Tag: Кевин Дэ Бреине

Кэвин Де Брейне төлөөлөгчөөс илүү датанд итгэжээ

Өдгөө 29 настай, бельги тоглогч КДБ буюу Кэвин Де Брейне хугацаанаасаа өмнө гэрээгээ дахин сунгаж, 2025 он хүртэл Этихадад үлдэхээр болсон. Сонирхолтой нь, гэрээ шинэчлэх ажилд ямар нэг төлөөлөгчийн туслалцаа аваагүй байна

2015 онд анх Сити клубт нэгдсэнээс хойш 2018 онд байгуулсан таван жилийн гэрээ 2023 онд дуусах байсан ч ийнхүү багтайгаа тохиролцоонд хүрч дахин дөрвөн жил хүчин зүтгэхээр болсон байна.

Гэрээгээ сунгаж чадсандаа бахархаж байна. Миний хувьд замналдаа хамгийн удаан тоглож буй клуб Манчестер Сити бөгөөд гэр шиг миг санагддаг болсон. Нас маань ч хөлбөмбөгчний хувьд оргил үе дээрээ байна. Надад итгэж гэрээгээ сунгасанд баяртай байна бас манай гэр бүл их бахархаж байгаа. Энэ шийдвэрийг гаргахад надад хүндрэлтэй байгаагүй ээ…

Кевин Де Брейнегийн ярилцлагаас

Тэгвэл энэ гэрээний дараа Сити клубийн ойрын ирээдүйг дараах тоглогчид тодорхойлохоор болж байна.

Манчестер Ситигийн гол тоглогчдын гэрээний хугацаа

ГЭРЭЭНИЙ АРД ЮУ БОЛОВ?

Өмнө дурдсанаар гэрээ байгуулах явцад мэргэжлийн төлөөлөгч оролцоогүй. КДБ болон түүний аав, өөрийн хуульч нар голлосон ба Рок Нэшн хэмээх реппэр Жэй Зигийн байгуулсан урлаг, спортын оддыг дэмждэг агентлагийн зөвлөгөөг алсаас авчээ.

Харин үнэлгээний тухайд хөлбөмбөгчдийн дата шинжилгээний Аналитикс ФС компанитай хамтарч өөрийнхөө Манчестер Сити клубт үзүүлж буй нөлөөг хэмжиж, тооцоолсоноор гэрээний үнийн дүнг багцаалжээ.

Тодруулбал: Аналитикс ФС системд багтах ТрансфэрЛаб хэсэг нь тоглогчдын үзүүлж буй статистик мэдээллүүдийг шинжилж, зах зээлийн үнэлгээ тогтоох, аль баг тухайн тоглогчид илүү тохирох гэх мэт шилжилт хөдөлгөөнтэй холбоотой үр дүнг таамаглан гаргадаг байна. Яг л хөрөнгийн зах зээл, крипто болон форэксийн платформууд шиг.

Үүгээр тооцоолж үзэхэд КДБ-гийн Ситид үзүүлж буй нөлөө 30 хүртэл хувь өсөх боломжтой гэж гарчээ. Энэ нь түүнд гэрээний дүнгээ 30 хувь хүртэл өсгөх боломж буйг илтгэсэн бололтой. Илүү сонирхолтой нь түүнд хамгийн сайн тохирох клубээр Ситиг нэрлэсэн нь шийдвэрээ эцэслэхэд шууд нөлөөлсөн гэж болохоор байна.

Analytics FC системийн тухай товчхон

Үүнтэй төстэй өөр нэгэн жишээ гэвэл Мэмфис Дэпай 2016 онд СкиСпортс хэмээх бас нэг дата тооцооллын компанитай ажилласны үр дүнд Манчестер Юнайтедаас Францын Лион клуб рүү шилжиж байжээ. Системээс түүнд таван клуб санал болгосон байна. Харин Дэпай лавшруулан илүү чөлөөтэй довтолж, бүтээлч тоглох боломжийг нь харахад Лион клуб үлджээ. Ийнхүү Францад ирсэнээсээ хойш 70 гаран гоол оруулаад байгаа ажээ.

Тэгэхээр цаашид өндөр төлбөртэй төлөөлөгчийн үйлчилгээ үзүүлдэг хувь хүн, компаниудаас тоглогчид татгалзаж, дата тооцооллын системтэй нөхөрлөх болов уу, яах бол?