Хөлбөмбөгчид Кемеровогийн хохирогчдод хүндэтгэл үзүүлэв

Олон улсын хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолтын үеэр Кемеровогийн түймэр, Францын террорист халдлага болон нас барсан хөлбөмбөгчдөд хүндэтгэл үзүүлсэн үйл явдал олон боллоо. Энэ жилийн ДАШТ-ийг зохион байгуулагч ОХУ-ын баг Францын шигшээтэй нөхөрсөг уулзалт хийж, 1:3-аар хожигдсон. Тус тоглолтын өмнө Сибирийн Кемеровогийн худалдааны төвд гарсан түймэрт амиа алдсан 64 иргэний дурсгалд зориулж, нэг минутын турш чимээгүй зогссон. Уг тоглолтыг үзэхээр ирсэн хөгжөөн дэмжигчид “Гашуудал” гэсэн бичиг барьж, Крестовски цэнгэлдэхэд гунигаа хуваалцсан юм.

Орос тоглогчид хохирогчдод эмгэнэл илэрхийлж, хар туузтай талбайд гарсан юм.

Харин Францын хөлбөмбөгчид Парис хотод болсон удаа дараагийн гэмт халдлагуудад хохирсон иргэддээ зориулж, нэг минут дуугүй зогссон. Францын Каркассон Требес хотод Исламын хэт даврагчид халдлага үйлдэж, дөрвөн хүн нас барсан байна.

Түүнчлэн Английн алдарт Уэймбл цэнгэлдэхэд нөхөрсөг тоглолт зохион байгуулсан Английн хөлбөмбөгийн шигшээ баг Италийн багтай 1:1-ээр тэнцсэн. Уг тоглолтын өмнө Жианлужи Буффон тэргүүтэй Италийн хөлбөмбөгчид шигшээ багийн тоглогч асан, “Фиорентина”-гийн ахлагч Давиде Асторигийн дурсгалд зориулж, нэг минут чимээгүй зогссон. Тэдний адил Английн шигшээгийнхэн Сирилл Режис, домогт Жимми Армфилд нарын дурсгалыг хүндэтгэв. Өнгөт арьст хөлбөмбөгчин С.Режис арьс өнгөний эсрэг цаг үед Английн шигшээд хүртэл дуудагдсан тоглогч. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард зүрхний шигдээсээр нас барсан. Үүнээс долоо хоногийн дараа Ж.Армфилд хорт хавдраар өөд болсон юм.

 

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *