Бурханы хүүгийн сүүлийн ярилцлага

Диего Армандо Марадона 60 насныхаа ойн өдөр Кларин сонинд энэ ярилцлагыг өгчээ.

Таны амьдралд тохиолдсон хамгийн сайн болон муу зүйл юу байв? Ямар нэг зүйлд харамсдаг уу?

– Би маш их жаргалтай амьдарч, одоо ч жаргаж л байна. Хөлбөмбөг надад бүгдийг өгсөн. Надад байгаа бүх зүйлийг, бүр төсөөлснөөс илүү ихийг өгсөн. Энэхүү донд хөтлөгдөөгүй бол дахиад олон жил тоглох байлаа. Гэвч энэ бүгд өнгөрсөн зүйл болж, би одоо сайн байна. Хөгшчүүд минь байхгүй болсонд хамгийн их харамсдаг. Тота (Ээжийнх нь хүндэтгэлийн нэр)-тай дахиад нэг өдөр хамт байхсан гэж үргэлж боддог. Гэвч ээж минь тэнгэрээс надаар бахархаж, их жаргалтай байгааг би мэдэж байна.

Та төрсөн өдрийнхөө хундагыг өргөж, аргентинуудад ерөөл хайрлаач..

– Энэ тахал хурдан арилаасай, миний Аргентин энэнээс хурдан ангижраасай л гэж хүсч байна. Бүх аргентин хүн сайн байгаасай. Манай эх орон сайхан, Ерөнхийлөгч маань биднийг энэ хэцүү байдлаас гаргаж чадна гэдэгт итгэдэг. Олон хүүхэд идэх хоолгүй байгаад би их харамсдаг. Өлсөх гэдэг юу болохыг, хэдэн өдөр юм идэхгүй байхад ходоод юу мэдэрдэгийг би мэднэ. Ийм зүйл миний эх оронд болох ёсгүй. Энэ бол миний хүсэл, бүх аргентин хүн аз жаргалтай, ажилтай, өдөр бүр хоол идэж байгаасай.

Тахал таныг ойрхон нэрвэжээ. Хүргэн ах тань өнгөрч, эгч Лили тань бас тахалд өртөж. Та ч бас өөрийгөө тусгаарлах хэрэгтэй болсон. Та коронавирусээс айж байна уу?

– Энэ бол бидэнд тохиолдсон хамгийн онцгүй зүйл, хэзээ ч ийм юм харж байсангүй. Латин Америкийг илүү их доргиож байна. Хурдан алга болоосой, энэ тахалд нэрвэгдэж, хөлд нь үрэгдэж байгаа хүмүүс их байна. Олон хүн ажилгүй болж, талхаа олж идэх гэж зүдэрч байна. Би Путинд итгэж байна, удахгүй вакцин гаргаад авчих биз. Ингэж удаан тэсэхгүй дээ.

Хүмүүс тань руу ойртож ирээд, таныг хараад, таньд хүрээд нүүр царай нь хэрхэн өөрчлөгдөж байгааг мэдэрдэг биз?

– Би тэдэнд үргэлж талархдаг. Тэд өдөр бүр намайг гайхуулдаг. Аргентины хөлбөмбөгийн тойрогт ороод амьдарсан, үзсэн зүйлээ би хэзээ ч мартахгүй. Төсөөллөөс ч илүү ихийг олж харсан. Учир нь би олон жил гадаадад байсан. Заримдаа хүмүүс намайг хайрласан хэвээр, мэдэрсэн хэвээр байх болов уу гэж өөрөөсөө асуудаг байлаа. Gimnasia-гийн дасгалжуулагч болж талбай дээр гарсан тэр өдөр тэрхүү хайр, хүндлэл хэзээ ч дуусахгүй юм байна гэдгийг мэдэрсэн дээ.

Аргентины тэнгэрийн хөх болон цагаан өнгийг хамгаалж тоглоно, тамирчин болно гэдэг нэр төрийн хэрэг биз?

– Бид хар залуугаараа явж, гадаадад олон жил амьдарсан болохоор эх орноо их санадаг. Шигшээ багт дуудагдвал сэлээд ч хамаагүй хурдан очихыг боддог байлаа. Эх орондоо эргэж ирнэ, далбаагаа хамгаалан тоглоно гэдэг их гоё, биднийг өөр болгож, өөр юмыг мэдрүүлдэг. Аргентин хүн өрсөлдөж л байвал би бүгдийг үздэг. Аргентины далбаа намирч л байвал би дэмжээд суучихдаг. Ялан дийлж байгаа аргентин тамирчинг харах л юм бол сэтгэл хөдлөөд явчихдаг.

Месси-Бартомеу-Барселонагийн хэрэг явдлыг хэрхэн хүлээж авсан бэ. Та Мессигийн оронд байсан бол яах байсан бэ?

– Бүх юм муугаар төгсөж Лео Барсагаас явах байх гэж бодож байлаа. Надад бас ийм зүйл тохиолдож байсан. Барселона амар клуб биш. Тэр тэнд олон жил болсон, түүнтэй зохих ёсоор харьцаагүй. Тэр бүхнээ өгч, Барсаг хамгийн өндөрт гаргасан. Тэгээд нэг өдөр явахыг хүссэн ч түүнд үгүй гэж хэлсэн. Хаалга савж гарах нь амар биш ээ. Гэрээ хэлцэл гэж байна, Барса ямар том клуб билээ.. Чамайг хайрладаг хүмүүс байна. Би Наполид ийм зүйл хийгээгүй.

Либертадоресийн цомд хэн түрүүлэхээр байна? Ривер, Бока.. Аль нь вэ?

– Бока сайн байгаа, надад таалагдаж байгаа. Мигель Руссо Бокагийн хамгаалалтыг сайжруулж, хоёр гурван ч тоглогч илт сайжраад байна. Ривер Гайардотой ажиллаад удаж байна, энэ их чухал. Тэд бие биенээ сайн ойлголцдог болсон. Гэхдээ би Бокад илүү найдаж байна.

Орчуулсан: Б.Нямдорж

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *