Киргизчүүд өрсөлдөгчөө илт давуу хожлоо

“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий Азийн тивийн урьдчилсан шатанд манай улсын шигшээтэй нэг хэсэгт багтсан Мьянмар, Киргизийн багийн тоглолт боллоо.

Өмнөх тоглолтод Монголын шигшээд 0:1-ээр хожигдсон киргизчүүд Мьянмарыг 8:1-ээр илүүрхэж, монголчуудад тус хүргэлээ.

Цар тахлын улмаас үндсэн бүрэлдэхүүнээрээ тоглох боломжгүй болсон киргизчүүд энэ удаад хаалгачаар хагас хамгаалагч Эрнист Батыркановыг талбайд гаргасан юм.

Улмаар гоолын салхийг эхний хагасын 22 дахь минутад Мирлан Мурзаевын дамжуулалтаар Турсунали Рустамов хагалсан юм. Энэ гоолоос ердөө хоёр минутын дараа Мьянмарын тоглогч бүдүүлэг алдаа гаргаснаар шүүгч улаан хуудас гаргаж, баг нь хүн дутуу үлджээ.

Өмнөх тоглолтод хожигдсон, энэ удаад хожихгүй бол хэцүү байдалд орох байсан киргизчүүд амандаа орсон шар тосыг алдахыг хүссэнгүй. Эхний хагас өндөрлөхөөс өмнө дөрвөн гоол нэмж оруулсан юм. Улмаар үндсэн цаг дуусахад 8:1-ээр киргизчүүд ялж, хэсэгтээ Японы ард бичигдэх боллоо.

“F” хэсгийн хүснэгт

Энэ тоглолтод Киргиз хожсон нь манай шигшээд сайнаар нөлөөлөв. Мьянмартай оноо тэнцэж, гоолын зөрүүгээр манай хөлбөмбөгчид дээр нь гарлаа. Манай шигшээгийн хувьд хэсгийн бүх тоглолтоо хийчихсэн бол бусад багууд нэг тоглолт дутуу явна. Киргиз хоёрдугаар байраа хадгалж үлдэх хэцүү даалгавартай Японы эсрэг тулах бол Тажикстан Мьянмарыг хожиход хангалттай.

Ази тивийн урьдчилсан шатанд хэсгээ тэргүүлсэн багууд ДАШТ-ий Азийн хэсгийн урьдчилсанд гуравдугаар шатанд болон ирэх онд болох Азийн АШТ-д шууд оролцох эрхтэй болох юм. Түүнчлэн хэсэгтээ хоёрдугаарт орсон ч хамгийн өндөр оноо авсан дөрвөн баг дээрх эрхийг эдлэх бол бусад нь Азийн АШТ-ий урьдчилсан шатны гуравдугаар шатанд өрсөлдөх эрх авна. Харин хэсэгтээ дөрөв болон тавдугаар байр эзэлсэн багуудаас хамгийн өндөр оноо авсан багууд Азийн урьдчилсан шатны гуравдугаар тойрогт шууд орох юм.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *