Английн “Ливерпүүл” клуб Аваргуудын Лигийн шөвгийн наймын шатанд “Реал Мадрид”-ын эсрэг хийх тоглолтын өмнө Мохамед Салах Испанийн “Марка” сэтгүүлд ярилцлага өгжээ. Тэрбээр уг ярилцлагын үеэр улаануудын бүрэлдэхүүнд өөрийн ирээдүйг хэрхэн харж буй талаараа ярьлаа.
–Та “Энфилдээс” явах цаг болсон гэж бодож байна уу?
-Энд үлдэх эсэх нь надаас шалтгаалах зүйл биш. Ирээдүйд юу болохыг харцгаая, одоо энэ тухай ярьмааргүй байна. Клопп бид хоёр мэргэжлийн хүмүүсийн энгийн харилцаатай л байдаг.
-Та Англи, Италид тоглож явсан харин одоо Испанид хөлбөмбөг тоглох сонирхол бий юу?
-Яагаад болохгүй гэж? Би олон жил тоглоно гэж найдаж байна. Ирээдүйд юу болохыг мэдэхгүй, тиймээс хэзээ нэгэн цагт Испанид тоглохыг үгүйсгэхгүй.
–Испанийн “Реал Мадрид” багийн дасгалжуулагч Зинедин Зиданы талаарх таны бодлыг сонирхоё.
Тэр бол гайхалтай дасгалжуулагч. Одоо ч гэсэн багтайгаа маш сайн ажиллаж байгаа. Реал Мадридтай хамт гурван удаа Аваргуудын лигт түрүүлсэн шүү дээ . Дараа нь тэр клубыг орхисон ч буцаад цом авахад нь туслахаар эргэж ирсэн. Дахин хэлэхэд тэр миний хүүхэд насны шүтээн байсан. Харин одоо дасгалжуулагчийн хувьд гайхалтай ажиллаж байна.
Харин энэ талаар Ливерпүүл клубын сурвалжлагч Нил Жонс:
“Салахын одоогийн гэрээ 2023 онд дуусна. Энэ зун тэр хаашаа ч явахгүй. Учир нь “Ливерпүүл” клуб мэргэн буучийнхаа хамт ирэх улирлыг төлөвлөж байгаа ба түүнд шинэ гэрээний санал бэлдсэн. Хэрэв явахаар болвол үнийг нь хэн одоо хэн төлж чадах вэ, Санхүүгийн хувьд хүнд байдалд байгаа “Барселона”, “Реал”-д боломж бага болов уу. Тэд ойрын арван жилийн хугацаанд клубээ авч явах чадвартай залуу тоглогчдыг хараандаа авсан. “Ливерпүүл” энэ улиралд олон бэрхшээлтэй тулгарсан ч гэсэн ирээдүйд гаргах амжилтад тэднийг удирдана гэж найдаж байна” хэмээн ярьжээ.
Б.Цогтбаяр