Францын залуу од Клиан Мбаппе өнөөдөр 20 нас хүрлээ. Францын Парис хотод 1998 оны арванхоёрдугаар сарын 20-нд мэндэлсэн залуу эр хэдийнэ дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг болжээ. Түүний талаарх сонирхолтой тоон баримтыг хүргэе.
145 сая евро
Энэ бол “ПСЖ” клубийн “Монако”-гоос түүнийг худалдаж авсан мөнгөн дүн. Гэрээнд заасан ёсоор энэ дүн 180 сая евро ч болох боломжтой. Түүний урд хамгийн өндөр үнэтэй ганцхан хөлбөмбөгчин бий. Тэр бол нэг багийн хамтрагч Нэймар (222 сая евро) юм. Харин К.Мбаппе өсвөр насандаа хамгийн өндөр үнэ хүрсэн хөлбөмбөгчин. Түүний ард “Монако”-гоос “Манчестер Юнайтед”-ийг 49.3 сая еврогоор зорьсон Антони Марсиаль жагсдаг.
60 жил
Килиан Мбаппе Аргентинийн эсрэг хийсэн тоглолтод хоёр гоол оруулснаар өсвөр насандаа ийм үзүүлэлт хийсэн тав дахь тоглогч болсон юм. Хамгийн анх 1930 онд Мексикийн Мануэль Росас, 1934 онд Германы Эдмунд Конен, 1958 онд Бразилын Хосе Алтафини болон Пеле нар 20 хүрээгүй үедээ ДАШТ-ий нэг тоглолтод хос гоолын эзэн болж байлаа. Түүнчлэн К.Мбаппе 1998 онд Майкл Оуэн дөрвөн тоглолтод хоёр гоол оруулснаас хойш өсвөр үедээ хамгийн олон гоол оруулсан тоглогч болсон билээ.
32 гоол
К.Мбаппе 2017 онд “Монако” болон “ПСЖ”-гийн бүрэлдэхүүнд байхдаа бүх тэмцээнийг оролцуулаад 32 гоол оруулсан юм. Энэ бол 20 нас хүрэхээсээ өмнө Европын ТОП 5 лигт хийсэн хамгийн олон гоолын үзүүлэлт. Өмнөх рекордыг 1998 онд “Ливерпуль”-ийн Майкл Оуэн 29 гоолтойгоор эзэмшиж байлаа.
24.1 сая дагагч
Франц залуу 2016 оны арванхоёрдугаар сард инстаграм хуудастай болсон юм. Одоогоор өсвөр насандаа түүн шиг олон дагагчтай од үгүй. Бүр дуучин Бруно Марс (21.8 сая), Бритнэй Спирс (21.5 сая), улс төрч Барак Обама (19.4 сая), Арнолд Швайрцнеггер (15.7 сая) зэрэг ододоос ч олон дагагчтай болжээ.
18 нас 95 хоног
Францын шигшээд дебютээ хийхдээ тэр 18 нас, 95 хоногтой байв. Гэхдээ тэр шигшээдээ анхны тоглолтоо хийсэн хамгийн залуу тоглогч биш. Марьян Висньески 1955 онд К.Мбаппегаас 34 хоногоор залуу байхдаа анхны тоглолтоо хийсэн түүхтэй. Дашрамд, Гурван өнгөтнүүдийн домгууд болох Мишель Платини, Зинедин Зидан нар 20, 22 настайдаа улсынхаа төлөөх анхны тоглолтоо хийсэн билээ.
16 нас 347 хоног
“Монако”-гийн түүхэнд 16 нас, 347 хоногтой К.Мбаппе үндсэн багт багтсан хамгийн залуу тоглогч болж, 17 нас, 62 хоногтой тус клубийн түүхэнд хамгийн залуудаа талбайд гарсан тоглогч болсон юм. Өмнөх рекордыг Терри Анри эзэмшиж байлаа.
13 гоол
К.Мбаппегийн өсвөр насандаа Аваргуудын лигт оруулсан гоолын тоо. Өмнөх рекордыг Патрик Клюйверт “Аякс”-т байхдаа 7-г оруулсан гэдгээрээ эзэмшиж байлаа. Рауль болон Карим Бензема нар 20 хүрэхээсээ өмнө 6 гоол оруулсан аж.
10 гоол
Шигшээдээ 20 нас хүрэхээсээ өмнө 10 гоол оруулсан. Энэ үзүүлэлтээр тэр гуравдугаарт бичигддэг. Домогт Пеле (26), Харалд Нелсен (15) нар л түүний урд жагсана. Харин Имре Шлоссер (Унгар), Уэйн Руни (Англи) нар К.Мбаппетай ижил 10 гоол оруулсан бол Влозимеж Любаньский (Польш), Поль ван Химст (Бельги), Кристиан Пулишич (АНУ) тус бүр 9, Диего Марадона (Аргентин) 8, Криштиану Роналду (Португал) 7 гоол оруулжээ.
3
ДАШТ-ий шигшээд 20 нас хүрэхээсээ өмнө тоглосон гурав дахь тоглогч. Түүнээс өмнө Пеле 1958 онд, Жузеппе Бергоми 1982 онд тоглож байв. Тэрбээр Пелегийн адил шигшээд гоолдсон тоглогч болсон юм.
2
Time сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий 25 өсвөр насны жагсаалтад спортын төлөөлөл хоёр хүн орсон юм. Нэг нь манай нийтлэлийн баатар, харин нөгөөх нь сноубордоор олимпийн аварга болсон 17 настай Клое Ким байжээ.