KOO.MN уншигчдадаа зориулж 2021 оны 6 сарын 11-ээс 7 сарын 11-ний хооронд болох XVI дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх шигшээ багуудыг цувралаар танилцуулж байгаа билээ.
Энэ удаад бид Европын гурван удаагийн аварга, хүчирхэг Германы шигшээ багийг танилцуулж байна.
Ерөнхий мэдээлэл
ЕАШТ-д оролцсон тоо: 12
Амжилт: 1972, 1980, 1996 оны ЕАШТ-ний аварга
Еврод: 49 тоглолт, 26 хожил, 12 тэнцээ, 11 хожигдол
Нийт: 72 гоол оруулж, 48 гоол хаалгандаа алдсан
Германы шигшээ багийн бүрэлдэхүүн
Хаалгач: Бэрнд Лено (Арсэнал), Мануэл Нойер (Байерн Мюнхен), Кевин Трапп (Айнтрахт Франкфурт)
Хамгаалагч: Маттис Гинтер (Боруссиа Мюнхенгладбах), Робин Госенс (Аталанта), Кристиан Гунтер (Фрайбург), Марсел Халстэнбэрг (РБ Лайпциг), Мэц Хюммелс (Боруссиа Дортмунд), Лукас Клостерманн (РБ Лайпциг), Робин Кох (Лийдс Юнайтед), Антонио Рудигер (Челси), Никлас Суле (Байерн Мюнхен)
Хагас хамгаалагч: Эмрэ Жан (Боруссиа Дортмунд), Сөрж Гнабри (Байерн Мюнхен), Леон Горецка (Байерн Мюнхен), Илкай Гундоган (Ман сити), Кай Хаверц (Челси), Йонас Хофманн (Боруссиа Мюнхенгладбах), Жошуа Киммих (Байерн Мюнхен), Тони Кроос (Реал Мадрид)
Довтлогч: Томас Мюллер (Байерн Мюнхен), Жамал Мусиала (Байерн Мюнхен), Флорэн Нойхаус (Боруссиа Мюнхенгладбах), Леро Санэ (Байерн Мюнхен), Кевин Волланд (Монако), Тимо Вернер (Челси)
Дасгалжуулагч: Йохим Лёв
Хэсгийн тоглолтын хуваарь
Франц – ГЕРМАН
6 сарын 16-нд, Мюнхен хот
Португал – ГЕРМАН
6 сарын 20-нд, Мюнхен хот
ГЕРМАН – Унгар
6 сарын 24-нд, Мюнхен хот
Онцлох тоглогч – Кай Хаверц
Европын 24 орны шилдэг хөлбөмбөгчид хуран цугларах энэ удаагийн тэмцээнд Германы шигшээ багаас тод гялалзах өндөр магадлалтай тоглогч нь яах аргагүй Кай Хаверц!
Хэдхэн хоногийн өмнө “Челси” клубынхээ хамтаар Аваргуудын лигт түрүүлэхэд Кай Хаверц хожлын цор ганц гоолыг оруулсан юм. Евро эхлэх өдөр Хаверц 22 нас хүрэх бөгөөд шигшээ багийнхаа хамтаар анхны том тэмцээндээ амжилттай оролцохыг юу юунаас илүү хүсч буй биз ээ. “Челси”-д хамтран зүтгэдэг Тимо Вернерийн хамтаар “Германы машинууд”-ын довтолгоог хариуцах болно.
Багийн талаар
Энэ удаагийн ЕАШТ нь дасгалжуулагч Йохим Лёвийн сүүлийн тэмцээн байх болно гэдгийг хэдийнэ зарласан. Германы шигшээ багийн жолоог 15 жил атгасан Лёв эрхэм 2008 онд анхны том тэмцээндээ оролцоод Еврод аман хүзүүдэж байлаа. Германчууд хамгийн сүүлд 1996 оны Еврод түрүүлснээс хойш тивдээ аваргалж чадаагүй яваа бөгөөд дасгалжуулагч Лёв сүүлчийн дайралтаа хийхээр бэлтгэн суугаа нь ойлгомжтой.
Тэд үнэхээр хүнд хэсэгт орсон. Энэ удаагийн Еврод түрүүлэх хамгийн өндөр магадлалтай хоёр багтай хэсэгтээ хүч үзнэ. Гэхдээ германчуудыг басна гэдэг том тэнэглэл билээ. Тэд үргэлж л том тэмцээнд түрүүлэх чансаатай баг хэвээр ирсэн юм.
Германы шигшээ баг маш шинэчлэгдсэн ч залуустаа туршлага болгож багийн ахлагч Мануэл Нойер болон 2014 оны дэлхийн аварга Томас Мюллер, Мэц Хюммелс нарыг багтаа дуудсан билээ.
Таамагласан гарааны XI
Б.Бадруул