Мохамед Сала “Ливерпуль”-д ялалт авчирлаа

Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт учраа таарсан Английн “Ливерпуль”, Италийн “Рома” багийн эхний тоглолт боллоо. Анфелд цэнгэлдэхэд болсон тус тоглолтод “Ливерпуль”-ийн египет довтлогч Мохамед Сала энэ улиралд одтой байгаагаа баталж, таван гоолын дөрөвт нь оролцсон юм. Тэрбээр 36 дахь минутад гоолын салхийг хагалсан бол 46 дахь минутад тооны харьцааг 2:0 болгов.

Улмаар хоёрдугаар хагасын 56 дахь минутад Садио Манед, 61 дэх минутад Роберто Фирминод гоолын дамжуулалт өгч, тоглолтын шилдгээр шалгарлаа. Египетийн баатар болоод буй М.Сала энэ улиралд Аваргуудын лигт 10 гоол, 7 оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ.

Тус тоглолтын 69 дэх минутад Жэймс Милнерийн булангийн цохилтыг Р.Фирмино гоол болгож, тооны харьцааг 5:0-ээр холдуулсан.

Ийнхүү Ж.Милнер Аваргуудын лигийн нэг улиралд 9 оновчтой дамжуулалт өгсөн амжилтаараа рекорд тогтоов. Тэрбээр Уэйн Руни, Неймар нартай зэрэгцээд байсан юм. Түүний араас багийнх нь хамтрагчид болох Р.Фирмино, М.Сала нар 7 дамжуулалт өгсөн амжилтаар нэхэж явна.

Өмнөх шатанд “үлгэр” үзүүлж, “Барселона”-г гомдоосон ромачууд амар бууж өгсөнгүй. 81 дэх минутад Эдин Жеко талбайн эздийн хаалгыг мялааж, үүнээс дөрвөн минутын дараа 11 метрийн торгуулийн цохилтоор Диего Перотти тооны харьцааг 5:2 болгов.

Ингэснээр ромачууд өмнөх түүхээ давтах боломжтой хоцорлоо. Тэд “Барселона”-д эхний тоглолтод 4:1-ээр хожигдсон ч нутагтаа 3:0-ээр илүүрхэж, нийлбэр дүнгээр хожсон юм. Ирэх долоо хоногт талбайдаа хийх хариу тоглолтод дээрх түүхээ давтвал шигшээд шалгарах боломжтой.

 

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *