Финландын хөлбөмбөгийн холбоо хижаб өмсдөг эмэгтэй хөлбөмбөгчдийг дэмжих зорилгоор хандивын аян өрнүүлэхээр болжээ.
Финландын хөлбөмбөгийн холбоо тус улсад эмэгтэй хөлбөмбөгийн холбоо байгуулагдсан 50 жилийнхээ ойгоор олон арга хэмжээ зохион байгуулж буй юм. Үүний нэг нь дэлхийн олон оронд тоглож буй муслим шашинт эмэгтэй хөлбөмбөгчдийг дэмжих зорилгоор олон тооны хижаб хандивлахаар болжээ.
Энэ талаар Финландын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хөгжил хариуцсан захирал Хейди Пежала “Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хөлбөмбөгийг бүх хүнд эрх тэгш хүргэх зорилгодоо ойртох юм” гэж BBC-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Финланд улсад амьдрах олон үндэстний тоо эрс өсч байгаа тул ийм хөтөлбөр хэрэгжүүлж, спортоор дамжуулан тэднийг нэгтгэх нь чухал гэж Хейди үзэж байгаа аж.