Португалын шигшээ болон Испанийн “Реал Мадрид” багийн довтлогч Криштиану Роналду албан ёсоор Италийн “Ювентус”-т очлоо. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Италийн баг нэрт довтлогчийг авахын тулд 105 сая фунт стерлинг буюу 139 сая ам.доллар зарцуулсан аж. Түүнчлэн “Telegraph” сонины спортын сэтгүүлч Люк Эдвардсын мэдээлснээр К.Роналду долоо хоногт 500 мянган фунтын цалин авах гэнэ. “Ювентус” шинэ довтлогчтойгоо дөрвөн жилийн гэрээ байгуулжээ.
К.Роналду Аваргуудын лигт түрүүлснийхээ дараа багтаа үлдэх хүсэлгүй байгаагаа зарласан юм. Зарим нь үүнийг цалингаа нэмүүлэх арга гэж таамаглаж байсан ч бодит байдал дээр өөр зүйлс нөлөөлсөн бололтой. Өдгөө 33 настай К.Роналдугийн төлөө ийм их мөнгө зарцуулж, тийм их хичээл зүтгэл гаргасан нь бас эрсдэлтэй алхам юм.
Португал довтлогч “Реал Мадрид” клубт 438 тоглолтод оролцож, 450 гоол оруулсан төдийгүй 15 цом авчирсан. Тэрбээр дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр дөрвөн удаа нэрлэгдсэн юм.
К.Роналду Аваргуудын лигийн түүхэнд “Ювентус”-ын эсрэг тоглохдоо 10 гоол оруулсан. Энэхүү үзүүлэлтээр тэр нэг багийн эсрэг хамгийн олон гоол оруулсан тоглогч болсон юм. Түүнчлэн “Реал”-д байхдаа 84.05 минутад нэг гоол оруулж, 119 оновчтой дамжуулалт өгсөн билээ.