Ирэх зургадугаар сард ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-д ажиллах 36 шүүгчийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо сонгожээ. Сонирхолтой нь, энэ тэмцээнд хөлбөмбөгийн эх орон гэгддэг Англиас ганц ч шүүгч сонгогдоогүй аж. Энэ бол сүүлийн 80 жилд анх удаа тохиож буй ховор үзэгдэл болов.
Английн Премьер лигийн шүүгч Марк Клаттенбург ДАШТ-ийг шүүх шүүгчдийн урт жагсаалтад багтсан ч Саудын Арабын шүүгчдийн холбооны даргаар сонгогдсон тул уг жагсаалтаас хасагдсан байна.
Английн хөлбөмбөгийн холбооноос ноён М.Клаттенбургийн оронд өөр англи шүүгч томилох хүсэлт гаргасан хөлбөмбөгийн холбоо татгалзжээ.
1938 оноос хойш хөлбөмбөгийн ДАШТ-д англи шүүгч ажиллаж ирсэн түүхтэй. 2010 онд Английн шүүгч Ховард Уэбб Өмнөд Африкт болсон ДАШТ-ий финалын тоглолтыг дэнсэлж байв.
Английн ерөнхий сайд Тереса Мэй хөлбөмбөгийн ДАШТ-ийг бойкот хийх санал гаргаж, нэг ч албаны хүн ОХУ-ыг очихгүй гэж шийдсэн билээ. Үүний дотор Английн хөлбөмбөгийн холбооны тэргүүн ханхүү Уильям багтсан юм.