Tag: Тоттенхэм

Жон Терри: “Челси”-г удирдах нь миний эцсийн зорилго, “Тоттенхэм” бол хэзээ ч үгүй

Лондонгийн цэнхэрүүдийн экс ахлагч Жон Терри дасгалжуулагчийн карьерынхаа эцсийн зорилгыг “Челси”-г удирдах явдал гээд “Тоттенхэм”-ийн ажлыг хэзээ ч авахгүй гэдгээ мэдэгдлээ.

Одоогоор Терри “Астон Вилла”-гийн ахлах Дин Смитийн туслахаар ажиллаж байгаа бөгөөд тус багийн хамгаалалтын ноён нуруу болоод буй Тайрон Мингс, Эрзи Конса нарын хөгжилд үнэтэй үүрэг гүйцэтгэсэн юм. Иймээс түүнийг баг ахлах чадвартай хэмээн хоёр ч клуб санал тавьсан ч татгалзсан хариу авсан байна. Энэ талаар тэрбээр “Таймс” сонинд ярилцлага өгчээ. 

Уг ярилцлагадаа “Миний хүсэл зорилго маш тодорхой байгаа. Энэ бол “Челси”-г удирдах явдал. Би Лампард, Жеррард хоёрын  амжилтыг хардаг. Фрэнкигийн “Челси”-тэй өнгөрүүлсэн эхний улирал, Стивигийн “Рейнжерс” дээр хийсэн зүйл нь үнэхээр итгэмээргүй. Магадгүй би тэр үед дасгалжуулагчийн ажилд ороход бэлэн биш байсан байх. Харин одоо бэлэн болсон. Гэхдээ зүгээр нэг ажилд очмооргүй байна. Хоёр ч клубын саналаас татгалзаад амжсан шүү. Вилла Паркыг орхиход надад онцгой зүйл хэрэг болох байх. Гэрээ дуусахад нэг жил үлдсэн учир яарах зүйлгүй шийдвэрээ гаргана. Би хамгийн шилдэг нь болохыг хүсдэг иймээс хэзээ нэгэн цагт тэр өндөрлөгт хүрэх болно” гэжээ. 

Лондонгийн өөр нэг клуб “Тоттенхэм” энэ зун шинэ дасгалжуулагчийн эрэлд гараад байгаа бөгөөд Жозе Моуриног халагдсаны дараа Райан Мэйсон улирал дуустал клубыг удирдахаар болсон билээ. Тэгвэл Моуриньюгийн адил хойд Лондонд газардах талаар тэрбээр “Хэзээ ч үгүй. Миний очихгүй цорын ганц баг бол Спөрс. Учир нь “Вест Хэм” надад санал тавихгүй гэдэгт итгэлтэй байна” хэмээн шуудхан хэлээд амжжээ.

Ямартай ч ногоон талбайд тоглож явсан залуу тун удахгүй талбайн гаднаас өөрийн хөлбөмбөгийг толилуулах бололтой. Түүний дараагийн зогсоол хаана байх вэ?

Европын супер лиг: Английн багууд өрсөлдөөнөөс гарлаа

Европын Супер Лиг (ЕСП)-д оролцохоо мэдэгдэж байсан Премьер лигийн зургаан баг бодлоо өөрчилжээ.
“Манчестер Юнайтед” клуб хөгжөөн дэмжигчид, Их Британийн Засгийн газар, гол хувьцаа эзэмшигчдийнхээ байр суурийг анхааралтай сонссоны эцэст энэ шийдвэрийг гаргасан гэж мэдэгдсэн байна. Харин “Челси” багийнхаа тоглогчдын болон хөгжөөн дэмжигчдийн ашиг сонирхлыг харгалзан үзэж, нэрээ татаж буйгаа зарлажээ. “Брайтон”-ы эсрэг хийх тоглолтын өмнө Лондоны “Стамфорд Бриж” цэнгэлдэх хүрээлэнгийн гадна хөгжөөн дэмжигчид нь эсэргүүцлээ илэрхийлсний дараа тус клуб ийм шийдвэр гаргасан юм. Үүний дараа “Манчестер Сити”, “Арсенал”, “Тоттенхам Хотспур”, “Ливерпүүл” клуб ч мөн адил шинэ лигт тоглохоос татгалзав.


УЕФА-гийн Ерөнхийлөгч Александр Сеферин “Энэ лигт тоглосон тамирчид Олон улсын тэмцээнд оролцох боломжгүй болно” гэж анхааруулсан билээ. Багуудын татгалзсан шийдвэрийн дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Одоо бүх юм эргээд хуучиндаа орсон болохоор хэлэлцээрээ үргэлжлүүлж гарц шийдлээ олох л үлдлээ” хэмээн баяртайгаар мэдэгдсэн юм.

    Жозе Моуринью халагдлаа

    Английн “Тоттенхэм” клуб дасгалжуулагч Жозе Моуриньюг халлаа. Өдгөө 58 настай португал мэргэжилтэн 2019 оны арваннэгдүгээр сард тус албанд очсоноосоо хойш буюу 19 сарын дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөв.

    Хойд Лондоны клуб өнгөрсөн даваа гарагт Жозе Моуринью болон түүний туслахаар ажиллаж байсан Жоа Сакрамэнто, Нуно Сантош, Карлос Лалин, Жиованни Керра нарыг халсан юм.

    Ж.Моуриньюгийн халагдсан шалтгаан бүрэн тодорхой болоогүй байгаа ч “Тоттенхэм” клуб Европын супер лигт нэгдсэнийг эсэргүүцэн даваа гарагийн бэлтгэлээ тасалсан тул удирдлагууд нь ийм шийдвэр гаргалаа гэж Английн хэвлэлүүд онцолж байна.

    Хэдийгээр албан ёсоор баттай болоогүй ч ийн хардах үндэслэл бий. Европын супер лигт орно гэж зарласнаас ердөө нэг хоногийн дараа, “Карабао” цомын шигшээд “Манчестер Сити”-тэй тулахаас зургаан хоногийн өмнө ийм шийдвэр гаргасан нь гэнэтийн явдал байв.

    “Тоттенхэм” клуб аргентин мэргэжилтэн Мауриссио Почетинног үүрэгт нь ажлаас нь чөлөөлөөд Ж.Моуриньютой дөрвөн жилийн гэрээ байгуулсан. Энэ хугацаанд тэрбээр жилийн 19.3 сая ам.доллар халааслах гэрээтэй. Түүний энэ гэрээ тухайн үед Англидаа “Манчестер Сити”-гийн босс Пэп Гуардиолагийн дараа орох өндөр гэрээгээр тооцогдож байв.

    Одоогоор түүний гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан төлбөртөө хэдийг өгөх нь олон нийтэд зарлагдаагүй байна. Гэхдээ Ж.Моуринью өмнө “Челси” (хоёр удаа), “Манчестер Юнайтед” клубээс ойролцоогоор 50 сая фунтын нөхөн төлбөр авсан гэдэг. Тодруулбал, “Челси”-гээс анх гэрээгээ цуцлахдаа 23.07 сая фунт “халаасалсан” бол дараа нь 8.3 саяыг олжээ. Харин “Манчестер Юнайтед”-аас явахдаа 19.6 саяын төлбөр авсан гэнэ. Харин Испанийн “Реал Мадрид” түүнд хэдийг өгснөө олонд дэлгээгүй юм. Одоо “Тоттенхэм”-ээс “ажилгүйдлийн тэтгэмжээ” авбал нийт дүн нь 100 сая фунт давна гэж “football london” цахим сэтгүүл тооцоолжээ.

    Жозегийн хувьд халагдаж байгаа нь сонин биш. Харин “Тоттенхэм”-д цом авч чадалгүй “хөөгдсөн” нь замналынх нь анхны тохиолдол болсон гэнэ.

    Тоглогчдын хөгжил хариуцсан дасгалжуулагч Райан Мэйсон түр орлогчоор ажиллана

    Ж.Моуриньюг “Тоттенхэм”-ийн тоглогчдын хөгжил хариуцсан дасгалжуулагчаар ажиллаж буй Райан Мэйсон түр орлох юм. Р.Мэйсон одоо дөнгөж 29 настай ч гурван жилийн өмнө эрүүл мэндийн шалтгаанаар хөлбөмбөгчний замналаа төгсгөсөн. Үүнээс хойш “Спэрс”-ийн арын албанд ажиллаж буй.

      Европын Сүпер Лиг болох уу

      Европ тивийн дөрвөн улсын шилдэг 12 клуб нэгдэж Европын Сүпер Лиг хийхээр болсноо зарлалаа.

      Тодруулбал, Английн зургаа, Италийн гурав, Испанийн гурван баг шинэ тэмцээнийг дэмжихээ илэрхийлжээ. цар тахлын улмаас их хэмжээний алдагдалд ороод байгаа тул Аваргуудын лигээс тусдаа тэмцээн зохион байгуулахаар болсноо зарлав. Тус лигийн ерөнхийлөгчөөр “Реал Мадрид” клубын ерөнхийлөгч Флорентино Перез ажиллах ба тэрбээр энэ талаар “Бид бүхий л чадлаараа хичээж, дэлхийн хөлбөмбөгт тусалж, зохих байр сууринд хүргэх болно” гэж мэдэгджээ.

      Тэмцээний санхүүжилтыг “JPMorgan” хөрөнгө оруулалтын банк хариуцаж зургаан тэрбум орчим ам.долларыг гаргах бөгөөд лигт оролцох урилгыг хүлээн авсан баг 425 сая ам.долларыг авах гэнэ. (Сонирхолтой нь, энэ мөнгөн дүн нь шилдэг багуудын 2020 оны бүтэн жилийн санхүүгийн тайлантай харьцуулж харахад бүтэн жилийн орлогоо олох боломжтой харагдана. УНШИХ)

      Тус лиг нь 20 багаас бүрдэх ба 15 клуб тогтмол оролцох бол үлдсэн таван эрхийн төлөө бусад багууд өрсөлдөнө. Мөн эдгээр клубууд нь хоёр хэсэгт хуваагдаж тоглох төдийгүй амжилтаараа хэсгээ тэргүүлсэн найман клуб хасагдах шатанд өрсөлдөх юм.

      Сүпер лигийг 2023/2024 оны улирлаас эхлэх боломжтой хэмээн үзэж байгаа бөгөөд одоогоор үндсэн 12 клуб тодроод байна. Үүнд:

      • Англи- “Манчестер Юнайтед”, “Манчестер Сити”, “Челси”,  “Арсенал”, “Тоттенхэм”, “Ливерпүүл”
      • Испани- “Атлетико Мадрид”, “Барселона”, “Реал Мадрид”
      • Итали- “АС Милан”, “Интер Милан”, “Ювентус”

      Гэхдээ уг тэмцээн зохиогдох эсэх нь эргэлзээтэй. Учир нь Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) болон Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA) энэхүү тэмцээнийг эсэргүүцэж байна. Хэрвээ багууд шинэ тэмцээнд оролцвол дотоодын лиг болон олон улсын тэмцээнээс хасах, тоглогчдыг шигшээ багт дуудахгүй гэх нэн хатуу шаардлага тавив.

      Мөн шилдэг клубуудээ алдах аюулд ороод байгаа Англи, Испани, Италийн лигийн холбоо мөн адил энэ тэмцээний эсрэг байгаа аж. Эцэст нь холбоод ялах уу? клубууд ялах уу? гэдгийг харах л үлдлээ.

      Харин таны хувьд энэ шинэ тэмцээнийг яаж хүлээж авах вэ?

      Хөлбөмбөг: Сон Хын Мин гараа хугалжээ

      Английн “Тоттенхэм” клубын довтлогч Сон Хын Мин “Астон Вилла”-гийн эсрэг гараа хугалсан тул энэ улирлыг дуустал талбайд гарахгүй байж магадгүй боллоо.

      Энэ жил 27 настай солонгос довтлогч тун удахгүй гарандаа хагалгаа хийлгэх тул хэдэн долоо хоногийн турш талбайд гарахгүй боллоо. “Тоттенхэм”-ийн дасгалжуулагч Жозе Моуринью хэвлэлийн бага хурал зарлах үеэр гол довтлогчоо гэмтлийн улмаас улирал дуустал талбайд гарахгүй байх вий гэхээс болгоомжилж байгаагаа илэрхийлсэн. Энэ долоо хоногийн сүүлээр болох хагалгааны дараа Соныг хэдий хугацааны дараа эргэн ирэх боломжтой талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирэх аж.

      Сон Хын Мин “Астон Вилла”-гийн эсрэг 94 дэх минутад гоолдож, багаа ялалтад хөтөлсөн билээ. Гэхдээ тэр энэ тоглолтын эхний хагаст гарандаа бэртэл авсан гэнэ.

      Түүний энэ удаад авсан бэртэл нь гурван жилийн өмнө БНСУ-ын шигшээд тоглож байхдаа гараа хугалсантай нь төстэй гэж “The Athletic” хэвлэлд онцолжээ. Сон тэр бэртлийн дараа хагалгаанд орж, хоёр сар талбайд гараагүй юм.

      Харри Кэйн хоёр сар талбайд гарахгүй

      Английн шигшээ болон “Тоттенхэм” клубийн довтлогч Харри Кэйн шагайны бэртлийн улмаас гуравдугаар сар хүртэл талбайд гарахгүй болжээ.

      “Манчестер Юнайтед” багийн эсрэг тоглолтод шагайндаа бэртэл авсан Х.Кэйн ирэх гуравдугаар сарын эхээр л бэлтгэлдээ эргэн ирэх бололтой. Ингэснээр Аваргуудын лигийн шөвгийн 16-д “Борусси Дортмунд”-ын эсрэг хийх тоглолтод оролцохгүй нь тодорхой болов.

      Ийнхүү “Тоттенхэм”-д маш том гарз учирлаа. Тус багийн солонгос довтлогч Сон Хын Мин Азийн АШТ-д оролцохоор шигшээ багаа зорьсон юм. Зөвхөн энэ улиралд гэхэд дээрх хоёр тоглогч “Тоттенхэм”-ийн оруулсан нийт гоолын 47 хувийг нь эзэлдэг.

      Энэ жил 25 настай Харри Кэйн дасгалжуулагч Маурисио Почеттиногийн гол “зэвсэг” гэдэг нь ойлгомжтой. Энэ улиралд гэхэд 30 тоглолтод оролцоод 20 гоол оруулсан. Аргентин менежер “Тоттенхэм”-ийг удирдах болсноос хойш 217 тоглолтод 155 гоол оруулсан аж. 2014-15 оны улирлаас хойш “Тоттенхэм” Премьер лигт гол довтлогчгүйгээр 23 тоглолтод оролцоод 13-т нь ялсан баримт бий. Тэд мөн таван удаа тэнцэж, таван удаа хожигдсон үзүүлэлттэй.

      Харри Кэйний өнжих магадлалтай тоглолтууд:


      • I.20: Фүлхэм (зочлон тоглолт – Премьер лиг)
      • I.24: Челси (зочлон тоглолт – Лигийн цом)
      • I.27: Кристал Палас (зочлон тоглолт – Холбооны цом)
      • I.30: Уатфорд (гэртээ – Премьер лиг)
      • II.2: Ньюкастл (гэртээ – Премьер лиг)
      • II.10: Лестер Сити (гэртээ – Премьер лиг)
      • II.13: Борусси Дортмунд (гэртээ – Аваргуудын лиг)
      • II.16: Холбооны цомын тавдугаар шат (хэрвээ шалгарвал)
      • II.23: Барнли (зочлон тоглолт – Премьер лиг)
      • эсвэл II.24: Лигийн цомын шигшээ тоглолт
      • II.27: Челси (зочлон тоглолт – Премьер лиг)
      • III.5: Борусси Дортмунд (зочлон тоглолт – Аваргуудын лиг)
      • III.9: Саутхэмптон (зочлон тоглолт – Премьер лиг)

      Азтай “Тоттенхэм” & азгүй “Интер”

      Аваргуудын лигийн хэсгийн шатны сүүлийн тоглолтууд энэ долоо хоногт болж буй. Өнөөдөр дөрвөн хэсгийн найман тоглолт боллоо. 

      Хэсэг А

      Брюгге 0:0 Атлетико Мадрид

      “Атлетико Мадрид” ялвал хэсгээ тэргүүлэх байсан ч гоол оруулж чадалгүй хуурай тэнцлээ. 

      Монако 0:2 Борусси Дортмунд

      Португал хамгаалагч Рафаэль Гуеррейро хоёр гоол оруулсан юм

      Германы клуб өрсөлдөгчөө ялснаар хоорондын тоглолтын зөрүүгээр “Атлетико Мадрид”-аас илүү гарч, хэсгээ тэргүүллээ. Францын “Монако” клуб Аваргуудын лигт 14 тоглолт дараалан ялалт байгуулж чадсангүй. 

      1. Дортмунд – 13
      2. Атлетико Мадрид – 13
      3. Брюгге – 6
      4. Монако – 1

      Хэсэг B

      Барселона 1:1 Тоттенхэм

      Нэгэнт хэсгээ тэргүүлэх нь тодорхой болсон “Барселона” энэ тоглолтод Л.Месси, Л.Суарес нарыг амраасан юм. Гэхдээ нутаг дээрээ хожигдохыг хүссэнгүй. Осман Дембеле долоо дахь минутад гоолын салхийг хагалсан. Тэрбээр Аваргуудын лигт хийсэн сүүлийн гурван тоглолтод бүгдэд нь гоол оруулжээ.  Харин Английн клуб 85 дахь минутад Харри Кэйний дамжуулалтаар Лукас Моура хариуг нь барьж, 1:1-ээр эвийн гэрээ байгуулсан. Ийнхүү “Тоттенхэм” клуб хэсгийн шатны эхний хоёр тоглолтод хожигдсон ч хэсгээсээ шалгарсан Английн гурав дахь баг болжээ. (Ньюкастл 2002/03, Арсенал 2015/16)

      Интер Милан 1:1 ПСВ Эйндховен

      Икардигийн 200 дахь тоглолт

      Эхэлж хаалгандаа гоол алдсан ч 73 дахь минутад Икарди тоог тэнцүүлсэн боловч Европа лигийг зорилоо. Икарди “Интер”-ийн төлөөх 200 дахь тоглолтод оролцож, Аваргуудын лигийн гэртээ хийсэн гурван тоглолтод бүгдэд нь гоолдсон тус багийн анхны тоглогч болоод ч багаа хасагдах шатанд шалгаруулж чадсангүй.

      1. Барселона – 14
      2. Тоттенхэм – 8 
      3. Интер Милан – 8
      4. ПСВ Эйндховен – 2

      Хэсэг С

      Ливерпуль 1:0 Наполи

      Мохамед Салах цор ганц гоолыг оруулсан юм

      34 дэх минутад Мохамед Салах энэ тоглолтын эхний бас эцсийн гоолыг оруулж, баг нь өрсөлдөгчөө хожоод зогсохгүй хоорондын тоглолтын гоолын зөрүүгээр хасагдах шатанд шалгарав. Ийнхүү Английн клуб Европын түвшинд дасгалжуулагч Юрген Клоппын удирдлага дор гэртээ хийсэн сүүлийн 19 тоглолтод ялагдаж үзсэнгүй.

      Ред Стар 1:4 ПСЖ

      Парисын багийн довтолгооны гурвал бүгд гоолдлоо. Залуу од Клиан Мбаппе Аваргуудын лигийн хэсгийн шатанд хийсэн 12 тоглолтод 12 гоолд (6 гоол 6 оновчтой дамжуулалт) оролцжээ.

      1. ПСЖ – 11
      2. Ливерпуль – 9
      3. Наполи – 9
      4. Ред Стар – 4

      Хэсэг D

      Галатасарай 2:3 Порто

      “Порто” энэ улиралд Аваргуудын лигт хожигдолгүй хэсгээсээ шалгарлаа. Икер Касильяс Аваргуудын лигт 100 дахь хожилтой хоёр дахь тоглогч (эхнийх нь Криштиану Роналду) болов. 

      Шальке 1:0 Локомотив Москва

      Оросын баг ялж чадаагүй учир Туркийн “Галатасарай” хэсэгтээ гуравдугаар байр эзэлж, Европа лигт өрсөлдөх эрхтэй боллоо.

      1. Порто – 16
      2. Шальке – 11
      3. Галатасарай – 4
      4. Локомотив Москва – 3

      Лионель Мессигийн найм дахь хэт трик

      (Испани) Барселона 4:0 ПСВ (Нидерланд)

      • Гоол: Лионель Месси (32, 77, 87), Осман Дэмбэлэ (75)

      Аваргуудын лигийн эхний гоолыг аргентин довтлогч Лионель Месси нэр дээрээ бичүүлэв. “Камп Ноу” цэнгэлдэхэд эхний хагаст 1:0-ээр өндөрлөсөн тоглолт хоёрдугаар үед тооны зөрүү улам холдсон үзүүлэлтээр дууссан юм. Л.Месси Аваргуудын лигт найм дахь хэт трикээ гүйцэтгэж, К.Роналдугаас нэгээр илүү гарав. Түүнчлэн хэсгийн тоглолтод 63 гоол оруулсан үзүүлэлтээр гол өрсөлдөгчөөсөө гурваар илүү гарсан юм. Гэхдээ 103 гоол оруулсан нь одоогоор португал эрээс 17-гоор дутуу үзүүлэлт.

      Л.Мессигийн “шоу тайм” болсон ч Барса тоглолтыг хүн дутуу төгсгөсөн. Франц хамгаалагч Самуэль Үмтити хоёр шар хуудас дараалан авснаар 79 дэх минутад талбайг чөлөөлсөн юм. Гэхдээ энэ үед хэдийнэ гурван гоолын зөрүүгээр хожиж байсан баг нь үндсэн цаг дуусахад үлдсэн 11 минутад амжиж нэг гоол оруулснаар эхний гурван оноогоо халаасаллаа.

      Уг тоглолтын 75 дахь минутад багийнхаа хоёр дахь гоолыг оруулсан Осман Дэмбэлэ Ла лигийн тоглогчдоос энэ улиралд гурван өөр тэмцээнд гоол оруулсан анхны тоглогчоор бүртгүүлэв. Тэрбээр Испанийн Супер цом, Ла Лиг болон Аваргуудын лигт гоолджээ.

      (Итали) Интер Милан 2:1 Тоттенхэм (Англи)

      • Гоол: Мауро Икарди (86), Матиас Весино (90+2), Кристиан Эриксен (53)

      Английн “Тоттенхэм” клубийн хар дарсан зүүд үргэлжилсээр. Аргентин мэргэжилтэн Маурисио Почеттиногийн удирдлага дор Лондоны клуб анх удаа гурван тоглолт дараалан ялагдав.

      Данийн шигшээ багийн ахлагч Кристиан Эриксен 53 дахь минутад гоолын салхийг хагалсан ч тэд энэ үр дүнгээ хадгалж чадсангүй. “Интер”-ийн ахлагч Мауро Икарди 86 дахь минутад тоог тэнцүүлж, эндээс эрчээ авсан талбайн эзэд шүүгчийн сунгасан цагт Матиас Весиногийн мөргөж оруулсан гоолын ачаар гурван оноотой үлдлээ.