Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд энэ сарын 27-нд буюу ирэх мягмар гаригт Монголын насанд хүрэгчдийн шигшээ баг Африк тивийн Маврики улсын багтай нөхөрсөг тоглолт хийнэ. Тэд өчигдөр Макаогийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж, 1:0-ээр хожсон аж.
Монгол-Маврикийн шигшээ багийн нөхөрсөг тоглолт энэ сарын 27-нд Монголын хөлбөмбөгийн холбооны талбай дээр 18:00 цагаас болох юм. Тоглолтын тасалбарын үнэ 5000 төгрөг.
Тоглолтын 18 дахь минутад Английн “Ипсвич Таун”-д данстай франц гаралтай Маврикигийн тоглогч, багийн ахлагч Кевин Бру гоол оруулсан юм.
Маврикийн шигшээ багийг өнгөрсөн жилээс бразил мэргэжилтэн Франчиско Фило хэмээх дасгалжуулагч удирдах болсон билээ. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Того улстай нөхөрсөг тоглолт хийхэд багийн бүрэлдэхүүнд багтсан цөөнгүй тоглогч нутгаасаа өөр улсын багт данстай байв. Тодруулбал, багийн ахлагч Кевин Бругаас гадна “Парис ФС” багт данстай Адель Ланге, англи гаралтай довтлогч Гари Ноель, бельгид төрсөн хамгаалагч Кильян Ярнард нар багтжээ.
Маврикигийн шигшээ багийн талаарх баримтууд:
Анхны тоглолт: 1947 онд Реюньонийн багтай хийж 2:1-ээр ялж байв.
Дэлхийн чансаа: 158
Хамгийн том амжилт: 1974 онд Африкийн цом тэмцээнд оролцох эрхээ авсан.
Багийн ахлагч: Кевин Бру
Багийн хоч: Додо шувуу, М клуб
Маврикид хамгийн олон хүн сонирхдог спорт бол хөлбөмбөг. Анх 1947 онд шигшээ баг нь байгуулагдаж, эхний тоглолтоо хийсэн ч үүнээс хойш 20 жилийн турш Мадакасгар арал болон Реюньонийн шигшээ багаас өөр багтай тоглолт хийгээгүй. Зөвхөн энэ нутагт амьдардаг байсан тагтааны төрлийн нисдэггүй шувуу Додог шигшээ багийнхаа албан ёсны хочоор сонгосон юм.
Спорт сонирхогчдод сонирхуулахад, Маврики улс зуны олимпоос нэг л медаль авсан түүхтэй. Бээжингийн олимпод боксын төрлөөр “Маврикийн шидтэн” хочит Бруно Жулье хүрэл медаль зүүсэн түүхтэй.