Барсагийн Ерөнхийлөгч Жоан Лапорта ирэх улиралд Пеп Гуардиолаг авчрах хүсэлтэй байна. Куманыг орлох хамгийн шилдэг хувилбар бол Пеп хэмээн Лапорта үзэж байгаа юм.
Тэрээр Барсад шинэ үе, мөчлөг эхэлж байна хэмээн зарласан билээ. Энэ нь эрс шинэчлэл хийнэ гэсэн үг. Энэ шинэчлэлийг манлайлах хамгийн зохистой хүн нь Барсагийн унаган бүтээгдэхүүн Пеп хэмээн үзэж, түүнийг авчрахыг урьтал болгоно гэжээ.
Шинэ дасгалжуулагч хайж байгаа гэдгээ Куманд аль хэдийнэ дуулгасан хэмээн Испанийн хөлбөмбөгийн хэвлэлүүд мэдээлж байна. Манчестер Сититэй гэрээтэй байгаа Пеп Аваргуудын лигт түрүүлчихвэл Англиас явна хэмээн тоймчид итгэлтэй байгаа аж. Европт аваргалж чадахгүй ч Ситигээс явна гэж үзэх хүмүүс их байгаа. Харин Пеп Барсад буцаж ирэх үү гэдэг том асуулт үлдэж байна. Кун Агуэро Барсад ирж байгаа бол Пеп Барсад ирэхгүй. Агуэрог үеэ өнгөрөөсөн гэж үзэн явуулсан Пеп түүнтэй дахин хамтран ажиллана гэж байхгүй.
Каталан дасгалжуулагч Сититэй 2023 он хүртэл гэрээтэй. Гэвч тэр Ситигийн дараа хаана очихыг хэн ч таашгүй. Барсагаас явсны дараа нэг жил амарчихаад Байерн Мюнхенд ирнэ гэдгийг хэн ч таамаглаагүй. Гэтэл тэрээр нэг жил амарч байхдаа герман хэлийг гэрээр тууштай үзэж Байернтэй гэрээ үзэглэхдээ шууд германаар чөлөөтэй ярьж байсан гэдэг.