Олон улсын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш “Кока Кола” компани 2006 оноос ДАШТ-д түрүүлсэн багт олгодог “Алтан дагина” цомыг олон улсад аялуулдаг болсон билээ. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү аялал энэ жил 50 гаруй улсад зочлох бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 23-нд Монголд ирнэ.
Энэ өдөр Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цомыг угтан авч, үндэсний шигшээ багийнхантай дурсгалын зураг авхуулах юм. Энэ үеэр Монголын шигшээ багийн тамирчид нээлттэй тэмцээн зохион байгуулах талаар өнөөдөр болсон хэвлэлийн бага хуралд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар сэтгүлчдэд мэдээлэл өгөх үеэр онцоллоо.
Хөлбөмбөгийн спортыг олонд танилцуулах үүднээс “Кока Кола” компаниас зохион байгуулдаг эл аялал 2017 оны есдүгээр сараас ДАШТ-ийг зохион байгуулагч ОХУ-аас гараагаа эхэлсэн юм. Улмаар ирэх зургадугаар сар хүртэл 9 сарын хугацаанд 126 мянган км зам туулна.
Сонирхуулахад, 2006 онд зохиогдсон анхны аялалд 29 орны 175 мянган хөгжөөн дэмжигчид “Алтан дагина”-тай дурсгалын зураг авхуулсан түүхтэй. Хоёр удаагаа 2010 онд болоход 84 орноор аялсан бөгөөд үүнээс 50 гаруй нь Африкийн улс байсан юм. Үр дүнд нь нэг сая орчим хүн энэ үйл явдлын гэрч болсон билээ. Харин дөрвөн жилийн өмнө 267 хоногийн турш 90 гаруй орноор “зугаалж”, 1.3 сая хөгжөөн дэмжигчид өөрийн нүдээр цомыг харсан аж.
Энэ жилийн хувьд Германы Фрэнкфурт хотод дөрөвдүгээр сарын 22-нд айлчилсан “Алтан дагина” Улаанбаатарт ирэх бөгөөд хоёр хоногийн дараа БНХАУ-ын Бээжин, Шанхай, Японы Токио, Осакагаар зочлоод Орос руу буцах юм.
Өнөөдөр болсон хэвлэлийн бага хуралд Кока Кола компанийн Монгол дахь албан ёсны түнш “М-Си-Эс Кока Кола” компанийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав оролцлоо. Тус компанийн зүгээр дөрөвдүгээр сарын 23-нд хөлбөмбөгийн холбоонд цомыг хүлээн авах ёслолын ажиллагааны дараагаар 13:00-20:00 цагийн хооронд Шангри-Ла Моллд “Алтан дагина”-ыг олон нийтэд үзүүлж, дурсгалын зураг авхуулах боломжийг олгох аж.