Францын “Парис Сэйнт Жэйрман” клубийн бразил довтлогч Неймар хөлний хурууны яс болон шагайны гэмтлийн улмаас нутагтаа хагалгаанд орсон юм. Үүний дараа Бразилын шигшээ багийн эмч Родриго Ласмар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн бөгөөд 26 настай Неймар дор хаяж гурван сар талбайд гарахгүй нь тодорхой болжээ.
Тэрбээр бразил довтлогчийг ирэх зургадугаар сард нээлтээ хийх хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох боломжтой гэж үзсэн байна.
Гэхдээ өнгөрсөн зун 200 сая еврогоор Францын багт очсон Неймар энэ улирлыг өнжих болжээ.
Түүнийг гэмтэл авсны дараа “ПСЖ”-гийн дасгалжуулагч Унай Эмери ирэх долоо хоногт “Реал Мадрид”-тай хийх аваргуудын лигийн тоглолтод оролцох багахан боломж бий гэж үзэж байсан ч Нэймарын аав нь сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө 6-8 долоо хоног жагсаалаас гарсан гэж ярьсан юм.
Харин доктор Ласмар нутгийнхаа “O Globo” сонинд өгсөн ярилцлагадаа “Түүний хагалгаа өнгөрсөн бямба гаригт Бело Хоризонтед болсон. Ойролцоогоор 2.5-3 сарын дараа эдгэрэх боломжтой” гэсэн юм.