“Хөх чонон”-ууд “Додо” шувууг барсангүй

Өчигдөр Монголын хөлбөмбөгийн шигшээ баг талбай дээрээ Африк тивийн Маврики улсын шигшээ багийг хүлээн авлаа. Монголын хөлбөмбөгчид анх удаа хар тивийн төлөөлөгчидтэй учраа таарсан түүхэн тоглолт 0:2-ээр зочин багийн ялалтаар өндөрлөв. Хэдийгээр ялалт манайд ирээгүй ч шигшээ багийнхан маань чадлаараа зүтгэсэн. Гоол оруулж болох цөөнгүй боломж гаргасан ч ашиглаж чадсангүй. Тоглолтын ердөө дөрөв дэх минутад манай шигшээ баг торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авсан ч эсрэг багийн хаалгач багаа аварсан юм. Улмаар хаалгачийн цөлсөн бөмбөг довтолгоонд шилжиж, ердөө нэг минутын дараа 193 см өндөртэй, үлэмж биет довтлогч Жастин Жонатан гоолын салхийг хагалав. Ж.Жонаданы хувьд шигшээдээ 11 тоглолт хийснээс гоол оруулж амжаагүй байсан ч анхны гоолоо оруулав. Энэ жил 27 настай довтлогч эр 2015 оноос шигшээ багтаа дуудагдсан юм.

Харин хоёр дахь гоолын эзнээр хамгаалагч Жен Фабрик Аугистин тодров. 34 дэх минутад багийн ахлагч Кевин Бругийн гүйцэтгэсэн булангийн цохилтыг тэр мөргөж, тооны харьцааг холдуулсан юм. Ж.Аугистиний хувьд өнгөрсөн онд хоёр тоглолтод гараанд гарсан. Харин шигшээдээ оруулсан анхны гоол нь энэ байлаа.



Тоглолтын хоёрдугаар хагаст хоёр гоол нөхөх даалгавартай талбайд гарсан Монголын шигшээ багийн тоглолт эрс сэргэж, бөмбөг илүү эзэмшиж тоглосон ч гоол оруулж чадаагүй юм.

Сонирхуулахад, Монголын шигшээ баг тун удахгүй Маврикийн шигшээ багтай албан бус нөхөрсөг тоглолт хийхээр болсон талаар Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

Согтуу үзэгчид

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан албан ёсны нөхөрсөг тоглолтод багаа үзэхээр ирсэн хөгжөөн дэмжигчдэд талархал илэрхийлэх нь зүйтэй болов уу. Үзэгчдийн соёл ч нэг үеэ бодвол өөрчлөгдсөн нь ажиглагдаж байв. Харамсалтай нь, сурсан зүйлийг халах амаргүй бололтой. Маврикийн шигшээ багийн нэгэн тоглогч талбай дээр унасан үед үзэгчдийн дундаас нэг “орк” усны сав шидсэн юм.

Тус тоглолтын тасалбарын үнэ 5000 төгрөг. Энэ бол тийм ч өндөр үнэ биш гэдгийг бүгд мэднэ. Харамсалтай нь, энэ мөнгийг төлөх хүсэлгүй хүн олон байсан бололтой. Сэтгүүлчид болон албан ёсны мандаттай ордог хаалганы гадна талд хамгаалагчидтай хэрүүл хийсэн улс олон байв. Тэдний ихэнх нь согтуу, бас нууцаар согтууруулах ундаа зөөж, оруулж байгаа нь харагдсан юм.

Монголын хөлбөмбөгчдөд цалин хэрэгтэй

Тоглолтын дараах хэвлэлийн бага хуралд нэгэн сэтгүүлч Монголын шигшээ багийн дасгалжуулагч, герман мэргэжилтэн Ханс Майкл Вайссаас “Атлетик 220” клубийн төвийн довтлогч Н.Наранболдыг шигшээд багтаагаагүй талаар лавлахад БНСУ-д байгаа гэж хариулав. Х.Вайсс Монголын хөлбөмбөгчдөд цалин, хангамж сайн өгөх хэрэгтэйг онцолсон юм. Х.Вайсс шигшээ багийн цалин 100 ам.доллар байдаг гэдгийг сэтгүүлчдэд дуулгав. Н.Наранболдын хувьд хоёр жилийн өмнө “AFC Solidarity cup 2016” тэмцээнд Шри-Ланкийн эсрэг хоёр гоол оруулж, багтаа гурван оноо авчирсан, өдгөө 26 настай довтлогч юм.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *