Английн шигшээ болон “Ливерпуль” клубийн домог Стивен Жерард дасгалжуулагчийн албанд томилогдоод удаагүй. Энэ жил 37 настай нэрт хөлбөмбөгчин эр “Ливерпуль”-ийн 18 хүртэлх насны өсвөрийн шигшээгийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа боловч тун удахгүй мэргэжлийн хөлбөмбөгийн багийн ахлах дасгалжуулагч болж магадгүй гэнэ.
Шотландын “Рейнжерс” багийн эзэн Дэйв Кинг өнгөрсөн аравдугаар сард халагдсан Педро Кайксинагийн оронд С.Жерардыг томилохоор төлөвлөж байгаа бололтой. Тус клубийн хөлбөмбөг хариуцсан захирал Марк Аллен өнгөрсөн долоо хоногт С.Жерардтай ажил хэргийн уулзалт хийсэн аж.
Харин С.Жерард ахлах дасгалжуулагчийн албанд очих гэж төдийлөн яарахгүй байгаагаа сэтгүүлчдэд ярьж байв. Тэрбээр өөрийнхөө ур чадварыг хөгжүүлэх талаар бодож байгаа бололтой. Түүнд Английн премьер лигээс өгсүүлээд өөр бусад лигээс ч санал ирсэн. Гэхдээ тохиромжтой цаг үеийг хүлээж, нэг багтаа удаан хугацаанд ажиллахыг тэр хүсч байгаа гэнэ.