Английн шигшээ багийн довтлогч Уэйн Руни ирэх сард АНУ-ын эсрэг хийх тоглолтод оролцож, шигшээдээ сүүлийн тоглолтоо хийхээр боллоо.
Өдгөө 33 настай У.Руни 2016 оны арваннэгдүгээр сард Шотландын эсрэг тоглолтоос хойш шигшээдээ дахин дуудагдаагүй. Өдгөө “ДС Юнайтед” багт зүтгэж буй англи довтлогч энэ сарын 15-нд АНУ-ын эсрэг хийх нөхөрсөг тоглолтод оролцохоор боллоо. Ингэснээр У.Руни Английн шигшээгийн төлөөх 120 дахь тоглолтод оролцох юм.
Гэхдээ энэ тоглолтоос олох орлогыг сайн үйлсэд зориулах гэнэ.
Нөхөрсөг тоглолт алдарт “Уэймбл” цэнгэлдэхэд болно. Энэ үеэр тус цэнгэлдэхийн нуман багана У.Рунид зориулж, алтлаг өнгөтэй байх бололтой.
Нөхөрсөг тоглолт Улаанбаатарын цагаар энэ сарын 16-нд 4:00 цагт эхэлнэ.
Английн шигшээ багт хамгийн олон тоглолт хийсэн:
- Петер Шилтон (хаалгач) – 125
- Уэйн Руни (довтлогч) – 119*
- Дэвид Бекхэм (хагас хамгаалагч) – 115
- Стивен Жерард (хагас хамгаалагч) – 114
- Бобби Мур (хамгаалагч) – 108
Тайлбар: Английн шигшээд 100-гаас олон тоглолт хийсэн 9 тоглогч бий.
Английн шигшээ багт хамгийн олон гоол оруулсан:
- Уэйн Руни (довтлогч) – 53
- Бобби Чарлтон (довтлоч) – 49
- Гари Линекер (довтлогч) – 48
- Жимми Гривес (довтлогч) – 44
- Майкл Оуэн (довтлогч) – 40