Аваргуудын лигийн хоёрдугаар тойргийн тоглолт өндөрлөв. Испанийн “Барселона”, Италийн “Интер” болон “Атлетико Мадрид”, “Борусси Дортмунд” багууд зургаан оноотой болж, хэсгээ итгэл төгс тэргүүлж явна.
Хэсэг А
Атлетико Мадрид 3:1 Клуб Брюгге
Испанийн клубт зүтгэдэг франц довтлогч Антоун Гриззман Аваргуудын лигийн 8000 дахь гоолын эзэн боллоо. Тэрбээр 28 дахь минутад гоолын салхийг хагалсан ч эсрэг багийн нигерь тоглогч Арно Груневелд эхний хагаст тоог тэнцүүлсэн. Гэхдээ хоёрдугаар үед А.Гриззман, Кокэ нар тооны харьцааг холдуулж, “Атлетико Мадрид” хоёр тоглолтоос зургаан оноотой боллоо.
“Атлетико Мадрид”-ын адил Германы “Борусси Дортмунд” хэсэгтээ хоёр тоглоод зургаан оноотой боллоо. Хоёрдугаар үед сэлгээнээс талбайд гарсан дани хөлбөмбөгчин Якоб Бруун-Ларсен эхний гоолыг оруулж, испани довтлогч Пако Алькасер, багийн ахлагч Марко Ройс нар тооны зөрүүг холдуулжээ.
Хэсэг Б
Бразил хагас хамгаалагч Филиппе Коутиньо хоёр дахь, хорват эр Иван Ракитич 28 дахь минутад гоол оруулж, эхний хагаст Каталаны баг илүүрхсэн. Хоёрдугаар үед талбай дээрээ тоглож буйгаа “ухаарсан” Хойд Лондоны клубийн ахлагч Харри Кэйн тооны зөрүүг ойртуулсан ч Лионель Месси тэдэнд боломж олгосонгүй. Хоёр багаас аргентин эрчүүд төгсгөлийн гоол оруулж, Л.Мессигийн Аваргуудын лигт оруулсан гоолын тоо 105-д хүрлээ.
Талбайн эзэн багаас Пабло Росарио эхний гоолыг оруулсан ч Рада Наингголан, Мауро Икарди нар багаа ялалтад хөтлөв. Ингэснээр Италийн “Интер Милан” клуб зургаан оноотой, Барсагийн хамт хэсгээ тэргүүлж байна.
Хэсэг С
Францын аваргууд эхний тоглолтод хожигдсон уураа Сербийн багт гаргалаа. Бразил довтлогч Нэймар Аваргуудын лигийн энэ улиралд хет трик толилуулсан дөрөв дэх тоглогч боллоо. Түүнчлэн Аваргуудын лигт нэгээс олон удаа хет трик хийсэн гурав дахь бразил тоглогч болсон юм. Түүнээс өмнө Луис Адриано, Адриано нар ийм үзүүлэлт харуулж байв. Үүгээр ч зогсохгүй, Аваргуудын лигт 30 дахь гоолоо оруулж, Какагийн амжилттай зэрэгцлээ.
Италийн “Наполи” клуб 90 дэх минутад Лоренцо Инсиньегийн оруулсан гоолын ачаар хоёр тоглолтоос дөрвөн оноотой болж, хэсгээ тэргүүлж эхэллээ.
Хэсэг Д
Цаг агаарын хүнд хэцүү нөхцөлд өрнөсөн уг тоглолт америк эр Уэстон Маккеннигийн мөргөж оруулсан ганц гоолоор өндөрлөв. Оросын клуб хоёр дахь ялагдлаа хүлээсэн бол “Шальке” 4 оноотой боллоо.
Моусса Марегагийн 49 дэх минутад мөргөж оруулсан гоолын ачаар “Порто” ялалт байгуулав. Хашир хаалгач Икер Касильяас, хамгаалагч Фернандо Муслерагийн чадварлаг тоглолтын ачаар Португалын клуб хаалгандаа гоол алдаагүй юм.