Италид өнөөдөр Испанийн Эзэн хааны баг хөлбөмбөгийн талбайд наргив. Тэр тусмаа португал довтлогч Криштиану Роналдугийн шоу болж өнгөрлөө. Аваргуудын лигийн шөвгийн наймд учраа таарсан Италийн “Ювентус”, Испанийн “Реал Мадрид”-ын эхний тулаан “Альянц” цэнгэлдэхэд болов. Эхний хагасын гурав дахь минутад К.Роналду гоолын салхийг хагалж, Аваргуудын лигийн 118 дахь гоолоо оруулав. Ж.Буффоны хаалганд оруулсан энэ гоолынхоо ачаар португал эр бас нэгэн дээд амжилтын эзэн болсон юм. Тэрбээр аваргуудын лигийн 10 тоглолт дараалан гоол оруулсан цор ганц тоглогчоор бүртгэгдэж, нэгэн шинэ рекорд эзэмших боллоо.
Эхний хагаст К.Роналду гоол оруулаагүй бол талбайн эзэд үл ялиг давуу тоглож байлаа. Хоёрдугаар хагаст энэ байдал өөрчлөгдөхгүй бол тоо тэнцэж болох байв. Гэхдээ ердөө хэдхэн хормын үйл явц тоглолтын хэмнэлийг утгаар нь өөрчилсөн. Өнөөх К.Роналду гол дүрд нь тоглосон юм.
К.Роналду супер гоол оруулж, тооны харьцааг холдуулаад зогсохгүй эсрэг багтаа маш том дарамт авчирсан. Энэ гайхалтай гоолоос ердөө хоёр минутын дараа “Ювентус”-ын довтолгооны гол хүн Пауло Дибала хоёр дахь шар хуудсаа авснаар 66 дахь минутад талбайг чөлөөлж, талбайн эзэд хүн дутуу үлдлээ. Хүч тэнцүү хоёр багийн нэг нь хүнээр цөөн болсон тул энэ тоглолтод “Реал Мадрид” хожих нь ойлгомжтой болсон юм. Харин тооны харьцааг холдуулах хүсэл З.Зиданы шавь нарт их байлаа. Тэдний зорилго 72 дахь минутад биелж, К.Роналдугийн дамжуулалтаар Марсело тоог 3:0 болгосон юм.
К.Роналду Аваргуудын лигт оруулсан гоолынхоо тоог 119-т хүргэсэн бол шөвгийн наймд оруулсан гоол нь 22 болжээ. Тэрбээр “Ювентус”-ын эсрэг 6 тоглолтод 9 гоол оруулсан үзүүлэлттэй болов. Харин “Ювентус”-ын П.Дибала энэ тоглолтод улаан хуудас авснаар Мадрид хотод болох хариу тоглолтод оролцохгүй. Түүнтэй ижил шийтгэлийг эсрэг багийн ахлагч Серхио Рамос амсана. Тэр хоёр тоглолт дараалан торгуулийн хуудас хүртсэн тул дараагийн тоглолтыг өнжих болжээ.