Жон Терри: “Челси”-г удирдах нь миний эцсийн зорилго, “Тоттенхэм” бол хэзээ ч үгүй

Лондонгийн цэнхэрүүдийн экс ахлагч Жон Терри дасгалжуулагчийн карьерынхаа эцсийн зорилгыг “Челси”-г удирдах явдал гээд “Тоттенхэм”-ийн ажлыг хэзээ ч авахгүй гэдгээ мэдэгдлээ.

Одоогоор Терри “Астон Вилла”-гийн ахлах Дин Смитийн туслахаар ажиллаж байгаа бөгөөд тус багийн хамгаалалтын ноён нуруу болоод буй Тайрон Мингс, Эрзи Конса нарын хөгжилд үнэтэй үүрэг гүйцэтгэсэн юм. Иймээс түүнийг баг ахлах чадвартай хэмээн хоёр ч клуб санал тавьсан ч татгалзсан хариу авсан байна. Энэ талаар тэрбээр “Таймс” сонинд ярилцлага өгчээ. 

Уг ярилцлагадаа “Миний хүсэл зорилго маш тодорхой байгаа. Энэ бол “Челси”-г удирдах явдал. Би Лампард, Жеррард хоёрын  амжилтыг хардаг. Фрэнкигийн “Челси”-тэй өнгөрүүлсэн эхний улирал, Стивигийн “Рейнжерс” дээр хийсэн зүйл нь үнэхээр итгэмээргүй. Магадгүй би тэр үед дасгалжуулагчийн ажилд ороход бэлэн биш байсан байх. Харин одоо бэлэн болсон. Гэхдээ зүгээр нэг ажилд очмооргүй байна. Хоёр ч клубын саналаас татгалзаад амжсан шүү. Вилла Паркыг орхиход надад онцгой зүйл хэрэг болох байх. Гэрээ дуусахад нэг жил үлдсэн учир яарах зүйлгүй шийдвэрээ гаргана. Би хамгийн шилдэг нь болохыг хүсдэг иймээс хэзээ нэгэн цагт тэр өндөрлөгт хүрэх болно” гэжээ. 

Лондонгийн өөр нэг клуб “Тоттенхэм” энэ зун шинэ дасгалжуулагчийн эрэлд гараад байгаа бөгөөд Жозе Моуриног халагдсаны дараа Райан Мэйсон улирал дуустал клубыг удирдахаар болсон билээ. Тэгвэл Моуриньюгийн адил хойд Лондонд газардах талаар тэрбээр “Хэзээ ч үгүй. Миний очихгүй цорын ганц баг бол Спөрс. Учир нь “Вест Хэм” надад санал тавихгүй гэдэгт итгэлтэй байна” хэмээн шуудхан хэлээд амжжээ.

Ямартай ч ногоон талбайд тоглож явсан залуу тун удахгүй талбайн гаднаас өөрийн хөлбөмбөгийг толилуулах бололтой. Түүний дараагийн зогсоол хаана байх вэ?

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *