Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн заналт өрсөлдөгч нарын тулаан өнөөдөр болно. Энэ бол алдарт Эл Классико, Гранд Дерби. “Барса” болон “Реал”. Уг тоглолт зөвхөн хөлбөмбөгийн ногоон талбайгаас давсан тэмцэл юм. Энэ бол спорт, улс төрийн нэгдмэл тулаан юм.
Тэдний тэмцэл хаанаас эхэлсэн бэ?
1936 онд Франциско Франко ардчилсан Испанийн Бүгд Найрамдах Улсын эсрэг төрийн эргэлт хийж энэ үеэр Мадридад улс төрийн асуудлаар ирээд байсан “Барселона”-гийн Ерөнхийлөгч, Каталоны Бүгд найрамдах намын гишүүн Хосеп Сунёлыг түүний цэргүүд баривчилж цаазаар авчээ. Франкогийн дарангуйллын үед каталончууд фашист маягийн дэглэмийг хүчтэй эсэргүүцсэн учир нь тэрбээр Испанийн бүх бүс нутгийн хэл, таних тэмдгийг үзэн яддаг байснаас үүдэн каталан хэлээр ярихыг хуулиар хориглосон юм. Энэ үед Каталон үндэстний эрх чөлөө, үзэл санааны илэрхийлэл нь “Барселона” клуб байжээ. Иймээс тэд “Més que un club” буюу “клубээс ч эрхэм” гэх уриатай болсон байдаг. Харин энэ үед Мадрид хотын баг Кастиль үндэстэн болон Франкогийн фашист дэглэмийн үзэл санааны илэрхийлэл, бэлгэ тэмдэг болж байлаа.
1943 оны Испанийн цомын тэмцээний хагас шигшээд тэд хоорондоо таарч эхний тоглолт Каталон дахь “Барселона”-гийн Лес Кортс цэнгэлдэх хүрээлэнд болоход тэд 3:0-ийн харьцаатай ялалт байгуулсан юм. Гэхдээ хариу тоглолтын үр дүн итгэмээргүй байсан ба Реал 11:1-ийн харьцаатайгаар илүүрхжээ. Уг тоглолтын өмнө “Барса”-г хожигдохыг Франко тушааж, сүрдүүлсэн мөн шүүгч хэт Реалын талд шүүж тэдний бохир тоглолтыг дэмжсэн гэх олон таамаг байдаг. Гэхдээ эдгээр мэдээллийн аль нь ч нотлогдоогүй тул ОУХХ (FIFA) болон ЕХХ (UEFA) уг үр дүнг хууль ёсны гэж үздэг байна.
Үүний дараа тухайн үеийн сүпер од Альфредо Ди Стефано “Барселона” клубтэй гэрээ байгуулсан ч Засгийн газрын оролцоотойгоор гэрээг цуцалж Эзэн хааны клубтэй гэрээ байгуулсан нь тэмцлийг улам хурц болгосон түүхтэй.
Хоёр багийн түүхэн статистик
Барселона | Реал Мадрид | Тэнцээ | |
Бүх цаг үе/тоглолт/ | 115 | 101 | 62 |
Албан ёсны/тоглолт/ | 96 | 97 | 52 |
Лигийн хүрээнд | 72 | 74 | 35 |
Цомын тоо | 96 | 95 | |
Хамгийн их гоол оруулсан тамирчин | Лионел Месси/26/ | Альфредо Ди Стефано, Кристиано Роналдо /18/ |
Дэлхийн хамгийн арвин түүхтэй хоёр багийн гал гарсан, ганган нэгэн тулаан эхлэхэд хэдхэн цаг үлдлээ. Энэ тоглолтод “Реал”-ын зүгээс багийн ахлагч Серхио Рамос, Рафаель Варане, Эден Азар зэрэг гол тоглогчид нь оролцохгүй бол “Барса”-гаас Ансу Фати болон Филиппе Коутиньо нар тоглох боломжгүй.
Каталоны клуб он гарсаар дотоодын лигийн хүрээнд хожигдоогүй бол Эзэн хааны баг бүх тэмцээний хүрээнд 12 тоглолтод ялагдал амсаагүй мөн Аваргуудын лигийн гайхалтай гүйцэтгэлийн дараагаар энэ тоглолтод тулж ирлээ. Уг тоглолтыг SPS National суваг шөнийн 3:00 цагаас Монгол орон даяар албан ёсны онцгой эрхтэйгээр анх удаагаа шууд дамжуулан хүргэнэ.
Бүх цаг үеийн 279 дэх, албан ёсны 246 дахь ногоон талбайн сонгодог тулаан . Чи цом алдаж болно. Гэхдээ тэднийг л хожих ёстой. Эл Классико бол энгийн нэг тулаан биш. Энэ бол Дэлхийн III-р дайн. Шүгэл дуугархад дэлхий зогсож, хүн төрөлхтөн хоёр хуваагдана. “Барса” юу? “Реал” уу? “Альфредо Де Стефано”-д тавтай морил!!!
Б.Цогтбаяр