3–4–3 форматаар байрлал тус бүрийн шилдэг 10 тоглогчдыг интернэт санал асуулгаар фэнүүд нэрлэсэн. Харин эцсийн 11-ийг France Football сэтгүүлийн орон орны 140 сэтгүүлчдийн саналаар тодруулсан юм.
Баллон д’Ор хүртсэн түүхэн дэх цорын ганц хаалгач Лев Яшин (ЗХУ – 1963) арын шугаманд, Кафу (Бразил), Франц Беккенбауэр (Герман), Паоло Мальдини (Итали) нарын хамт бүх цаг үеийн шилдгээр тодорлоо. Сери А-д карьерын оргил жилүүдээ өнгөрүүлсэн Кафу гурван Дэлхийн аваргын шигшээд оролцсон түүхэн дэх цорын ганц тоглогч. Харин Der Kaiser хэмээн алдаршсан Беккенбауэр 1972, 1976 онуудад Баллон д’Орын эзэн болж байв.
Өдгөө Миланы техникийн захирлаар ажиллаж байгаа Мальдини бүхий л карьераа төрөлх багтаа зориулж, клубын зүүн арыг 24 жил найдвартай хамгаалсан.
Дундын шугамын хамгаалах чиглэлд 1990 оны Дэлхийн аварга Лотар Маттеус (Герман), 2010 оны аварга Шави Эрнандес (Испани) нар нэрлэгдсэн бол довтолгооны хагас хамгаалагчдаар Диего Марадона (Аргентин), Пеле (Бразил) нар тодорчээ.
Марадонагийн Хөлбөмбөгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж 1995 онд Баллон д’Ор олгосон байдаг. Аргентиний алдарт эрхэм саяхан 60 насандаа өөд болсон. 1995 оныг хүртэл Баллон д’Орыг зөвхөн Европын тоглогчдод олгодог байсан учир Пеле энэ шагналыг авч байгаагүй юм.
Харин бүх цаг үеийн шилдэг довтолгооны гурвалыг Лионель Месси (Аргентин), Роналдо Назариу (Бразил), Криштиану Роналду (Португал) нар бүрдүүлжээ.
Месси 2004 оноос хойш Барселонагийн төлөө 642 (746 тоглолт) гоолыг оруулаад байгаа нь Пелегийн нэг клубт хийсэн бүх цаг үеийн амжилттай тэнцэхэд ганцхан гоол дутуу байна гэсэн үг. Энэ хугацаандаа тэр 10 Ла Лигийн түрүү, 4 Аваргуудын лигийн цом өргөжээ. Харин Роналду клубын карьертаа нийт 754 гоол бүртгүүлж, Премьер лиг, Ла лиг, Сери А-гийн цомыг Манчестер Юнайтед, Реал Мадрид, Ювентус багуудтай хүртсэн. Түүнд Аваргуудын лигийн 5 цом байгаа.
Өдгөө Реал Вальядолид клубын эзэн Бразил-Роналдогийн хувьд Испани, Италийн топ багуудад бүгдэд нь тоглож байсан. Үүнд Интер, АС Милан, Барселона, Реал Мадрид багтана. Хэдий түүний клубын шагналууд дээрх хоёр эрхэмтэй харьцуулахад бага ч 1994, 2002 оны Дэлхийн аваргын түрүү түүнд бий. Роналдо 15 гоолтой ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн буучдын хоёрт М.Клозегийн ард бичигддэг. Назариу 1997, 2002 онуудад Баллон д’Орын эзэн болж байсан.
Ковид 19-өөс болж хөлбөмбөгийн улирал тасалдсан учраас France Football-г эзэмшдэг L’Équipe групп Баллон д’Орын шагнал гардуулахгүй гэдгээ мэдэгдсэн.