Арьен Роббен

Хүндэт 16 настай Арьен,
Пүрэв гарагийн үдээс хойш ээж чинь танай сургууль руу залгана.
Залгаад л байна.
Залгаад л байна.
Дотор чинь пал хийн сандарч санаа зовох чинь мадаггүй. Ээж чинь өмнө нь ингэж хичээлийн чинь үеэр залгаж байгаагүй.
Тэгвэл юуны урьд тайвшир. Гүнзгий амьсгаа ав. Түгшиж зовних хэрэггүй. Бүх юм зүгээр. Бүр зүгээрээс ч илүү зүгээр. Буцааж залгаад ээжээсээ сонсох зүйлдээ чи итгэхгүй. Ийм юм болно гэж чи төсөөлөөгүй байсан юм чинь…

Завсарлагааны хонх дуугарч ээжтэйгээ утсаар ярьснаар чиний амьдрал орвонгоороо өөрчлөгдөнө. Нүд ирмэх зуур. Тэгэхээр ээжтэйгээ ярихын өмнө, энэ бүхэн өрнөхийн өмнө нэг зүйлийг би чамд захимаар байна. Санаж яв. Талбай дээр гаргадаг дайчин тэмцэгч махруу зангаа хэзээ ч битгий өөрчил. Үргэлж өсөн дэвжиж урагшлахын төлөө зүтгэ. Оргил өөд. Шилдгийн шилдэг болохын төлөө.
Ойлгосон уу?!
Ирж буй сорилт, саад бартаа бүхнийг давахад энэ зан чинь хэрэг болно.

“Гронингений дасгалжуулагч өглөө над руу залгасан. Чамайг нэгдүгээр баг руу дэвшүүлж байгаа юм байна” гэж ээж чинь хэлнэ.
Итгэмээргүй. Гайхалтай. Тийм биз?
Чи дөнгөж 16-тай. Гронингений академид элсээд дөрөвхөн жил л болж байсан үе.
18 жилийн тэртээх энэ үйл явдлыг би саяхнаас эргэн дурсаж, өнгөрсөн болоод ирээдүйнхээ тухай ихийг бодон эргэцүүлэх болсон. Би одоо 34-тэй. Мэргэжлийн тамирчны хувиар 18 дахь улирлаа эхлүүлээд байна. Гэрээ минь дуусахад ганцхан жилийн хугацаа үлдсэн учир магадгүй энэ миний мэргэжлийн замналын сүүлийн улирал ч байж болно. Хэн мэдэх билээ.
Замын эцэс ойртож, хөшиг хаагдах дөхөхөд хүмүүс өнгөрснөө эргэн дурсдаг. Яаж энэ бүгдийг эхлүүлснээ. Хэрхэн анхны алхмыг хийснээ. Миний хувьд хөлбөмбөг зүгээр нэг зугаа цэнгэл, тоглоом байхаа больсон тэр мөч.

Гронингений үндсэн багт уригдан дэвшсэнээр энэ бүхэн эхэлсэн. Тэнд чи өөрийгөө хэн болох, юу чаддагийг батлан харуулснаар ПСВ, тэгээд Челсид тоглох үүд хаалгыг өмнөө нээнэ. 20 насандаа чи премьер лигт, английн аварга багийн төлөө тоглох болно.
Босс нь хэн гээч?
Жозе Моуринью.
Чи байгаа бүхнээ дайчилж, чадах бүхнээ шавхах ёстой. Португал эрхмийн шаардлагад нийцэж, хүсэж байгаа түвшинд нь хүрэхийн тулд. Өөр зам байхгүй. Жозегийн удирдлага дор байгаа хэн ч ийм хүчлэлт, шахалтанд ордог.

Премьер лигийн өрсөлдөөн амаргүй.
Үүнийг чи ирсэн даруйдаа л мэдэрнэ. Энд бүх юм хурдтай, хатуу өрнөдөг. Нидерландтай адилгүй. Тэсэж үлдэхийн тулд чи ч гэсэн хурдан, хүчтэй, чанга байх ёстой. Жозегийн гарааны 11-т багтахын тулд тоглолт бүрт, бэлтгэл бүрт чи байрлалдаа хамгийн шилдэг нь гэдгээ, бусдаасаа илүү формтой, зүтгэлтэй, сэтгэл зүйтэй гэдгээ үзүүлэх хэрэгтэй болно.

Жозегийн ухаан сийрэг, нүд хурц. Түүнийг аргалж хуурах аргагүй. Сонин хэвлэлээр түүний тухай их зүйл ярьж бичдэг. Үнэн. Жозе ширүүн зантай, шаардлага өндөртэй, нэг шийдвэл буцдаггүй, үг шулуун үйлдэл чигч нэгэн. Гэхдээ юу гээч. Том багт очоод чи ч гэсэн тийм гэдгээ ойлгоно. Тасралтгүй хөгжиж, тогтмол сайжрахыг хүсдэг. Тэгэхээр та хоёр төгс хослол байгаа биз. Талбай дээр гарах тоолондоо чи шилдэг нь байхыг хүсдэгтэй адил тэр ч гэсэн чамайг тийм байхыг шахаж шаардана. Тоглолт, бэлтгэл ялгаагүй. Бэртлээ эдгээж эргэн ирэх явцад чинь хүртэл.


Өмнө нь ингэж соригдож, шүүсээ шахуулж байгаагүй учир чи эхэндээ шантарч, халирах боловч удалгүй хөлөө олж хөрвөжнө. Хүсэл тэмүүлэл, зориг зүрх чинь чухам энд л ирлэгдэж хурцлагдана.
Нуугаад яах вэ. Англи дахь эхлэл чинь тийм төгс байхгүй. Дөнгөж ирээд л улирлын урьдчилсан нөхөрсөг тоглолтонд чи өлмийн ясаа цуулж хоёр сар талбайд гарах боломжгүй болно. Шинэ улирлыг баг чинь дөрөв дараалсан хожилтой эхлүүлж, хүснэгтийн орой өөд үхэх сэхээ үзэн өрсөлдөж байхад чи эмнэлгийн орон дээр хэвтээд л байна. Хийж чадах юу ч үгүй. Гэхдээ энэ бүхэн чамайг сэтгэлээр унагаж, урмыг чинь унтраахгүй. Харин ч хийж бүтээх, хэн гэдгээ харуулах хүслийг чинь улам хүчтэй дүрэлзүүлж бадраана. Жозед. Багийнхандаа. Бас хөгжөөн дэмжигчдэдээ.
Роббен гэж хэн болохыг чи бүгдэд нь харуулахыг хүснэ.
Харуулах ч болно. 72 дахь минутанд. Эвертоны эсрэг Стэмфорд Брижд хожлын гоол оруулж. Баруун жигүүрээр жирийж ороод чи солгой хөлөөрөө хаалгачийг өлгөн гоол хийнэ. Чиний Челсигийн төлөөх анхны гоол. Анхны ялал.


(Баруун талаас орж ирээд солгой хөлөөрөө цохидог энэ техникээ бэлтгэл дээр сайн давтаж гаршуулаарай. Хойшдоо чамд хэрэг болно гэдгийг амлаж байна. Нэрийн хуудас чинь ч болж магадгүй)
Лондонд өнгөрүүлэх гурван жилдээ чи тоглогч болоод хувь хүний хувиар төлөвшиж шинэ шатанд очно. Дэлхийн зэрэглэлийн тоглогч болно гэсэн үг. Үүнд Жозегоос гадна эргэн тойронд чинь хүрээлэх баг хамт олны чинь үүрэг оролцоог дурдахгүй өнгөрөх аргагүй.
Лампард, Дрогба, Чех, Терри… Тэд бол чиний гэр бүл. Ах дүүс. Тэр үеийн Челсигийн хувцас солих өрөөний уур амьсгалыг би нэг нэгнийхээ төлөө санаа тавьж, сэтгэл гаргадаг халуун ам бүлтэй л зүйрлэнэ. Хэн ч хувиа хичээж, худал дүр эсгэж, их зан гаргахгүй. Хийж байгаа бүхэн нь багийн төлөө, хөгжөөн дэмжигчдийн төлөө, хожлын төлөө.

Атгасан гар адил нэгдмэл, хүчирхэг, нягт ийм хамт олны дунд байхад хүн өөрийн эрхгүй сөрөг, сул талуудаа гээж хувирч өөрчлөгддөг. Яг л тийм зүйл надад тохиолдсон. Үлгэр дуурайл авч, үнэлж хүндэлмээр олон гайхалтай залуустай чи Челсид мөр зэрэгцэн тоглоно. Ялангуяа Жон Терриг онцолж дурдмаар байна.
Нидерланд жигүүрийн хагас хамгаалагч Англи төвийн хамгаалагчаас юу сурч мэдэж болох вэ?
Бүхнийг.

Ахлагч, зөвлөгч, туслагчаас гадна хамгийн чухал нь тэр чиний анд найз байх болно. Хөлбөмбөг эсвэл өөр юуны ч тухай ярилцмаар байсан чи нэн түрүүнд түүн дээр л очно. Гунигласан үед чинь тайтгаруулж, гутарсан үед чинь дэмнэж, ганцаардсан үед чинь хамт байх тийм үнэнч найз хөлбөмбөгт ховор олддог юм. Үүнийг сайн санаж аваарай Роббен.

Терриг сүүдэр адил дагаж, үгийг нь сонсож, арга туршлагаас нь суралц. Та хоёр тийм олон жил цуг тоглохгүй. Тэгэхээр хамт байх хором мөч бүхний үнэ цэнийг ойлгож, үр дүнтэй өнгөрүүл.
Чи түүн шиг нэгэнтэй ахиж хэзээ ч таарахгүй.
Терри шиг бусдыгаа манлайлдаг, биеэ авч явдаг жентльмен багийн ахлагч. Багийнхаа тоглогч бүртэй тулж харьцдаг, хүлээцтэй хүнлэг, эерэг хандлагатай ахлагч. Талбай болон талбайн гадна гүйцэтгэх үүрэг, үзүүлэх нөлөө нь адил байдаг ахлагчтай ахиж таарахгүй. Жон чамд хэр зэрэг гүн нөлөө үзүүлснийг чи Челсигээс явахдаа ухаарахгүй байж болно. Гэхдээ цаг хугацааны явцад орой руу чинь орох нь дамжиггүй.

Лигийн аварга болох ямар байдгийг чи 2003 онд ПСВ-тэй хамт анх мэдэрнэ. Харин Челсид ирээд өргөх эхний цом чинь тэдний 50 жил хүлээсэн аваргын түрүү гэдгээрээ гүн утга агуулга, өндөр ач холбогдолтой. “Цэнхэр”-үүдийн шинэ эриний суурийг чи тавилцаж, түүхийг биечлэн бүтээх болно.
Харамсалтай нь хоёр сарын эхээр авсан бэртлээсээ болоод чи улирлын төгсгөл, аваргын хувь заяаг шийдвэрлэх чухал тулаануудыг өнжиж бас л битүү гомдолтой хоцорно. Гэхдээ унжийх хэрэггүй. Багийнхаа амжилтанд чи хувь нэмрээ оруулж, хийх зүйлээ хангалттай хийсэн. Аварга багийн салшгүй эд анги нь чи. Хөдөлгөгч хүчнийх нь нэг хэсэг.
Урьдынхтай адил энэ бэртэл чамайг өдөөж, ирэх улиралд нь илүү мэрийж чармайх сэдэл чинь болно. Хичээл зүтгэл чинь талаар өнгөрөхгүй. 2005-06 оны улиралд чи Моуриньюд үнэлэгдэж гарааны баттай тоглогч болохоос гадна хоёр дахь жилээ дараалан английн аваргаар тодорно. Челсигийн 100 жилийн түүхэн дэх анхны хоёр дараалсан түрүү. Ер бусын биш гэж үү!.
Тэгээд дараа нь?
Дараагийн зогсоол чинь ямар баг байна гээч?
Реал Мадрид.
Эзэн хааны баг.
Английг хөлбөмбөгийн хэнээтнүүдийн орон гэдэг нь худал биш. Ирээд хийсэн эхний тоглолтдоо л чи энд хүмүүс хөлбөмбөгөөр амьдарч, амьсгалдгийг анзаарах болно. 24/7 зөвхөн хөлбөмбөг. Испанид бол тийм биш. Харьцангуй тайван. Тааралдсан хүн, таксины жолооч болгон хөлбөмбөгийн тухай ярьж, хэл ам сугалчих гээд байхгүй. Нэг талаараа сайхан боловч нөгөө талаараа санаанд чинь нийцэхгүй.
Бас хөлбөмбөг энд спорт гэхээсээ бизнес, маркетинг, мөнгө талдаа түлхүү хөгжсөнийг хоёр жил Мадридад амьдрахдаа чи ойлгоно. Тэр нь мөн таалагдахгүй.


Уг нь энэ хүртэлх замд чинь эргэлзээ төөрөгдөл огт байгаагүй. Чи сургуулийнхаа арын талбайд найзуудтайгаа тоглодог жирийн нэгэн жаал байснаа дараа нь Гронингенд дэвшиж, тэгээд ПСВ-д тоогдож, Челсид үнэлэгдэж, эцэст нь Реал Мадридад уригдсан. Лигийн түрүү, цом, Аваргуудын лигийн хагас шигшээ…
Зорилго мөрөөдөл рүүгээ зогсолтгүй давшиж, урагшилсаар дэлхийн шилдэг багт ирээд байна. Үүнээс илүү юуг хүсэх билээ. Энэ бүхнийг л чи төсөөлж тэмүүлж байсан шүү дээ.
Харин Байерн Мюнхен?
“Үгүй, тэгж доошоо уруудахгүй”
Ингэж бодож бачимдахыг чинь мэдэж байна. Яг одоо Реал Мадрид чиний хувьд ертөнцийн ноён оргил. Эверест. Тэгэхээр өөр аль ч баг руу шилжихийг ухралт, уналт гэж харах чинь аргагүй. Угаасаа ч тэр үед Байерн Аваргуудын лигийн гол фаворитуудын нэг байгаагүй. Түрүүлэхийг туйлын ихээр хүсэж, өдрийн бодол шөнийн зүүд болсон ганц тэмцээн чинь энэ шүү дээ. Гагц Мадридад л байвал “Дэлдэн чихт-ийг өргөж чадах юм шиг чамд санагдаж байгаа. Тэгвэл агентаасаа Байерний тавьсан саналыг анх сонсоод “Үхсэн ч тийшээ явахгүй” гэж хэдэрлэхээсээ өмнө сайтар тунгааж бодоорой.
Чи тэднийг сайн мэдэхгүй байна. Шийдвэрээ гаргахаасаа өмнө тэдний тухай сайтар уншиж судал. Сурагла. Түүх уламжлал, цар хүрээ, цом шагнал, хөгжөөн дэмжигчдийнх нь тухай. Байерн чиний харж байгаа шиг басаж голоод байхаар баг биш. Тэдний төлөө тоглоно гэдэг, улаан өмсгөлийг нь өмсөнө, хүндлэл хайрыг нь хүлээнэ гэдэг хэн хүнд олдоод байдаггүй ховор хувь тавилан, нэр төр. Амьдралын чинь хамгийн зөв шийдвэрүүдийн нэг Байерн Мюенхен байх болно. Битгий эргэлзээрэй.

Байерн дахь амжилт чинь зөвхөн талбай дээрх ялалт хожлоор хязгаарлагдахгүй. Талбайн гадна, тэмцээн уралдаан, тив дэлхий алгасан тэдний хил хязгаар өргөжин тэлж хэзээ ч хүрч байгаагүй өндөрлөгт гарах болно. Байерний бөөрөнхий лого, гал улаан өнгө олон хүнд үнэ цэнтэй, эрхэм нандин шүтээн болж хувирна.
Мюнхенд ирсэн эхний улиралд чинь (2009-10) танай баг аналист мэргэжилтнүүдийн таамгийг эвдэн аваргуудын лигийн финалд шалгарна. Сантьяго Бернабеуд. Гэвч европын тавцанд магнайлах туйлын мөрөөдөлд чинь Интер Милан, Диего Милито саад болж хөндөлсөнө. Ирэх жил нь ч мөн л тэдэнтэй таарч шөвгийн 16-гаас хасагдана. Хор шар, бачимдал, жидүү хөдлөм.
Тэгээд хойтон жил нь…
Байерн дахин шигшээд гарч ирнэ. Гурван жилд хоёр дахь удаагаа. Чиний хоёр дахь финал. Альянц Аренадаа, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө, хуучин баг Челсигийнхээ эсрэг.
Төгс давхцал.
Давтагдашгүй тохиол.
Өмнөх финалын шархыг чинь аниулж, гомдлыг чинь тайлах гэж бурхнаас та нарт тусгайлан бэлдэж илгээсэн бэлэг шиг л санагдана.
Даанч…
Сэтгэлээ бариарай…
Хүлээж байгаа шиг чинь зүйл болохгүй. Эсрэгээрээ хар дарсан аймшигтай зүүд байх болно. Уучлаарай Роббен.
Нэмэлт цагт алдсан торгуулийн цохилт чинь араасаа асар их шүүмжлэл, дарамт, дайралтыг дагуулна. Амтай хэлтэй болгонд ад үзэгдэж, чичлүүлэх амар биш. Гэхдээ хамгийн хэцүү нь цээжинд чинь хургах гэмшил харуусал.
“Би Байерныг аварга болгож болох байсан”
Харин сонин хэвлэлээр бичиж, зурагт радиогоор мэдээлээгүй нэг зүйл бий. Мюнхен дэх хар өдрөөс хойшх багийн чинь анхны бэлтгэл. Дөрвөн долоо хоногийн дараа. Газар ширтэж, гал цоггүй болж унтарсан харцтай хэдэн харчуудын цугларалт энэ байхгүй. Бүгд эхэлснээ дуусгаж, дутуу орхисноо гүйцээхээр улайрна. Гуниг харамслын өчүүхэн ч ул мөр үгүй. Өчигдрийг ардаа үлдээж маргаашийг бүтээхээр шамдацгаана.
“Өнгөрсөн түүхээ үл тоон таягдаж байгаадаа биш ирээдүй илүү чухал болохоор” гэж Юпп Хайнкес хэлнэ.
Уг нь иймэрхүү том ялагдал, хүнд цохилтонд орчихоод багууд бага багаар сэргэж хэмнэл ритмээ олдог. Энэ удаа Байернд чи ийм зүйл мэдрэхгүй. Нэг л зүйлийг чи, багийнхан чинь, Байерн Мюнхен тэр чигтээ хийх хүсэлдээ автан шатаж, өрдөгдөж улангасна.
ӨШӨӨ АВАЛТ.

Үүний дараах тоглолт болгоныг та нар Альянц Аренад амссан ялагдлын хариулт, бууж өгөхгүй гэдгээ харуулах баталгаа болгон ашиглана. Аваргуудын лиг, Бундеслиг, Покалын алинд нь ч ялгаагүй. Алдаагаа залруулж, нүглээ наманчилж, ахиад шигшээд шалгарахын төлөө хожил, оноо, гоол бүхнээ зориулна.
Хөлс, цус, нулимсны дусал бүрийг өшөө авалтдаа өргөл болгон өргөнө. Энэ бол хөрж зөөгтсөн байхдаа биш уур савссан халуун дээрээ хамгийн амттай байдаг хоол.
Баруунаас хайчилж ороод солгойгоороо цохидог нөгөө техникээ санаж байна уу. Гаршуулж давтахаа битгий мартаарай. Гэхдээ түр хүлээж бай, цаг нь болоогүй.
2013 оны аваргуудын лигийн шигшээд Арсенал, Ювентус, Барсаг хожиж шалгарахдаа тэрийгээ бодоорой. Бас л болоогүй. Арай эрт байна.
Боруссия Дортмундын эсрэг Уэмблигийн зүлгэн дээр гарахдаа, 68 дахь минутанд Гюндоган пенальтиас тооны харьцаа 1:1 болгон тэнцүүлэхэд тэрийгээ бодоорой. Болоогүй. Түр хүлээ.
89 дэх минут…
Хойноос хөөргөж өгсөн бөмбөгийг Рибери авч хоёр хамгаалагчийг өөр дээрээ татаад арагшаа өсгийлдөж хаяхад бас бодоорой…
тэгээд зөн совин, мэдрэмждээ өөрийгөө даатга….
одоо цохь…
Аваргуудын лигийн цом чинийх.
Үүнийг чи хүртэх эрхтэй. Өөр хэн ч биш.

2009 оны зун Баварийн нийслэлд анх хөл тавьж байсан минь саяхан юм шиг санагдавч түүнээс хойш аль хэдийн есөн намар өнгөрчихжээ. Цаг хугацаа гэдэг хачин ойлгомжгүй зүйл. Хуруу инчдэхийн хооронд л урсаад өнгөрчих юм. Аз жаргал, адал явдал, алдаа оноогоор арвин бялхсан есөн жил. Амьдралын минь хамгийн сайхан, мартагдашгүй, бахархалтай он жилүүд. Аваргуудын лигийн хагас шигшээд гурвантаа гарч, гурван удаа финалдаж, нэгийг нь нэр төртэйгөөр би өргөсөн.
Бундеслигийн долоон түрүү. Тус бүр нь түүх өгүүлэх долоон мөнгөн бамбай.
Дөрвөн Германы цом.
Байернтай хамт түрүүлсэн тэмцээн, авсан цом, үзүүлсэн амжилтыг чинь би энд нэг бүрчлэн дурдаж чадах боловч энэ клубтэй хэр зэрэг гүн бат бөх холбоогоор холбогдохыг чинь хэлж тайлбарлаж чадахгүй нь. Үүнийг чи өөрөө л үзэж, туулж, мэдэрч байж ойлгох байх. Хаа холын харь орны багт ингэтлээ дасаж, хайртай болно гэж би ер зүүдлээгүй. Чиний санаанд ч багтаж шингэж өгөхгүй байгаа байх.
Тэгэхдээ л ийм зүйл болно. Итгээрэй.
Мартсанаас, 2017 оны аваргуудын лигийн хасагдах шатны үеэр шоконд орохдоо бэлэн байгаарай. Шөвгийн наймд баг чинь Реал Мадридтай оноолт таарч ширүүн бөгөөд маргаантай тулааныг өрнүүлнэ. Үлдсэнийг нь тухайн үед нь өөрөө хараарай.
34 насандаа өөрийгөө ямархуу болсон байх бол гэж чи гайхаж байгаа чинь мадаггүй. Юуны өмнө үс чинь урдаасаа эхлэн халзарч хусахаас өөр аргагүй болно. Нуугаад яах вэ.

Тэгэхдээ энэ гол нь биш. Гол нь чиний хэн бэ гэдэг чинь өөрчлөгдөхгүй. Арьен Роббен хэвээрээ л үлдэнэ. Өнөөх л өлсгөлөн, өсөн дэвжсэн, дайчин, тэмцэгч. Доторх гал чинь бүдгэрч бөхөхгүй. Бодоод байхад цээжнээс түрж, түлхэж, түлсэн энэ унтаршгүй гөжүүд галын дөл л биднийг энд, өдий зэрэгт авчирсан байх нь.
Аваргуудын лигийг атгаад алдсан ч гэлээ маргааш өглөө нь бэлтгэлдээ орж бүхнийг шинээр эхлүүлэх няцашгүй хүчирхэг сэтгэл зүй. Зориг.
Хэзээ хөшиг хаагдаж, энэ бүхэнд цэг тавигдахыг би хэлж мэдэхгүй. Хэзээ чамайг бууж өгөөд, пүүзээ хананд өлгөхийг чинь бас мэдэхгүй. Энэ жил. Магадгүй дараа жил. Тэрний дараа ч байж болно. Тэр үед нь л больё. Одоо толгойгоо өвтгөж тархиа гашилгаад яах вэ. Миний мэдэж зүйл гэвэл юу ч боллоо гэсэн дараагийн адал явдалдаа, дараагийн зогсоолдоо хоёулаа бэлэн байх болно. Бажгадаж тэвдэхгүй. Юу үнэн тэр үнэн. Тийм л байсан. Байсаар ч байх болно.
Харин одоо яв, Арьен.
Ээж чинь залгахыг чинь хүлээж байгаа.
⦁ Хүндэтгэсэн: Арьен.

“ХӨЛБӨМБӨГЧДИЙН ЗАХИДЛУУД” НОМНООС. 2018 ОН.

ЖАНЛУИЖИ БУФФОН – ӨӨРТӨӨ БИЧСЭН ЗАХИДАЛ

Ганаагийн Суваг

Эх сурвалж: The Players Tribune

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *