Хөлбөмбөг: “Сандерланд” клубын шинэ эзэн 22 настай Кирил Луи Дрейфус гэж хэн бэ?

Английн “Сандерланд” клубын 74 хувийн хувьцаа эзэмшигч Стьюварт Дональд өнгөрсөн долдугаар сараас хойш хувьцаагаа зарахаар төлөвлөсөн. Тэгвэл энэ багийн шинэ эзнээр 22 настай залуу тэрбумтан Кирил Луи Дрейфус болжээ.

“Сандерланд” клубын шинэ эзэн Кирил Луи Дрейфус бол хөдөө аж ахуй, хүнс боловсруулалт, санхүү, олон улсын тээвэр зэрэг олон салбарт үйл ажиллагаа эрхэлдэг Швейцарийн алдарт “Луи Дрейфус” компанийн эзэн асан Роберт Луи Дрейфусын гурван хүүгийн нэг юм.

1851 онд байгуулагдсан тус компанийг Кирилийн эцэг Роберт 2009 онд нас барах хүртлээ удирдсан. Одоо залуу тэрбумтны ээж Маргарита үйл ажиллагааг нь хариуцдаг аж.

Луи Дрейфусынхан спортод

Кирилээс өмнө түүний эцэг Роберт Луи Дрейфус Францын “Марсель” клубын эзэн байв. Тэднийхэн 1996 онд тус багийн хувьцааг худалдан авч, 2016 онд бэйсболын “Лос Анжелес Доджерс” багийн эзэн асан гэдгээрээ спортын хүрээлэлд танигдсан бизнесмэн Фрэнк МакКортод зарсан билээ.

Түүнчлэн Бельгийн “Стандарт Льеги” клубын багахан хувийг эзэмшдэг аж. Одоо Английн багийн эзэн болсон залуу тэрбумтан Кирил Францын “Марсель” багийн хөгжөөн дэмжигч гэдэг.

Кирил Луи Дрейфусын хөрөнгө хэд вэ?

Алдарт “Форбес” сэтгүүлээс өнгөрсөн наймдугаар сард дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг гаргахад Кирилийн ээж Маргаритаг 5.6 тэрбумын хөрөнгөтэй гэж бичжээ. Орост төрсөн ч Швейцарийн иргэншилтэй Маргаритагийн гурван хүү саяхнаас бизнесийн ертөнцөд хөл тавьсан. “Сандерланд”-ын шинэ эзнийг ойролцоогоор хоёр тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж сэтгүүлчид таамаглаж байна.

Ийнхүү “Сандерланд” клуб 22 настай шинэ эзэнтэй болов. Кирил Английн хөлбөмбөгийн лигийн хамгийн залуу багийн эзнээр тодорч байна.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *