Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт учраа таарсан Германы “Бавари Мюнхен”, Испанийн “Реал Мадрид” баг эхний тоглолтоо “Бавари”-гийн талбай дээр хийлээ.
Тус тоглолтын 28 дахь минутад талбайн эздээс Жошуа Киммич гоолын салхийг хагалсан ч давуу байдлаа удаан хадгалж чадсангүй. Нэгдүгээр үеийн 44 дэх минутад Марсело тооны харьцааг тэнцүүлсэн.
Хоёрдугаар хагасын 57 дахь минутад “Бавари Мюнхен”-ий хамгаалагч Рафинья алдаа гаргаж, түүний алдааг сэлгээнээс талбайд орж ирсэн Марко Асенсиа гоол болгосноор багтаа тэргүүлэл авчирсан юм.
Ийнхүү “Реал Мадрид” Аваргуудын лигт 150 дахь ялалтаа байгуулав. Энэ бол бусад багуудтай харьцуулахад илүү тоо. Харин энэ улиралд Аваргуудын лигт тоглолт бүрдээ гоол оруулсан Криштиану Роналду анх гоолгүй өнжлөө. Аваргуудын лигийн хасагдах шатанд бразил хамгаалагч Марсело 7 гоол оруулсан үзүүлэлтээр хамгаалагчдаа тэргүүлдэг аж.
Испанийн “Реал Мадрид” баг Германы багийн эрлэг гэхэд буруудахгүй бололтой. Тус хоёр баг хоорондоо таарсан зургаан тоглолтод Эзэн хааны баг ялалт байгуулав. 2012 онд хариу тоглолтод “Реал” ялж, улмаар торгуулийн цохилтоор “Бавари” илүүрхсэн бол 2014 онд хоёр тоглолтын нийлбэр дүн 5:0-ээр өндөрлөж байв. Өнгөрсөн жил хоёр тоглолтын нийлбэр дүн 6:3-аар илүүрхсэн түүхтэй.