ОХУ-ын хөлбөмбөгчид усан тамхи, ургамалын гаралтай цайнаас татгалзана

ОХУ-ын хөлбөмбөгийн холбооноос допингийн эсрэг гарын авлага гаргажээ. Хэдийгээр сүүлийн дөрвөн жилд тус улсын хөлбөмбөгчдөөс хориотой бэлдмэл илрээгүй ч удахгүй болох хөлбөмбөгийн ДАШТ-тэй холбоотой гарын авлага гаргах шаардлагатай гэж үзсэн байна.

Энэхүү гарын авлагад шиша хэмээн нэрлэгддэг усан тамхи, ургамалын гаралтай цайнаас татгалзахыг уриалсан байна. Орос мэргэжилтнүүд допинг илэрч буй байдлаас дүгнэлт хийсний эцэст хоол ундны улмаас 25 хувь, эмийн сангуудад зарагдаж буй зургаан эм тутмын нэг нь хориотой бэлдмэл агуулсан байж болзошгүйг анхааруулжээ.

ОХУ-ын шигшээ баг Евро – 2016 тэмцээнээс хасагдсаны дараа Александр Кокорин, Павел Мамаев нар Монте Карло хотод усан тамхи татаж буй зураг, бичлэг цахимд тавигдаж байв.

Шигшээ багийн эмч Эдуард Безуглов энэ сарын эхээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа ДАШТ-ий үеэр манай хөлбөмбөгчдөөс допинг илрэхгүй гэж онцолсон юм. Тэрбээр “Бусад спортод допинг хэр байгааг мэдэхгүй юм. Манай хөлбөмбөгчдөөс бол ийм асуудал гарахгүй” гэж ярьжээ.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *