Энэ долоо хоногт албан ёсоор Германы хөлбөмбөгийн дээд лигийн аваргууд тодорлоо. “Байерн Мюнхен” клуб энэ тойрогт хөршүүд болох “Аугсбург”-ийг 4:1-ээр буулган авснаар лигтээ зургаан жил дараалан түрүүлэх нь тодорхой болов.
Германы аваргуудад нэгэн хачирхалтай түүх дагаж буй. Учир юу гэвэл тэд 2000 оноос хойш гэртээ аваргын баяр тэмдэглэж үзээгүй. 2005 онд одоогийн “Алианз Арена” руу нүүсэн “Байерн Мюнхен” клуб 2000 оноос хойш 12 удаа лигийн аварга болохдоо 11-т нь айлын талбайд ялж, эсвэл тэнцсэнээр түрүүлэх нь тодорхой болж байсан бол нэг удаад нь өөрсдөө тоглоогүй ч өрсөлдөгч баг нь хожигдсоноор аваргалсан билээ.
“Байерн Мюнхен” клуб 29 тойргийн дараа 72 оноогоор хүснэгтийг тэргүүлж буй. Тэдний араас “Шальке” 52 оноотой жагсаж байгаа билээ.