Штефан Лихтштайнер бугуйн цагны компанид дадлагажигч ажилтан болжээ

Швейцарын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч асан Штефан Лихтштайнер нэгэн шинэ зүйлд өөрийгөө сорьж эхэлсэн нь цагчин юм байна. Нутгийнхаа “Грассхоппер” багаас мэргэжлийн замналаа 2001 онд эхлүүлж, улмаар Францын “Лилль”, Италийн “Лацио”, “Ювентус”, Английн “Арсенал”, Германы “Аугсбург” гээд Европын томоохон багт тоглож явсан 37 настай Ш.Лихтштайнер Швейцарын Цюрих хот дахь “Морис де Мауриак” хэмээх цагны үйлдвэрт хагас жилийн хугацаатай дадлагад гарчээ.

Италийн Сери А-д “Лацио”-гийн төлөө 100, “Ювентус”-т 201 тоглолтод оролцсон баруун жигүүрийн тоглогч тэрбээр өнгөрсөн жил “Евро 2020” тэмцээнд оролцоод замналаа өндөрлүүлэх төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын улмаас тус хойшлогдож, улмаар өнгөрсөн наймдугаар сард зодог тайлж байсан юм. Швейцарь эр 36 нас зургаан сартайдаа Бундеслигт тоглосон нь “Аугсбург” клубийн түүхэнд хамгийн ахмад тоглогч болж байлаа. Тэрбээр 2006-2018 оны хооронд Швейцарын шигшээ багийн төлөө 108 тоглолтод оролцжээ. Штефан Лихтштайнер “Өдийг хүртэл би хөл бөмбөг л тоглодог байсан. Одоо маш сайн багийн бүрэлдэхүүнд шинэ туршлага хуримтлуулж байна. Амьдралд шинэ зүйлс хэрэгтэй” гэж ярьжээ.

Дадлагын хугацаандаа сайн үйлсийн хандивт зориулагдсан цагны үйлдвэрлэлд ажиллах юм байна. Хэдийгээр дадлагаар гарч байгаа ч бүтэн цагаар цагчин болоход бэлэн төдийгүй эргээд спортдоо эргэн ирэх эсэхээ шийдээгүй байгаа аж. Штефан Лихтштайнер “Би зарим нэг хөлбөмбөгтэй ижил зүйл харсан. Хөлбөмбөгт багийнхан бүгд л сайн байхгүй бол ялалт байгуулдаггүй. Цаг ч гэсэн үүнтэй ижил. Бүх зүйл нь төгс биш бол цаг ажиллахгүй” гэсэн юм.

Компанийн эзэн Леонард Драйфусс ажил хүсэж өргөдөл гаргасан хүмүүсийн дунд нэртэй хөлбөмбөгчин байсанд эргэлзэлгүй сонгож, анхны дадлагажигч ажилтнаа болгосонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Харин шинэ ажилтан нь тус компанид хөрөнгө оруулах эсэхийг сэтгүүлчид лавлахад “Бид алхам алхмаар хөдөлж, урт хугацаанд хамтран ажиллахыг төлөвлөж байгаа” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Массимо Драйфусс хариулжээ.

М.Ану

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *