Удирдлагын буруу ажиллагаа болон корона цар тахлын хамтарсан хүчин зүтгэлээр Барселона клуб санхүүгийн хямралд өртсөн учраас Ла Лигийн журамд нийцүүлэхийн тулд ихээхэн хэмжээний хэмнэлт хийх шаардлагатай. Барселона клуб нийт 200 сая еврогийн хэмнэлт хийхээс нааш шинэ тоглогч элсүүлэхийг Ла Лига зөвшөөрөхгүй. Эдгээр шинэ тоглогчдын тоонд Сэрхио Агуэро, Эрик Гарсиа, Мэмфис Депаи, Эмэрсон Роял нар ч бас орно. Уг нь ихэнх нь үнэгүй ирж байгаа тоглогчид ч гэсэн наймааг нь эцэслэж чадахгүй байдалд хүрээд байгаа юм.
Хэдийгээр ирээдүйд клубын “элчин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх замаар” нөхөн олгоно гэсэн тохироотойгоор эхний жилийн цалинг бараг тал хувиар бууруулах гэхчлэн нэлээн бүтээлч маягийн арга зам сэдсэн ч санхүүгийн энэ асуудал нь Мэссид санал болгоод байгаа 5 жилийн гэрээг нь ч бас төвөгтэй байдалд оруулаад байна. Ла Лигагаас жил бүр клубуудийн зардлыг нэлээн чанга хянадаг бөгөөд энэ хүрээнд үндсэн болон нөөц багийн бүрэлдэхүүн, академи, дасгалжуулагчид, эмч зэрэгт зарцуулах зардлын хэмжээ, цалин болон наймааны мөнгөний хуваарилалт зэргийг хатуу зохицуулдаг.
Цалингийн санг үндсэндээ клубийн орлогоос дараа улирлын үйл ажиллагааны зардал, өглөгийн төлөлтийг хасаад гарсан дүнгээс бага байхаар тооцдог. УЕФА-гийн Санхүүгийн шударга зохицуулалтаас ялгаатай нь Ла Лигийн энэ зохицуулалт улирлын төгсгөлд биш эхэнд буюу өөрөөр хэлбэл мөнгөө зарцуулж эхлэхээс нь өмнө мөрдөгддөг байна. Өнгөрсөн улирлаар (2020/21) Ла Лига Ковид хэмээн ганц удаа харж үзээд клубуудыг баг бүрэлдэхүүний хязгаарлалтыг хэтрүүлсний торгуулийг хүчингүй болгосон юм. Харин энэ улиралд тийм хайр байхгүй шүү хэмээн лигийн ерөнхийлөгч Хавиэр Тебас анхааруулжээ.
Барсагийн цалингийн санг 2019/20 улиралд 671 сая евро байсан ба өнгөрсөн 2020/21 улиралд бараг тал нь хасагдаж 347 сая евро болсон. 324 сая еврогоор буурсан нь лигийн бусад клубуудийн бууралтыг нийлүүлсэн хэмжээтэй бараг дүйцэхүйц байжээ. Сүүлд Реал Мадридын цалингийн сан 473 сая евро болж гүйцэж түрүүлэх хүртэл тэдний цалин лигтээ хамгийн их нь байлаа. Барсагийн цалингийн сан шинэ улиралд (2021/22) үүнээс ч илүү, бүр 160 сая евро хүртэл буурсан хэмээн зарим хэвлэл мэдээллүүдэд мэдээлж байгаа бөгөөд 200 сая евро ч хэмээн өөр эх сурвалжуудад мэдээлж байна. Аль нь ч байлаа гэсэн цалингийн санг маш их хэмжээгээр нимгэлжээ.
Тебас ийнхүү тайлбарлав:
- Хэрвээ клубүүд цалингийн зардлаа хэтрүүлэхээр бол хэмнэсэн мөнгөний 25 хувиас илүүгүй байлгах ёстой. (Энэ нь клубууд наймааны цэвэр ашгийн 25 хувийг шинэ зардал руу шилжүүлэн ашиглах боломжтой ба үлдсэн 75 хувийг нь төлбөрөө төлөхөд ашиглах ёстой гэсэн үг) Барселона 100 сая еврогоор тоглогч зарлаа гэхэд 25 саяыг нь л ашиглах боломжтой. Тэднийх жилийн цалингийн сан нь 25 сая еврогийн зардалтай тоглогч авчрахыг хүсэж байгаа бол ямар нэгэн байдлаар 100 саяын орлого олох ёстой. Наймаагаар юм уу эсвэл цалингаа бууруулж байгаад ч юм уу. Барсагийнх яг одоогийн байдлаар цалингийн сангаа хэтрүүлчихсэн байгаа. Цалингийн цэсийг бууруулах хүчин чармайлт нь зөв голдрилдоо орсон байгаа хэдий ч зөвхөн Мэссид зориулаад тусгай дүрэм гаргана гэж байхгүй. Мэссигийн цалинг багтаагаасай гэж би найдаж байна, гэхдээ тэгэхийн тулд тэд өөр хэн нэгнийг хасах шаардлагатай.
Барселонагийн хөлбөмбөгийн цалингийн зардал нь 2019/20 улиралд 443 сая евро болж өмнөх 501 сая еврогоос 58 сая буюу 12 хувиар буурсан боловч 2017 оны үзүүлэлттэй харьцуулбал 103 саяар буюу 30 хувь өссөн байна. Бусад спортын салбаруудын цалинг оруулаад тооцвол 487 сая, үүн дээр барааны тэмдэгтийн эрхийн төлбөрүүдийг нэмбэл 513 сая евро болно. 2020/21 улиралд 81 саяар буурч 362 сая евро болохоор төсөвт тусгагдсан. Барсагийн цалингийн сан Испанидаа төдийгүй Европын бусад клубуудээс ч хол тасархай. Ялангуяа 2019 оны 501 сая евро нь хоёрт жагсан байсан Манчестер Юнайтед клубийн 377 сая еврогоос даруй 33 хувь (124 сая евро) илүү байжээ. Цалингийн зардал нь ерөнхийлөгч асан Хосэп Мариа Бартомеугийн үед тэнгэрт гарсан байна. Үлгэр домгийн 501 сая еврогоос буугаад 443 сая евро болоод байсан 2020 ондоо ч гэсэн Барса цалингийн зардлаараа Европт тэргүүлсэн хэвээр байсан ба арын клуб Манчестер Ситигээс 42 сая еврогоор илүү байсан юм. Тебас хэлрүүн: “Барса уг нь дандаа л хязгаар дээрээ байдаг байсан. Гэхдээ цар тахал ирэхэд даанч маневрлах боломжгүй болсон доо”.
Барсагийнхан Мэссигийн жишээгээр бусад тоглогч нарыг ч гэсэн цалингаа бууруулах байх хэмээн найдаж байна. Жерар Пикэ, Марк-Андрэ тер Штеген, Френки де Ёнг, Клэмэн Ленгле зэрэг тоглогч нар хэдийн тохиролцоонд хүрсэн бөгөөд бусад тоглогч нартай ч хэлэлцээр явагдаж байгаа гэнэ. Барсагийн цалингийн эргэлтийн харьцаа уг нь бол тийм ч муу биш байсан боловч сүүлийн 52%-иас 62% болж муудсаны дээр 2020/21 улирлын ковидоос болж эрс буурсан орлогын түвшин бүр нэрмээс болох нь дамжиггүй. Аугаа Барселона яагаад ийм нуман тулгуурт орчхов хэмээн зарим улс гайхаж магадгүй. Ялангуяа 2019/20 улирлын Делоиттын мөнгөний лигийг 715 сая еврогийн орлогоор тэргүүлж байсныг нь бодсон ч тэр. Гэхдээ “Revenue is vanity, profit is sanity and cash is king” (“Орлого их бол бардам, ашиг ихтэй бол эрүүл ухаан, харин бэлэн мөнгө бол хаан” гэх маягийн) хэмээх эртний үгийг санацгаая.
Үүнээс гадна Барсагийн орлого 2020 онд 126 сая еврогоор (15%) буурсан нь Европын супер лигийн клубууд дундаа хоёрт орох үзүүлэлт. Дээр нь Манчестер Юнайтедын 131 сая еврогийн бууралт. Харин эдгээр клубууд дундаа Реал Мадридын орлогын бууралт хамгийн бага, 42 сая еврогоор буюу дөнгөж 6%. Ковидоос болж 2020 онд Барселона 203 сая еврогийн (цэнгэлдэхээс 67 сая, телевизийн 35 сая, арилжааны 72 сая, наймааны 29 сая) алдагдал хүлээсэн ба 2021 онд 267 сая еврогийн алдагдал гарах тооцоотой байгаа нь сүүлийн хоёр жилийн алдагдлыг 470 сая евро болгож байна. Үзэгчдийг цэнгэлдэхэд эргэж ирнэ хэмээн тооцоолж байсан болохоор жинхэнэ алдагдал энэ дүнгээс ч илүү гарах магадлалтай.
УЕФА-гаас 2019 онд нэвтрүүлсэн коэффициентын төлбөрийн журмын дагуу Аваргуудын лигиэс нэлээн урамшууллын мөнгө их орж ирж байгаа нь Барселона клубийн хувьд (ерөнхийдөө Испанийн клубуудэд) их давуу тал болж байгаа боловч 2015 оноос хойш их хойш шөвгийн наймаас хэтрэхээ байсан, бас 2021 онд сүүлийн 16-д л шалгарсан гэсэн үзүүлэлт хойш нь татаж байгаа юм. Мөн дээр нь Барселона клубийн арилжааны орлого ч буурч байгааг хэлэх нь зүйтэй. Арилжаа, наймааны ажлуудыг гүйцэт дуусгаж чадахгүй байгаагаас хамаарч байгаа бөгөөд мөн өмсгөлийн ивээн тэтгэгч Ракутены гэрээг 2022 оны 6-р сард сунгах дүн нь 55 саяас 30 сая евро болж буурах төлөвтэй байгаа гэнэ. Барсагийн алдагдал 2020 онд татварын өмнө 128 сая евро байсан бөгөөд харьцуулахад Реал Мадридынх 2 сая еврогийн цэвэр ашигтай байсан. Тебас аанай л өгүүлрүүн: “Реал Мадридынхан алдагдлаараа цом хүртэж буй Барселона шиг байхгүйн тулд магтууштай сайхан ажилласан.” Сүүлийн гурван жилийн дүнгээр бол Барса Мадридаас 203 сая еврогоор муу байна.
Бусдын адил Барса ч гэсэн тоглогчийн борлуулалтаас ихээхэн хамааралтай болжээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд тоглогчдын наймаанаас 382 сая еврогийн орлого олсон байна (2018 онд Неймарыг ПСЖ рүү өндөр үнээр явуулсан наймааг оруулаад). Гэвч 2020/21 улирлын төсөвт цэвэр ашиг дөнгөж 28 сая евро байжээ. Орлого 59 сая, алдагдал 31 сая евро. Юу гэсэн үг вэ гэвэл, 2020 онд Барселонагийн үйл ажиллагааны алдагдал нь 173 сая (тоглогчийн борлуулалт, хүүг хасаад), сүүлийн гурван жилд 432 сая евро болсон гэсэн үг юм. Супер лигийн гурван клуб (Ютентус, Милан, МанСити) л үүнээс илүү алдагдалтай байсан боловч Барсагаас ялгаатай нь гурвуулаа хувийн эзэмшлийн клубууд.
Барсагийн орлого ихэссэний гол шалтгаан нь Лиценз болон арилжааны үйл ажиллагааг 2019 өөрийн дотоод үйл ажиллагаа болгон оруулж ирснээс болсон боловч өндөр зардлын улмаас үр ашгийг нь гаргаж чадахгүй байгаа нь сүүлийн гурван жилд бусад зардлууд 54 сая еврогоор (32%) өссөнөөс харагдаж байна. Барселонагийн ажилчдын зардал, тоглогчдын амортизаци (тоглогчийн наймааны дүнг гэрээний хугацааны турш төлж барагдуулахыг хэлдэг. Орч.) нь гуравхан жилийн хугацаанд 67 саяас 174 сая евро болон харваж өгсөн бөгөөд Европдоо хамгийн өндөр дүн юм. Ард нь Ювэнтус 167 сая, МанСити 166 сая евро. Тоглогчдыг хямд үнээр явуулах гэвэл энэ асуудал хүндрэл үүсгэх магадлалтай юм. Жишээ нь Миралем Пьяничийн амортизацид л гэхэд 45 сая евро төлөх дутуу байгаа.
Барселона клуб наймаанд маш их мөнгө үрсэн. Сүүлийн гурван жилийн дунджаар 320 сая евро зарцуулж байсан нь түүнээс өмнөх 5 жилийн дунджаас даруй 103 саяар илүү байгаа юм. Тоглогчийн борлуулалтын орлого энэ хугацаанд нэмэгдсэн боловч нийлбэр дүнгээрээ наймаанд 64 саяас бараг хоёр дахин нэмэгдэж 132 сая еврог зарцуулсан байна. Тодорхой хэлбэл Барселона клуб сүүлийн гурван жилийн наймаанд бараг нэг тэрбум шахуу евро (960 сая) зарцуулсан нь арын клубуудээс хол тасархай. Ювэнтус 801 сая, Челси 758 сая, МанСити 678 сая евро. Нийлбэр зарцуулалтаар бол Манчестерын хоёр клубын ард. Гэхдээ тэд ихэнх наймаагаа өр тавьж хийсэн нь наймааны өглөгийн хэмжээ нь 2017 онд 64 сая евро байгаад 2020 онд 323 сая болж өссөнөөс харагдана. Энэ нь мөн л Европдоо тэргүүлэх үзүүлэлт бөгөөд ард нь Атлетико Мадрид 316 сая, Ювэнтус 301 сая, Интер 207 сая, Реал Мадрид 196 сая евро гэсэн дүнгээр жагсаж байна.
Барселонагийн нийт санхүүгийн өглөг нь хоёрхон жилийн дотор 68 саяас шууд 480 сая евро болж өссөн нь банкны зээл (279 сая) болон бонд (201 сая) хоёроос бүрдэж байна. Бэлэн мөнгө нь харьцангуй тогтвортой 162 сая евро байсан учраас цэвэр өглөг нь 114 саяас 2020 онд 318 сая болж өссөн. Өглөгийн талаарх УЕФА-гийн тодорхойлолтыг ашиглавал, санхүүгийн өглөг (банкны зээл, бонд, эзний зээл) болон наймааны өглөгөөрөө Барселона клуб 803 сая еврогоор хоёрдугаарт жагсаж байна. Урд нь Тоттэнам Хотспур 1.1 тэрбум еврогоор, гэхдээ Давируулууд энэ мөнгийг цэнгэлдэх хүрээлэн барих зорилгоор зээлсэн. Төлөгдөөгүй байгаа цалин, татварын газар, худалдааны зээлдэгч болон бусад зээлдэгчдэд өгөх өглөгийг тооцвол Барселонагийн нийт өглөг 1.2 тэрбум евро болно. Ажилчдад өгөх өглөгийн хэмжээ нь их чухал, учир нь Испанийн клубууд цалингийнхаа ихэнхийг жилд хоёр удаа л олгодог учраас их хэмжээний бэлэн мөнгийг тооцоонд оруулахад учир дутагдалтай.
Барсагийн хувьд өрийн асуудал нэлээн хэцүү байгаагийн учир нь гэвэл ихэнх өглөгийг (731 сая евро, үүний 268 сая нь банкны зээл) их богино хугацаагаар буюу 12 сарын дотор эргүүлэн төлөх нөхцөлтэй авсан байдаг. Арын хоёр нь Атлэтико 432 сая, Тоттэнам 404 сая евро. Тебас аанай л өгүүлрүүн: “Барса өрийнхөө хугацааг ахин зохицуулах хэрэгтэй. Тэгж чадвал байдал тийм ч ноцтой биш байж болно.” Уг нь Барселона сая 6-р сард Голдман Саксаас 15 жилийн хугацаатай, 3% хүүтэй зээлийн эрх нээлгэсэн. Үүнийгээ 80 саяын зээлийн эргэн төлөлт, 200 саяын бондын ахин хэлэлцээрт ашигласан. Өндөр зээлийн нэг сул тал нь зээлийн өндөр хүү. 2018 онд нэг сая евро хүрдэггүй байсан зээлийн хүү нь 2020 онд 26 сая евро болж өссөн нь Европтоо толгой цохиж байгаа юм. Ард нь Юнайтед 23 саятай. Төсөвт дурдсанаар бол энэ төлбөр 2021 онд 34 сая болж өсөх тооцоотой. Барселонагийн 2020 оны бэлэн мөнгөний эргэлт нь тэдний гол анхаарах зүйлсийг харуулж байна. 173 саяын үйл ажиллагааны алдагдал нь бэлэн бус мөнгийг нэмснээр 25 сая болж сайжирсан боловч, үүний дараа клуб тоглогч нарт 97 саяыг зарцуулж (245 сая худалдан авалт, 148 сая борлуулалт), 58 саяын үндсэн хөрөнгийн зардалд, 24 саяыг хүүгийн төлбөрт. 205 саяын шинэ зээлээр эдгээрийг санхүүжүүлсэн.
Мөнгө босгохын тулд Барса тоглогч зарах ёстой. Зардаггүй юм гэхэд зээлээр явуулж цалингийн цэсээ суллах ёстой. “Асуудал хэр хүнд вэ гэдэг нь тэдний босгож чадах хөрөнгийн хэмжээнээс хамаарна” хэмээн Тебас хэлсэн. Нөхөд одоогоор Фирпо, Тодибо, Алена, Тринкао нарыг явуулчхаад байгаа. Дээр нь нэмээд Коутиньо, Дэмбэлэ хоёрыг зарах сонирхолтой байгаа боловч нөгөө хоёр нь гэмтэлтэй байгаа учраас олигтой юм болохгүй янзтай. Умтити, Пьянич хоёрыг зүгээр сул явуулчихсан ч яах вэ гэсэн байдалтай. Товчхон хэлбэл, заръя гэсэн хүмүүс нь өөдтэй мөнгө босгохгүй. Санаагаар болдог бол Барсачууд Педри, Ансу Фати, Илайи Мориба зэрэг авъяаслаг залуус дээр нэмээд түлхүүр тоглогчид болох Гризман, де Ёнг, тер Штеген нарыг авч үлдэх сонирхолтой байгаа. Харамсалтай нь чухам эдгээр тоглогч нар нь хамгийн их анхаарал татаад байгаа нөхөд билээ.
Ерөнхийлөгч Хуан Лапорта: “Зах зээл явж л байна, гэхдээ их онцгой нөхцөл байдал үүслээ. Их хэмжээний мөнгө байхгүй, голдуу л тоглогчийг тоглогчоор солих гэсэн саналууд байна” гэж хэлсэн нь бий. Энэ нь санхүүгийн зорилгодоо хүрэхийн тулд Барселонагийн зүгээс нэлээн хүнд шийдвэрүүдийг хийх хэрэгтэй болохыг харуулж байна. Барселонагийн хувьд мөнгө босгох өөр нэг боломж нь Барса корпорациас (академи, инновацийн төв, лиценз, арилжааны бүтээгдэхүүн, студи) хувьцаа борлуулах арга байж болно. 50 хувийн төлөө 200 сая евро авсан гэх яриа бий ч Лапортад зарах сонирхол төдийлөн байхгүй бололтой.
Барсад тулгараад байгаа санхүүгийн энэхүү сүрдэм хүндрэл нь нөгөө Европын супер лигт нэгдэх гэсэн тэдний хүслийг тайлбарлаж байгаа юм. “Сайн байна уу” гээд 270 сая евро дээр нэмэгдээд эхний хоёр жил 60 сая евро, бас жил бүр найдвартай 234 сая евро хүлээж авах байлаа даа. Барселонагийн энэ асуудал гэхдээ ганц шөнийн дотор ч ирчхээгүй юм. Эдийн засаг эрхэлсэн дэд ерөнхийлөгч Эдуард Ромеугийн хэлснээр “Ковидыг хамаг юмны буруутнаар нэрлэх аргагүй. Байдал бүр өмнө нь ч эвгүйтсэн байсан.” Лапорта бол эдгээр хориг хязгааруудыг тэд “өвлөж авсан зүйл” хэмээн өмнөх удирдлагыг буруутгасан юм. Шийдэл гарц олоход нэн хэцүү, гэвч Лапорта өөдрөг байгаа. “Манайх авсан тоглогч нараа бүртгүүлж чадах болно. Амархан биш гэхдээ бид маш шаргуу ажиллаж байна. Бид дүрмийн дагуу ажиллах ёстой. Бид цалингийн цэсийг багасгаж чадах болно, эсвэл Ла Лигид зөвшөөрөгдөх шийдлийг олох болно” гэж байна.
Барселона хөлбөмбөгийн клубийн хувьд хүнд үе тохиож байна. Санхүүгийн асуудлаас гадна талбай дээрх тоглолтууд ч гунигийн. Саяын өнгөрсөн улирал нь тэдний 2007/08 улирлаас хойш анх удаа түрүү, үзүүрийн алинд нь ч байгаагүй тохиолдол байлаа. Ямар ч байсан их хэмжээний мөнгө зарцуулж наймаа хийх явдал тэдний хувьд төгсгөл болсон.
Орчуулсан: Д.Цогчулуун
2021.07.26
Эх сурвалж: https://threadreaderapp.com/thread/1419540799440707584.html
Гэрэл зургийг: https://www.theguardian.com/football/2020/jul/02/messis-influence-troubling-finances-and-boardroom-turmoil-why-barcelona-are-a-mess