Английн хөлбөмбөгийн холбоо алдарт “Уэмбли” цэнгэлдэхийг зарна

Английн хөлбөмбөгийн холбооноос алдарт “Уэмбли” цэнгэлдэхийг 600 сая фунт буюу 835 сая “ногоон”-оор үнэллээ. Тус цэнгэлдэхийг “Фүлхэм” багийн эзэн, тэрбумтан Шахид Хан худалдаж авахаар санаархаж буй. Тэгвэл Английн хөлбөмбөгийн холбоо нэр хүндтэй цэнгэлдэхээ зарахад татгалзах зүйлгүй гэсэн хариу өгсөн нь тус улсын ерөнхий сайд Тереса Мэйг багагүй бухимдуулжээ. Т.Мэй Английн хөлбөмбөгийн холбоонд хандаж, анхааруулга өгсөн юм. Хатагтай Т.Мэйгийн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэхдээ “Эцсийн шийдвэрийг Английн хөлбөмбөгийн холбоо гаргана. Гэхдээ “Уэмбли” бол Английн хөлбөмбөгт онцгой хувь нэмрээ оруулсан түүхэн цэнгэлдэх. Хөгжөөн дэмжигчдийн зүрх сэтгэлд тод үлдсэн гэр нь юм. Тиймээс шийдвэрээ гаргахдаа энэ талаар бодолцох хэрэгтэй” гэж ярьжээ.

Тэрбумтан Шахид Ханд зарж магадгүй гэх мэдээ Английн хөлбөмбөгийн фанатуудад багагүй бухимдал төрүүлсэн. Хэдийгээр “Фүлхэм” багийн эзэн гэдэг ч Ш.Хан америк хөлбөмбөгийн “Жексонвилл Ягуарс” багийг мөн эзэмшдэг. Хэрвээ шинэ эзэнтэй болвол цэнгэлдэхийн нэрийг ч бас “Budweiser” юм уу, “Taco Bell” гэж солих магадлал өндөр гэх цуурхал тарж эхэлсэн байна.

Түүнчлэн америк хөлбөмбөгийн тоглолт зохион байгуулдаг цэнгэлдэх болвол Английн шигшээ баг гэртээ хийх тоглолтоо өөр цэнгэлдэхэд хийх шаардлагатай болно.

Ш.Хан 7.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй нэгэн. Харин “Уэмбли” цэнгэлдэхэд 2010 онд америк хөлбөмбөгийн тоглолт зохион байгуулсан туршлагатай. Америкчууд өөрсдийнхөө хөлбөмбөгийг хөгжүүлэх үүднээс буурал тивд аялан тоглолт зохион байгуулж, тэр ч бүү хэл улирлын тоглолт хүртэл хийгээд амжсан билээ.

Англичууд бухимдаж байгаа бол америкчууд энэ мэдээг таатай хүлээн авчээ. NFL-ийн дэд ерөнхийлөгч Марк Уоллер “Бид баяртай байгаа. “Уэмбли”-г Ш.Хан худалдаж авбал Их Британи дахь манай хөгжөөн дэмжигчдэд таатай мэдээ болно. Энэ нь америк хөлбөмбөгийг хөгжүүлэхэд тустай” гэж ярьсан юм.

Америкчууд Англид хэдийнэ цэнгэлдэхтэй болоод амжсан. “Тоттенхэм” клубийн шинэ баригдаж буй цэнгэлдэхтэй 10 жилийн гэрээ байгуулсан билээ.

Start a Conversation

Your email address will not be published. Required fields are marked *