
  • *16 – Арьян Роббен (ПСВ, Челси, Реал Мадрид, Бавари Мюнхен – 2002/03 – 2017/18)
  • 15 – Златан Ибрагимович (Аякс, Ювентус, Интер Милан, Барселона, АС Милан, Парис, Ман.Юнайтед – 2002/03 – 2017/18, 2016-17 оныг оруулахгүй)
  • 15 – Рауль Гонзалес (Реал Мадрид, Шальке – 1995/96 – 2010/11)
  • 15 – Гари Невилл (Ман.Юнайтед – 1994/95 – 2009-10, 1995/96 оныг оруулахгүй)
  • *15 – Криштиану Роналду (Ман.Юнайтед, Реал Мадрид – 2003/04 – 2017/18)
  • 15 – Эшли Коул (Арсенал, Челси, Рома – 2000/01 – 2014-15)
  • 15 – Андрес Иньеста (Барселона – 2002/03 – 2017/18, 2003/04 оныг оруулахгүй)
  • 15 – Лионель Месси (Барселона – 2004/05 – 2018/19)

*Роббен болон К.Роналдугийн энэ улирлынх багтаагүй.

Икер Касильяс Аваргуудын лигт анх 19 нас, 4 хоногтойдоо “Валенсиа”-гийн эсрэг гараанд гарсан юм. Энэ тоглолтод баг нь 3:0-ээр өрсөлдөгчөө ялснаар хамгийн залуудаа Аваргуудын лигт ялалт байгуулсан хаалгач болсон түүхтэй.

 

Роберто Фирминод нүд хэрэггүй

Аваргуудын лигийн “С” хэсэгт багтсан дөрвөн багийн тоглолт өнөөдөр болсон юм. 


(Англи) Ливерпуль 3:2 Парис (Франц)

  • Гоол: Даниел Старриж (30), Жэймс Милнер (36, то.ц), Роберто Фирмино (90+2), Тома Мёнье (40), Кильян Мбаппе (83)

Энэ өдрийн хамгийн сонирхолтой тулааны нэг бол энэ тоглолт байлаа. Лигтээ өнгөтэй яваа “Ливерпуль” Европын дэвжээнд ч бүдэрсэнгүй. Өмнөх тоглолтод нүдэндээ бага зэрэг бэртсэн Р.Фирминогийн оронд гараанд гарсан довтлогч Д.Старриж гоолын салхийг хагалсан бол удалгүй Ж.Милнер торгуулийн цохилтоор тооны харьцааг холдуулав.

Гэхдээ үнэтэй наймаа хийж, од тоглогчдоор бүрэлдэхүүнээ зузаалсан Парисын баг тийм ч амар бууж өгөхийг хүсээгүй юм. Эхний хагаст Т.Мёнье, дараагийн хагаст К.Мбаппе хариуг нь барьж, тооны харьцааг тэнцүүлсэн. Харин 72 дахь минутад бразил довтлогч Р.Фирмино сэлгээнээс талбайд гарсан нь зөв шийдвэр болов. Тэрбээр шүүгчийн мэдлийн 92 дахь минутад өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааж, Английн клуб шинэ улирал эхлэснээс хойш зургаа дараалан ялалт байгууллаа. Сонирхуулахад, Р.Фирмино “Ливерпуль”-ийн төлөөх 150 дахь тоглолтод оролцож, хожлын гоол оруулсан юм.




(Серб) Рэд Стар Белград 0:0 Наполи (Итали)

Нэрт дасгалжуулагч Карло Анчелоттигийн удирдаж буй “Наполи” клуб заавал авах ёстой оноогоо авч чадсангүй. Сербийн клубийг нутагт нь хожиж чадаагүй тэднийг одоо хэсгийнх нь акулууд хүлээж байна.

“Црвена Звезда” клубийн хувьд сүүлийн 26 тоглолт дараалан ялагдаж үзээгүй бол “Наполи” Аваргуудын лигт хийсэн сүүлийн 12 тоглолтод анх удаа тэнцсэн юм.

Кристиан Пулишичийн төрсөн өдрийн бэлэг

(Бельги) Брюгге 0:1 Борусси Дортмунд (Герман)

  • Гоол: Кристиан Пулишич (85)

Германы клуб 2017 оноос хойш Аваргуудын лиг дэх анхны хожлоо хорват гаралтай америк тоглогч Кристиан Пулишичийн ганц гоолын ачаар авлаа.

Энэ өдөр 20 насны төрсөн өдөр нь тохиосон одтой америк эр 69 дэх минутад сэлгээнээс талбайд гарсан юм. Ингэснээр Германы багийн төлөө 100 дахь тоглолтдоо оролцоод 85 дахь минутад тоглолтын эхний бөгөөд эцсийн гоолыг оруулав. Тэрбээр “Борусси Дортмунд” клубийн түүхэнд хамгийн залуудаа 100 тоглолт хийсэн тоглогч болжээ. Сонирхуулахад, К.Пулишич төрсөн өдрөөрөө Аваргуудын лигт гоол оруулсан “Борусси Дортмунд”-ын хоёр дахь тоглогч болжээ. Түүнээс өмнө Штефан Ройтер хэмээх өдгөө 51 настай хамгаалагч асан эр 1996 онд 30 насныхаа төрсөн өдрөөрөө өөртөө бэлэг барьсан түүхтэй.



 Монако 1:2 Атлетико Мадрид (Испани)

  • Гоол: Самуэль Грандсир (18), Диего Кошта (31), Хосе Мариа Жименес (45+1)

Эхний гоолыг талбайн эзэд 18 дахь минутад оруулсан ч “Атлетико Мадрид” чансаа илүү баг гэдгээ харуулан, эхний хагаст хариу хоёр гоолоор цохилт өглөө. Испани довтлогч Д.Кошта Мадридын өмсгөлтэй Аваргуудын лигт ес дэх гоолоо бүртгүүлсэн бол энэ тэмцээнд 31 тоглолт хийсэн урагвай хамгаалагч Хосе Мариа Жименес анхныхаа гоолыг оруулав. Уругвай эр Испанийн клубт нийт долоон гоол оруулснаас зургааг нь мөргөж гүйцэтгэжээ.



 

 

Лионель Мессигийн найм дахь хэт трик

(Испани) Барселона 4:0 ПСВ (Нидерланд)

  • Гоол: Лионель Месси (32, 77, 87), Осман Дэмбэлэ (75)

Аваргуудын лигийн эхний гоолыг аргентин довтлогч Лионель Месси нэр дээрээ бичүүлэв. “Камп Ноу” цэнгэлдэхэд эхний хагаст 1:0-ээр өндөрлөсөн тоглолт хоёрдугаар үед тооны зөрүү улам холдсон үзүүлэлтээр дууссан юм. Л.Месси Аваргуудын лигт найм дахь хэт трикээ гүйцэтгэж, К.Роналдугаас нэгээр илүү гарав. Түүнчлэн хэсгийн тоглолтод 63 гоол оруулсан үзүүлэлтээр гол өрсөлдөгчөөсөө гурваар илүү гарсан юм. Гэхдээ 103 гоол оруулсан нь одоогоор португал эрээс 17-гоор дутуу үзүүлэлт.

Л.Мессигийн “шоу тайм” болсон ч Барса тоглолтыг хүн дутуу төгсгөсөн. Франц хамгаалагч Самуэль Үмтити хоёр шар хуудас дараалан авснаар 79 дэх минутад талбайг чөлөөлсөн юм. Гэхдээ энэ үед хэдийнэ гурван гоолын зөрүүгээр хожиж байсан баг нь үндсэн цаг дуусахад үлдсэн 11 минутад амжиж нэг гоол оруулснаар эхний гурван оноогоо халаасаллаа.

Уг тоглолтын 75 дахь минутад багийнхаа хоёр дахь гоолыг оруулсан Осман Дэмбэлэ Ла лигийн тоглогчдоос энэ улиралд гурван өөр тэмцээнд гоол оруулсан анхны тоглогчоор бүртгүүлэв. Тэрбээр Испанийн Супер цом, Ла Лиг болон Аваргуудын лигт гоолджээ.

(Итали) Интер Милан 2:1 Тоттенхэм (Англи)

  • Гоол: Мауро Икарди (86), Матиас Весино (90+2), Кристиан Эриксен (53)

Английн “Тоттенхэм” клубийн хар дарсан зүүд үргэлжилсээр. Аргентин мэргэжилтэн Маурисио Почеттиногийн удирдлага дор Лондоны клуб анх удаа гурван тоглолт дараалан ялагдав.

Данийн шигшээ багийн ахлагч Кристиан Эриксен 53 дахь минутад гоолын салхийг хагалсан ч тэд энэ үр дүнгээ хадгалж чадсангүй. “Интер”-ийн ахлагч Мауро Икарди 86 дахь минутад тоог тэнцүүлж, эндээс эрчээ авсан талбайн эзэд шүүгчийн сунгасан цагт Матиас Весиногийн мөргөж оруулсан гоолын ачаар гурван оноотой үлдлээ.

Европын супер цомын аварга – “Атлетико Мадрид”

Өнгөрсөн жилийн Аваргуудын лигийн аварга “Реал Мадрид”, Европа лигт өнгөлсөн “Атлетико Мадрид” клуб энэ жилийн Европын супер цомын төлөө өрсөлдлөө. Эстонийн нийслэл Таллин хотын А.Ле Кок цэнгэлдэхэд цугларсан 13 мянган хүний өмнө Испанийн хоёр хэн нь Европын шилдгийн шилдэг баг болохоо үзэв.

Энэ тоглолт олон талаар үзэгчдийн сонирхлыг татаж байлаа. “Реал” том өөрчлөлт хийсэн. Криштиану Роналду Итали руу явж, Зинедин Зидан “Эзэн хаан”-ы багийг орхисон. Франц менежерийн оронд энэ багийг Испанийн шигшээ багийн дасгалжуулагч асан Юлен Лопетеги удирдахаар болсон юм. Түүнчлэн хаалгач Тибо Куртуа шинэ багтайгаа хэр тоглохыг харахыг хүссэн хүн олон байсан ч Ю.Лопетеги Кэйлор Наваст найдвар тавьсан юм.

Тоглолт эхлээд л ердөө 50 дахь секундэд Диего Кошта гоолын салхийг хагалав. Бразил гаралтай испани довтлогч тус тэмцээний 43 жилийн түүхэнд хамгийн хурдан гоолыг оруулсан юм.

Гэхдээ тоглолтын 27 дахь минутад франц довтлогч Карим Бензема тооны харьцааг тэнцүүлж, хоёрдугаар хагасын 63 дахь минутад “Реал”-ийн ахлагч Серхио Рамос торгуулийн цохилтоо амжилттай гүйцэтгэснээр баг нь тэргүүлж эхэлсэн.

Гэвч 79 дэх минутад эхний гоолын эзэн Д.Кошта тоог тэнцүүлж, улмаар хоёр баг нэмэлт цаг сунгалаа. Үндсэн цагт хоёр баг эн тэнцүү өрсөлдсөн ч нэмэлт цагт “Атлетико Мадрид” илт давуу тоглолт үзүүлэв. “Реал”-ийн хамгаалагчдын гаргасан ноцтой алдааг ашиглан, Сауль Нигес багаа тэргүүнд гаргасан бол зургаан минутын дараа Коке тооны харьцааг холдуулснаар энэ тулаанд хэн хожих нь тодорхой болсон юм.

Ийнхүү “Атлетико Мадрид” Супер цомд гурван удаа өрсөлдөхдөө бүгдэд нь ялсан үзүүлэлттэй боллоо. Тэдний урд таван удаа түрүүлсэн “АС Милан”, “Барселона”, дөрвөн удаа түрүүлсэн “Реал Мадрид” бичигдэж буй.  Тус багийн ахлах дасгалжуулагч Диего Симон 2012 онд энэ цомыг авч байсан юм. “Реал”-ын хувьд зургаан удаа финалдсан ч тав дахиа түрүүлж чадсангүй. Түүнчлэн сүүлийн дөрөвт нь өрсөлдөгчөө хожсон амжилт нь тасрав.

Диего Симоны дөрвөн тоглолтын торгууль дуусаагүй байгаа тул үзэгчдийн суудлаас тоглолтыг сонирхсон юм.

  • Диего Коштагийн 50 дахь секундэд орсон гоол тус тэмцээний түүхэнд хамгийн хурдан гоол болжээ.
  • Карим Бензема “Реал Мадрид”-ын төлөө 193 гоол оруулсан. Тэрбээр энэ тэмцээнд гоолдсоноор зургаан өөр тэмцээнд гоол оруулсан тоглогч болов.
  • Диего Симон “Атлетико Мадрид”-ын хамт долоо дахь цомоо авлаа. Энэ нь клубийн түүхэнд хамгийн олон цомтой менежерээр тэмдэглэгдэв.
  • “Атлетико Мадрид” заналт “Реал”-тай таарсан шигшээ тоглолтод хэзээ ч дөрвөн гоол оруулж үзээгүй.
  • Д.Симоны хувьд “Реал”-ийг гурван өөр тэмцээнд ялж чадсан цор ганц дасгалжуулагч.
  • Юлен Лопетегигийн хувьд 1948 онд Майкл Кеепингээс хойш анх удаа нээлтийн тоглолтод дөрвөн гоол алджээ.