Иван Саввидигийн “орк” зан Грекийн лигт гай дуудав

Өнгөрсөн ням гаригт Грекийн супер лигийн нэгэн тоглолтын үеэр “ПАОК Салоника” багийн эзэн Иван Саввиди талбай дээр буутай “зочилж”, шүүгчид халдахыг завдсан хэрэг мандсан билээ. Тэрбээр шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж, бухимдахдаа ийн аашилсан юм.

Энэ явдлаас болж, аюулгүй байдлын үүднээс эсрэг багийн тоглогчид талбайг орхисон бөгөөд эргэж гарч ирээгүй. Улмаар тоглолтыг хоёр цагийн дараа албан ёсоор цуцалснаа зарласан юм. Орон нутгийн цагдаагийнхан олон нийтийн газар танхайрсан хэргээр ноён Саввидигийг саатуулжээ.

Тус улсын спортын сайд Жиоржос Василиадис даваа гаригт ерөнхий сайд Алексис Ципрастай энэ асуудлаар ярилцаж, эцэст нь лигийн бүх тоглолтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан байна. Жиоржос лигийн дүрмийг өөрчилж, шинэчлэхээс нааш дахин тоглолт болохгүй гэж ярьжээ.

Иван Саввиди гэж хэн бэ?

Саввиди бол Грекийн толгой баячуудын нэг. Грекийн Жоржиод төрсөн бөгөөд Оросын парламентийн гишүүн байсан эрхэм. Нэгдсэн Орос намын гишүүн бөгөөд Оросын төрийн тэргүүн Владимир Путины ойрын хүн гэгддэг. ЗХУ-ын армид алба хааж, Ростовын их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцаж төгссөн бизнесмэн юм. Тамхины сүлжээ дэлгүүрээр бизнесийн гараагаа эхэлж, өдгөө Оросын тамхины хамгийн том үйлдвэрлэгч компанийн эзэн болжээ. Орос дахь бизнесээ Грект үргэлжлүүлж, 2013 онд Грекийн тамх үйлдвэрлэгч “SEKAP” компанийн 82 хувийг худалдаж авсан юм.

Саввиди хөлбөмбөгт элэгтэй нэгэн. 2002 оноос “Ростов ФС” клубийн ерөнхийлөгчөөр сонгогдож, гурван жилийн дараа “СКА” клубийн эзэн болсон билээ. 2012 оноос Грекийн “ПАОК” клубийн эзэн болжээ.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *