Германы “Бавари Мюнхен” клуб 17 настай канад хөлбөмбөгчин Алфонсо Дэвиэсийг 12 сая “ногоон”-оор худалдаж авахад ойрхон ирлээ. Одоо “Ванкувер Уайткапс” багт зүтгэдэг Алфонсо энэ үнээр Германы аваргуудтай нэгдвэл Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн дээд лиг болох MLS-ийн хамгийн үнэтэй зарагдсан тоглогч болно.
“The Athletic” сонины сурвалжлагч Кристиан Дайерийн мэдээлснээр 17 настай хүүг Английн олон багууд сонирхож байгаа ч Их Британид ажиллах эрх авах зэрэг бичиг баримтын асуудалтай тулгарах учир Германы багийг сонгосон гэж үзэж байна.
А.Дэвиес 2016 оноос MLS-т данстай болсон юм.
Алфонсо 2018 оны улиралд хэдийнэ 20 тоглолтод оролцож, гурван гоол, зургаан гоолын дамжуулалт гүйцэтгээд буй. Тэрчлэн Канадын шигшээ багт зургаан тоглолт хийж, гурван гоол оруулжээ.
Тэрбээр энэ улиралд нийт 90 хууралт амжилттай гүйцэтгэснээр MLS-ийг тэргүүлж байгаа юм.