Чансаагаараа тивдээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн шөвгийн 16-гийн сугалаа гарчээ. Хамгийн сонирхолтой тулаан бол Италийн “АС Милан”, Английн “Арсенал”-ын хооронд болно.
Тус хоёр баг өмнө нь зургаан удаа таарч, тус бүр хоёр хожиж, хоёр тэнцэж бас хоёр хожигдсон үзүүлэлттэй. Анх 1994 оны Европын Супер цомд учраа таарч, эхний тоглолт гоолгүй тэнцсэн бол хариу тоглолтод хорват хагас хамгаалагч Звонимир Бобан, итали довтлогч Даньел Массаро нарын ачаар “Милан” түрүүлж байв.
Үүнээс хойш Европын дэвжээнд таарахгүй байсаар 2008 оны аваргуудын лигийн шөвгийн 16-д сугалаа таарч, энэ удаа Английн баг хариугаа авсан юм. Эхний тоглолт эвийн гэрээгээр өндөрлөж, сүүлийн тулаанд Цеск Фабрегас, Эммануэль Адебайор нар гоолдсон.
Харин хамгийн сүүлд 2012 онд мөн л шөвгийн 16-д таарч, эхний тоглолтод италичууд 4:0, хариу тулаанд Лондоны баг 3:0-ээр илүүрхэж, нийлбэр дүнгээр “АС Милан” дараагийн шатанд шалгарсан юм.
Европа лигийн шөвгийн 16-гийн сугалаа:
Лацио (Итали) – Динамо Кьев (Украин)
Лейпциг (Герман) – Зенит (ОХУ)
Атлетико Мадрид (Испани) – Локомотив Москва (ОХУ)
ЦСКА (ОХУ) – Лион (Франц)
Марсель (Франц) – Атлетико Билбао (Испани)
Спортинг Лисбон (Португал) – Виктория Пльзень (Чех)
Борусси Дортмунд (Герман) – Ред Булл Салцбург (Герман)
АС Милан (Итали) – Арсенал (Англи)