Шүүгч Майкл Оливерийн эхнэрийг сүрдүүлжээ

Аваргуудын лигийн шөвгийн наймд “Реал Мадрид”, “Ювентус” клубийн тоглолтыг шүүсэн англи шүүгч Майкл Оливер хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд ороод буй. Тэрбээр 92 дахь минутад торгуулийн цохилт зааж, энэ шийдвэрийг эсэргүүцэж бухимдлаа илэрхийлсэн хаалгач Жианлужи Буффонд улаан хуудас “харуулсан” билээ.

Зоримог шийдвэрийнхээ төлөө Ж.Буффонд болон Италийн хэвлэлээр шүүмжлүүлсэн Майкл Оливерийн гэр бүлийнхэн нь ч хүмүүсийн хараалд өртсөн гэнэ. Түүний эхнэр Люси Оливер мөн мэргэжлийн шүүгч хүн. Эмэгтэйчүүдийн супер лигийн болон эрчүүдийн лигийн бус зарим тоглолтыг дэнсэлдэг Люси Оливерийн гар утас руу түүнийг заналхийлсэн захидал ирэх болж, арга буюу орон нутгийн цагдаад хандсан байна.

Цагдаагийнхан одоо энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд Майкл болон Люсигийн гэрийн ойролцоо өнгөрсөн хүн бүрээс байцаалт авч байгаа гэнэ.

Тэр ч бүү хэл “Ювентус”-ын фанатууд Люси Оливерийг “Реал Мадрид”-ын хөгжөөн дэмжигч гэж хардсан сурагтай. Түүний цахим сүлжээнээс Сантьяаго Бернабеуд авхуулсан зургийг нь илрүүлсэн юм. Уурлаж, бухимдсан Италийн хөгжөөн дэмжигчид Оливерийн гэр бүлийг Италид ирвэл “ална” гэж сүрдүүлсэн аж.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *