Ширэнгэн ойд зориулагдсан нэгэн

АНУ-ын их сургуулийн цуцлагдсан тэтгэлэг, “ВфБ Штутгарт”-д зээлээр тоглосон нэг жил, бэртэл гэмтлийн асуудлыг ашиглаж өөрийгөө таниулсан цаг хугацаа гээд л Натаниэл Филлипсийн “Ливерпүүл”-ийн гараанд гарах зам тийм ч дардан байгаагүй.

“Ливерпүүл” клубын туслах дасгалжуулагч Эрик Линдерс саяхан клубын албан ёсны вэбсайт дээр өгсөн ярилцлагадаа “Хэрэв би ширэнгэн ойд амьд үлдэх ёстой байсан бол хамт явах эхний хоёр хүн нь Натаниэль, Майлли байх болно. Жеймс Милнер бол 35 настай, туршлагатай, замналдаа ихийг үзсэн дайчин эр. Натаниэл Филлипс үү? Түүнд арслангийн зүрх байдаг” гэж хэлжээ.

Залуу хамгаалагчид


Английн “Ливерпүүл”-д Виржил ван Дайк, Жо Гомес, Жоэл Матип нарын шилдэг хамгаалагч бий. Гурвуулаа хэдэн долоо хоног, зарим нь бүтэн улирал дуустал тоглохгүйгээр хүнд бэртэж багтаа тусалж чадахгүй болсон билээ. Тус багийн дасгалжуулагч Юрген Клопп хамгаалалтын байрлалд 20 гаруй хослол гарган туршиж үзсэн ч амжилттай болоогүй. Тэрбээр хэдэн долоо хоногийн өмнө уналтад орсон “Шалке 04” клубээс залуу хамгаалагч Озан Кабакыг зээлээр авч , сэлгээнд банз халааж байсан Натаниэл Филлипсд итгэл хүлээлгэн шинэ хамгаалалтын хослол гаргаснаар тэдний хамгаалалт тогтворжсон билээ.

Тэтгэлгийн оронд “Ливерпүүл”-ийг сонгов

Ливерпүүлээс зүүн тийш 45 минутын зайд орших Болтон хотод төрсөн Н.Филлипс “Болтон Уондерерс” багийн залуучуудын багт хэсэг тоглож байсан. Харамсалтай нь, клубын удирдлага түүнийг мэргэжлийн хөлбөмбөгчин болох ирээдүйгүй гэж үзсэнээр 19 настай залуу хүү 2016 онд АНУ-ын Шарлотт хотын Хойд Каролинагийн их сургуульд тэтгэлэгээр суралцах шийдвэр гаргажээ.

АНУ руу явахаар төлөвлөсөнөөс хоёр хоногийн өмнө “Ливерпүүл” түүнтэй холбогдож нөөц багт тоглох гэрээ санал болгов. Н.Филлипс ч шууд зөвшөөрч тив алгасан нисэх өдрөө гэрээнд гарын үсэг зурснаар Англидаа үлджээ. “Ливерпүүл”-ийн нөөц багт гурван жил тоглоод 2019 онд “Штутгарт” руу зээлээр очлоо.

“Штутгарт”-аас “Ливерпүүл”-ийн гараанд


Н.Филлипс “Штутгарт”-ын төвийн хамгаалалтад тогтмол тоглож байсан боловч өнгөрсөн оны нэгдүгээр сард үндсэн багтаа түр хугацаагаар дуудагдлаа. “Ливерпүүл”-ийн тоглогчид ээлж дараалан бэртсэн нь ийм шийдвэр гаргахад нөлөөлжээ.

Н.Филлипс ч “Ливерпүүл”-ийн төлөөх дебютээ Английн цомын тэмцээнд заналт өрсөлдөгч “Эвертон”-ы эсрэг хийж баг нь 1:0-ээр хожсон юм. Гэхдээ үндсэн багтаа удсангүй улирал дуустал “Штутгарт”-д үлдэхээр болжээ.

“Баг маань аварга авах нь нэгэнт тодорхой болсны дараа би “Штутгарт”-ын бэлтгэлдээ явж байхдаа “Чи хэзээ ч ганцаараа алхахгүй ” дууг дуулж явсан. Би залууст цагаахнаар атаархаж, хэзээ нэгэн цагт тэр сайхан мэдрэмжийг авахыг хүсэж байлаа” гэж Натаньел дурссан байдаг.

Зээллэгээс эргэн ирсэн ч Филлипс үндсэн багаасаа явах талаар эргэцүүлж байхад Английн зарим багууд сонирхож байв. Эцэст нь багтаа үлдсэн боловч бэлтгэлийн үеэр ноцтой бэртэл авчээ. Үүний уршгаар улирлын эхний хагаст сэлгээнээс цөөн хэдэн тоглолт хийж багтаа улам бүр ууссан бол оны шинэ оны эхнээс л гараанд гарах болжээ.

Түүний сайн тоглолтыг хөгжөөн дэмжигчид ч анзаарч өнгөрсөн гуравдугаар сарын клубын шилдэг тоглогчоор тодруулсан билээ.


“Түүний өдрөөс өдөрт үзүүлж байгаа тоглолт итгэмээргүй сайн байгаа. Яг зөв зүйлийг зөв цагт нь хийж чаддаг, агаарын тулаанд яг мангас шиг л гэсэн үг. Магадгүй Н.Филлипс хуучны Англи хэв маягаар ирсэн бөмбөгийг хол цөлж явуулахыг илүүд үздэг. Үүнийг хамтрагч Кабакаас илүү олон удаа хийсэн байх. Техникийн хувьд хамгийн сайн нь биш ч гэлээ анхаарал төвлөрүүлж байгаагаар хэнээс ч илүү. Энэ улирлын турш ноцтой алдаа олон гаргаагүй” багийн менежер Ю.Клопп ярилцлагадаа хэлсэн юм.

Филлипс энэ улиралд аль хэдийн 111 удаа агаарын тулаанд ялалт байгуулж хамтрагчаасаа хоёр дахин илүү байгаагаа батлан харуулсан билээ. “Тэр бусад тоглогчид хөлөө ч явуулахгүй газарт толгойгоороо тоглодог” гэж туслах дасгалжуулагч Пепин Лийндерс хошигнож байв.

Түүний гэрээ 2023 он хүртэл үргэлжлэх боловч одоогоор бэртэлтэй байгаа гурван төвийн хамгаалагч нь эргэн ирвэл тоглох магадлал эрс буурах магадлалтай. Үүнээс гадна “Ливерпүүл” клуб “Лейпциг”-ийн Ибрахима Конате авах талаар шуум сонсогдож буй. Залуухан, авьяаслаг франц хамгаалагчийг багтаа авчирвал Н.Филлипсийн Улаанууд дахь ирээдүй бүрхэг болох юм. Тогтвортой тоглолтоороо шагшигдаж буй түүнийг багтаа авчрах хүсэлтэй олон менежер бий болов уу.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *