Лука Йович АС Милан руу явах уу?

Мадридад хөлөө олж чадахгүй байгаа Лука Йовичийг АС Милан өвлийн цонхоор авахаар ярилцаж байгааг Diario AS мэдээллээ. 22 настай Серби довтлогчийг тэд зургаан сарын хугацаатай зээлээд улмаар худалдаж авахаар төлөвлөж байгаа аж.

Йовичийг Реал 2019 оны зун 60 сая еврогоор худалдаж авсан ч гаргасан мөнгөндөө дүйцэх тоглолтыг түүнээс үзээгүй байгаа. Эзэн хааны багт ирээд 18 сар болоход Йович ердөө хоёр гоолоор л багтаа тус хүргэжээ. Дебют улиралдаа Серби довтлогч Ла лигийн дөрвөн тоглолтонд гараанд гарсан бол энэ улиралд хоёр л удаа гараанд гарч, 149 минутыг талбайд өнгөрүүлээд байгаа.


Сери А-гийн хүснэгтийг тэргүүлж байгаа Милан түүгээр Златан Ибрахимовичийн үлдээх орон зайг нөхүүлнэ гэж тооцож байгаа нь дамжиггүй. Швед довтлогч энэ улиралд форм сайтай байгаа ч 39 настай учир Миланд удаан тоглоно гэхэд эргэлзээтэй. Златан 11 сарын сүүлээр бэртэж эргэж ирэх хугацаа нь хойшилсоор байгаа юм.

Түүнийг эзгүйд Стефано Пиолигийн залуу довтлогчид өөрсдийгөө харуулж байна. Тухайлбал өнгөрсөн тойрогт Сассуологийн эсрэг Рафаэл Леау (Португал) Сери А-гийн түүхэн дэх хамгийн хурдан гоолыг (6 секунд) оруулж, Алексис Салемакерс (Бельги) мөн нэг гоол бүртгүүлсэн. Эдгээр залуус хоёулаа 1999 онд төрсөн 21 настай.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *