Хөлбөмбөг: Афганистаны хөлбөмбөгийн холбооны тэргүүн эмэгтэй тамирчдад дарамт үзүүлсэн хэргийг шалгана

Афганистаны хөлбөмбөгийн холбооны зургаан хүнийг эмэгтэй тамирчдад бэлгийн дарамт учруулсан хэргээр эрхийг нь хязгаарласан байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа тул одоогоор ийм арга хэмжээ авчээ.

Афганистаны хөлбөмбөгийн холбооны удирдлагууд, арын албаны ажилчидтай холбогдох дуулианд тус холбооны тэргүүн Керамуддин Керам хүртэл нэр холбогдсон юм. Энэ талаар Их Британийн “Guardian” сонин анх олон нийтэд мэдээлсэн бөгөөд одоо Афганистан даяар дуулиан тарьж эхэлжээ.

Эмэгтэй хөлбөмбөгчид бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртдөг, олонд мэдэгдвэл амь насанд нь халдахаар сүрдүүлдэг. Орон нутгийн тэмцээн, холбооны төв байр тэр ч бүү хэл өнгөрсөн хоёрдугаар сард Йорданд хийсэн бэлтгэлийн цугларалтын үеэр ийм дарамт байсан талаар Их Британийн хэвлэлд онцолсон юм.

Афганистаны хөлбөмбөгийн холбооноос зориуд бидний нэр хүндийг унагах гэсэн оролдлого хэмээн тайлбарласан.

Тэгвэл энэ мэдээллийг тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани зүгээр өнгөрүүлэхгүй гэдгээ мэдэгджээ. Түүний тушаалаар олон нийтийг цочирдуулсан хэрэгт мөрдөн байцаалт явуулахаар болсон юм. Тиймээс холбооны тэргүүн Керамуддин Керам нарын хэрэгт холбогдсон зургаан хүний албан тушаалыг нь цуцалж, шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *