Антонио Валенсиа хөлбөмбөгийн замналдаа цэг тавьлаа

Хөлбөмбөгийн төлөө 20 жил зүтгэсэн Экуадор залуу ногоон талбайдаа баяртай гэж хэллээ. Гайхалтай он жилүүдийнхээ талаар тэрбээр “Би 14 настайдаа анхны багтаа тоглохоор гэр бүл, тосгоноо орхиод эх орныхоо нийслэл рүү аялалд гарч байлаа. Хэдэн жилийн дараа Испани руу явахаар болсон ба ийм зүйл болно гэж би хэзээ ч мөрөөдөж байгаагүй. Тэнд хэдэн жил тоглосны дараа өөрийн хоёр дахь гэр болох Англид ирж байсан юм. Уиганд байхдаа би маш том туршлага суусан бөгөөд үүний эцэст бурхан надад “Манчестер Юнайтед”-д тоглох боломжийг олгосон. Олд Траффордод өнгөрөөсөн цаг хугацаа, гоол, цом, гайхалтай хөгжөөн дэмжигчдээ би хэзээ ч мартахгүй” гэжээ.

Өдгөө 35 настай тэрбээр 2009 онд Криштиану Роналду “Манчестер Юнайтед“-ийг орхиход түүний орыг нөхөхөөр гарын үсэг зурж байлаа. Энэ үеэр Сэр Алекс Фергюсон “Антонио бол сүүлийн хоёр жилийг Уиган-тай хамт Премьер лигт өнгөрөөсөн бидний биширдэг тоглогч. Түүний хурд, ур чадвар нь багт чухал хувь нэмэр оруулна гэдэгт би итгэлтэй байна” гэж байв. Антонио ч түүний итгэлийг алдалгүй тухайн улиралд долоон гоол, 13 дамжуулалтыг гүйцэтгэж байжээ. Тус улиралд 26 гоолыг оруулсан Уэйн Руни “Би түүнгүйгээр энэ гоолуудыг хийж чадахгүй байсан. Тэр гайхалтай байлаа” хэмээн түүнийг магтаад амжжээ. 

Ямартай ч дэлхийн шилдэгийн орлон тоглогчийн дүрээр ирсэн тэрбээр гайхалтай он жилүүдийг мөрөөдлийн театрт өнгөрүүлэхдээ тус клубын оны шилдэг тоглогчоор ч шалгараад амжсан түүхтэй. Түүний хөлбөмбөг энэ хүрээд өндөрлөлөө.

Баярлалаа, баяртай Антонио Валенсиа.

    Start a Conversation

    Your email address will not be published. Required fields are marked *