Сон Хын Мин Азийн наадамд оролцоно

БНСУ-ын шигшээ болон Английн “Тоттенхэм” клубийн довтлогч Сон Хын Мин улсаа төлөөлөн Азийн наадамд оролцохоор болжээ. Индонезийн Жакарта хотод болох шар тивийн олимпод улс тус бүрээс 20 хөлбөмбөгчин дуудагдаж, эх орноо төлөөлөх юм. Гэхдээ энд 23-аас дээш насны гурван хөлбөмбөгчин багтах боломжтой. Өдгөө 26 настай Сон Хын Мин дээрх гурван тоглогчийн нэг болсон аж. “Тоттенхэм” клубийн зүгээс ДАШТ-д оролцсон тоглогчоо явуулахгүй үлдээх боломжтой, учир нь Олон улсын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг тэмцээн биш ч БНСУ-ын баг түрүүлчихвэл Сонд цэргээс мултрах боломж үүсэх тул хориглож чадаагүй юм.

БНСУ-ын хуулиар тус улсын эрэгтэй хүн бүр 28 нас хүрэхээсээ өмнө 21 сар цэргийн алба хаах шаардлагатай тулгардаг. Харин шигшээ багтайгаа онцгой амжилт үзүүлсэн тохиолдолд энэ хууль хэрэгжихгүй юм. Соны хувьд Азийн наадамд заавал түрүүлэх ёстой аж.

Дөрвөн жилийн өмнө Инчёнд болсон Азийн наадамд Өмнөд Солонгосын баг нутаг дээрээ түрүүлсэн ч Сон Хын Миний хувьд тэр шигшээд багтаж чадаагүй юм.

Азийн наадамд оролцох болсноор солонгос эр “Тоттенхэм”-ийн улирлын эхний дөрвөн тоглолтод оролцохгүй байх бололтой. Учир нь тус тэмцээн есдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ гэж тооцвол “Ньюкастл”, “Фүлхэм”, “Манчестер Юнайтед”, “Уатфорд” зэрэг дөрвөн тоглолтод оролцохгүй гэнэ.

 

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *