Испанийн “Реал Мадрид” клубийн удирдлага дасгалжуулагч Хулен Лопетегиг албан ёсоор халж байгаагаа зарлав. Өнгөрсөн зургадугаар сард Зинедин Зиданы оронд дасгалжуулагчийн албанд томилогдсон Хулен улирал эхлээд 14 тоглолтын дараа албан үүргээ хүлээлгэн өгөв.
Өнгөрсөн ням гаригт Эл Классикод гол өрсөлдөгч “Барселона”-гийн талбайд 5:1-ээр ялагдсан юм. Тус тоглолтод эсрэг багийн лидер Лионел Месси тоглоогүй. Луис Суарес хет трик хийж, багаа ялалтад хөтөлсөн билээ.
Энэ тоглолтын дараа Эзэн хааны баг Ла Лигийн хүснэгтэд есдүгээр байрт бичигдэж, Каталаны клубээс долоон онооны зөрүүтэй нэхэж явна.
Өдгөө 52 настай Хулен Лопетеги 2016-18 оны хооронд Испанийн шигшээ багийг дасгалжуулж байгаад ДАШТ эхлэхээс гурав хоногийн өмнө ажлаа хүлээлгэж өгсөн. Испанийн шигшээгийн 17 хүртэлх насны залуучуудын багт туслахаар ажилласнаас эхлээд бүх насны шигшээг удирдаж байв.
Түүний оронд түр хугацаанд Сантиаго Солари “Реал”-ыг дасгалжуулна. Аргентин эр 2013 оноос “Реал”-ын залуучуудын багийг, 2016 оноос “Реал Мадрид Б” багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан юм.