Луис Суарез энэ зуны солилцоо наймааны цонхоор “Атлетико Мадрид”-ыг орхиж хуучин баг болох “Ливерпүүл”-дээ эргэн очих хүсэлтэй байгаа талаараа Испанийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Уругвай довтлогч “Атлетико Мадрид”-д очсон эхний улиралдаа 19 гоол оруулж баг нь лигээ тэргүүлж байсан боловч аргентин дасгалжуулагч Диего Симеонетай таарамжгүй харилцаатай байгаа нь багаа орхиж явахад хүргэж магадгүй гэнэ. Энэ талаар Л.Суарез “Д.Симеонегийн хөлбөмбөгийн арга барил маш их дарамт, өндөр энерги шаарддаг учраас бие махбодийн хувьд туйлдаж байна” гэж ярьжээ.
Испанийн багтай хийсэн гэрээнд энэ зун ямар нэгэн торгууль төлөхгүйгээр түүнийг явахыг зөвшөөрч тэр ч бүү хэл MLS-ийн “Интер Майами’-д тоглох боломжтой гэж заасан хэмээн Испанийн “Тодофичажез” хэвлэлийн агентлаг мэдээлэв.
Үүний үр дүнд Лиус Суарез энэ зуны солилцоо наймааны цонхоор “Ливерпүүл” эсвэл “Интер Майами” клубтэй тохиролцоо хийх боломжтой гэнэ.
Уругвай эр 2011 онд “Аяакс”-аас “Ливерпүүл”-д 22.8 саяар ирсэн бөгөөд 2014 онд “Барселона” клубтэй нэгдэх хүртлээ багийнхаа төлөө нийт 133 тоглолтод оролцож 82 гоол оруулсан юм.